Categories
мэдээ улс-төр

Өвөрмонголын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дэд даргын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2014.07.06/ манай улсад хүрэлцэн ирлээ.

Ноён Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар болон  албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцов.

Айлчлалын хугацаанд зочид  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *