Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОРТ-ийн “Жди меня” нэвтрүүлэг 29 жилийн дараа монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ

Ээжтэйгээ 29 жил уулзаагүй хүү, охин хоёр  Оросын “ОРТ” телевизийн тусламжтайгаар уулзаж  буй  “Жди
меня” нэвтрүүлэг  “Youtube”-д тавигдсаныг
олон хүн нулимстай үзсэн билээ. Ээжийгээ олж уулзсан Н.Сансартай уулзаж төөрөлдсөн
хувь  тавиланг, ээжтэйгээ уулзсан баярт мөчийнх
нь талаар ярилцлаа.
 

 -Анх аав, ээж хоёр чинь  Украйнд
танилцсан гэсэн.  Аав тань Львовт цэргийн
сургуульд сурч  байсан юм уу?

-Украйны Львов хотод  хуучин социалист нийгмийн үед Монголоос цэргийн
дарга нар бэлтгэгддэг байсан. 1969 онд цэргийн албанд яваад 1972 онд халагдаж ирээд
тэгээд шууд таван жил Львовт улс төрийн сургуульд явж байсан. Манай аав одоо тэтгэвэртээ
гарсан хүн байдаг юм. Львовт сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ээж минь украйн
хүн.    Монголд 18 жил байхдаа  ээж Украйн руу бас явдаг байсан юм.  Ээж, аав хоёр хамт ч явдаг байсан. 1986 онд намайг
нэгдүгээр ангид ордог жил ээжийн аав нь нас барж, манай гэрийн амьдрал ч болж бүтэхгүй
байсан юм шиг байна лээ. Тэгээд л Украйн руу явсан.

-Тэгээд буцаж ирээгүй юм уу?

-Угаасаа “Би ингээд
явлаа. Буцаж ирэхгүй”   гээд бүр явсан.

-Яагаад буцаж ирэхгүй гэсэн юм бол. Ирэхгүй байх учир шалтгаан байж
дээ?

-Ээж, аав хоёр муудсан  байх аа. Манай аав цэргийн байгууллагаасаа
1983,1984 онд гарсан. Хувьсгалын музейн орлогч дарга хийж байгаад дараа нь Богд
хааны музейн орлогч дарга болсон. Тэгж байхдаа нэг асуудалд орооцолдсон шиг байгаа
юм. Баахан цэргийн дарга нар бөөндөө хөзөр тоглож, архи уугаад л баригдсан юм шиг
билээ. Улсын мөнгө төгрөг рүү орсон ч гэдэг билүү. Нилээн олон хүн шүүхээр ороод
гурван жилийн ял  авцгаасан. Манай аав ч адил.
Гурван жил суух байснаас  жил гаруй болоод
гарч ирсэн. Гарч ирээд  ажил байхгүй, архи
их уудаг байлаа.  Тэр үед ээжийн аав нь нас
барсан. Нөхөр нь архи уугаад байхаар эмэгтэй хүн тэсээгүй, Украйн руу бүр явсан
болов уу. Уг нь манайх Улаан хуаранд хамгийн анх баригдсан таван давхар байшинд
байсан. Улсаас хоёр өрөө байр өгсөн юм. Аав тэр үед Батлан хамгаалахын их сургуульд
улс төрийн орлогч, багшаар ажиллаж байв. Хамгийн анхны л цэргийн дарга нар манай
байранд байдаг. Тэр үед цэргийн дарга нар орос эхнэртэй байх моод байсан. Цэдэнбал
даргын үеийн моод шүү дээ. Хойно сургуульд сурч төгсөөд ирэхдээ гадаад эхнэртэй
л ирдэг байж.

-Та аав, ээжээсээ гурвуулаа байхаа…?

-Тиймээ, хоёр том
нь  хотод 
аав, ээжтэйгээ амьдардаг. Бага дүү 
эмээ, өвөөтэйгөө хөдөө  амьдардаг байсан.
Бид цөөн насны зөрөөтэй болохоор   ээж ажил
хийх шаардлагатай болоод аавын аав, ээж дээр бага дүүг төрөнгүүт нь хөдөө явуулсан.
Манай ээж Ира  Батлан хамгаалах яамны лабораторид
олон жил ажилласан.   Тухайн үед олон жаахан
хүүхэдтэй болоод ч тэр үү “Бид  энэ хоёр хүүхдээ
өсгөе, та бага  хүүхдийг өсгөөд өг” гээд  эмээ, өвөөд өгч, манай бага дүү эмээ өвөөгийн  хүүхэд болсон шүү дээ.

-Тэр дүү чинь одоо хөдөө л байдаг 
уу?

-Тиймээ.  Сүүлд ээжтэй уулзсанаас хойш  “Дүүгээ битгий хол байлгаач ээ, өөрийнхөө хажууд
байлга”  гэсэн. Тэгээд хөдөөгийн байрыг нь
зараад Гачууртад хашаа байшин авч өгсөн юм. Хотод хоёр жил гаруй амьдарсан. Энд
амьдарч үнэхээр чадахгүй нь гээд хөдөө рүүгээ явсан.

-Дүү нь нөхөр, хүүхэдтэй болсон уу?

-Нөхөр хүүхэдтэй.
Нөхөр нь төмөр замд ажилладаг. Хөдөөнөө л сайхан байна гэсэн. Тэндээ өөрөө үсчин
хийгээд, саяхан ямар юмны ч билээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон гэж ярьсан.

-Та хоёр ээжийгээ санадаг байсан уу. Та хоёр тусдаа байж байгаад хэзээ
уулзсан юм бэ?

-Ээжийг явснаас хойш
аав бид хоёулаа үлдсэн. Нэгдүгээр анги төгсөөд зун нь хөдөө өвөөгийнх рүүгээ явсан.
Галт тэргэнд  суугаад  л  Дорноговь
явчихна. Зуны амралт дуусахад гэртээ хүрээд ирнэ. Ингээд  дүүтэйгээ холбоотой байдаг байлаа. Би бас Дорноговьд
нэг жил эмээ өвөөгийндөө сурсан. Дараа нь Дорноговийн-Сайншандад шилжээд нэг жил
айлд байсан. Аав архи уугаад, байраа зараад тэгээд орох оронгүй. Тухайн үеийн хүмүүсийн
амьдрал канондсон юм шиг яг адилхан. Тухайн үеийн цэргийн дарга нар яг нэг замаар
ижилхэн явсан шүү дээ . Бүгд ажилгүй, эхнэрээсээ салаад, байраа зараад, архинд орцгоосон.

-Та хэд ээжтэйгээ уулзаагүй хэр удсан бэ?

-Манай дүү бол нэг
ч удаа уулзаагүй, хараагүй.  Зураг хараад
л ээж гэж мэддэг  байсан. Би ч бас гайгүй
1986 оноос хойш хараагүй байлаа. Бас бус юмаа санана. Дүү маань ээжтэй 29 жил уулзаагүй
гэсэн үг л дээ. 1981 онд төрөөд л эмээ, өвөө дээр байсан болохоор ээжтэй уулзаагүй.
Би 24 жил уулзаагүй байж байгаад л 2010 онд уулзсан юм шүү дээ.

-Тэгээд ээжтэйгээ уулзъя гэж хэзээ шийдсэн  юм бэ. Тэр хооронд холбоотой байсан уу?

– Ерөөсөө холбоо
байхгүй. Намайг багад нэг л өдөр ээж  “Өвөө
нь өнгөрчихлөө, Украйн  явахгүй бол болохгүй.
Чи Монголд аавтайгаа үлдэх үү, ээжтэйгээ явах уу” гэж асууж байсан нь тод санагддаг.
“Монголд аавтайгаа үлдэнэ” гэж би хэлсэн. Нэгдүгээр  ангийн жаахан хүүхдийн сонголт байсан шүү дээ.
Миний дараагийн дүү Сарнайгаас бас яг ингэж асуусан. Сарнай “Аавтай үлдэхгүй, ээжтэйгээ
явна”  гэсэн.  Тэгээд л би аавтайгаа үлдэж, Сарнай ээжийг дагаж
яваад, бага дүү Солонго маань эмээ, өвөө дээрээ хөдөө үлдсэн хэрэг. 1986 онд Монголд
амьдарч байсан орос, украйн хүмүүс   их буцсан
шүү дээ. Цэргийн дарга нарын орос эхнэрүүд нөхрөөсөө салаад, зарим нь нөхөр хүүхдээ
дагуулаад явцгаасан юм. Ээж минь надаас  тэгж
асуугаад л маргааш нь билет бүх юм нь бэлэн болчихсон  байсан.

-Цаанаас нь ер нь хүнээ татаж авсан юм уу?

-Тийм л юм шиг билээ.
Буцаж очъё гэсэн хүмүүстээ тусалсан байх.

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүд хэцүү л байсан байх…

-Тийм ээ. Амьдрах
гэж өчнөөн л юм болж байгаа юм чинь. Энд ч 
нэг ажил хийгээд, тэнд ч нэг ажил, давхар ажил хийгээд л яваад байлаа.

-Та дээд сургуульд сурсан уу?

– ШУТИС-д сурсан,
төгсөж чадаагүй. Сая Япон сургуульд гурав дахь жилдээ сурч байхад хөрөнгө оруулалтаа
татаад зогссон. Олон л сургуулиар явлаа. Төгсөхийн даваан дээр болж өгөхгүй юм аа.
Энэ жил Боловсролын яамнаас гурван жил сурсан бичгээ аваад ирвэл нэг жилийн төлбөрөө
төлөөд дипломоо ав гэж байна лээ. Гэхдээ тэгмээргүй байна.  Өөрөө суралцаж төгсөөд хонхны баяр хийж үзмээр
байна шүү дээ.

-Ямар, ямар ажил хийж байсан юм бэ?

-1995 онд арван жилээ
төгссөн. 1995 он чинь дампуурлын үе шүү дээ. Наймаа хийдэг хүн болж Эрээн рүү явна.  Тамхи авчирч хот руу зарна. Хотоос хүнсний бараа
авч   Эрээн явах замдаа галт тэргэнд зарна.
1997 онд “Хос ирвэс” клубт тамирчнаар орсон. Дөрвөн сар хэртэй бэлтгэл хийгээд
“Топ тэн” клубт хамгаалагчаар орсон. Гурван жил ажиллаад бас дампуурсан. “Tse” гээд
пабын сүлжээ хамгийн анх Од кино театрын урд ганцхан салбартай байсан. Тэнд  хамгаалагчаар ороод нэг жил гаруй ажилласан. Дараа
нь Дэнжийн мянга– Нарантуулын хооронд микро барьсан. Хамгаалагчийн ажил олон жил
хийсэн болохоор туршлагатай. Монгол шилтгээнд 12  жил ажиллаж байна. 2005 онд харуул хамгаалалтын
компани нээсэн. Хэд хэдэн ажил давхар хийнэ шүү дээ. Хамгаалагч хийж явсан хүн хамгаалагчаараа
л явахгүй бол өөр ажил байхгүй шүү дээ. 

– Эндээ ямар алба хашдаг юм?

-Монгол шилтгээнийхээ
Хамгаалалтын албаа хариуцдаг.  Эндээсээ бол
хангалттай цалин авна. Бас Английн элчингийн хамгаалалтыг хариуцдаг. Бас хоёр, гурван
барилгын компанид зөвлөх хийдэг. Цаг бол асар бага дөрөв, таван цагийн нойр аваад
маш нарийн хуваарийн дагуу ажиллана. Залуу байгаа дээр жаахан ажиллахгүй  бол болохгүй. 
Ингэж чармайж ажиллахгүй  юм бол хамаатан
садан гэх хүн цөөн, найз нөхдөөс өөр хүнгүй хүн чинь хэцүү.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Гурван хүүхэдтэй.
Хоёр охин, нэг хүүтэй. Амьдрахын төлөө яваад л байна.

-Аав тань одоо тусдаа  байдаг
уу?

-Тиймээ, тусдаа.

-Харилцаа гайгүй биз дээ?

– Гайгүй ээ. Долоо
хоногтоо нэг, хоёр удаа ойр зуурынх нь хэрэгтэй зүйл, хоол ундыг нь  аваад очдог. 
Аавыг минь Нэргүй гэдэг. Нэг хүнтэй хожуу суусан, одоо сайхан амьдарч байгаа.

-Ээжийгээ их санадаг байсан уу?

-Яаж байгаа бол,
ямар болсон бол, хүнтэй суусан болов уу гээд 
том болох тусмаа их юм боддог болсон. 
Амьдрал гайгүй  болоод ирэхээр энэ
нь яаж байгаа бол, тэр минь яаж байгаа бол гээд санаа тавьж эхэлдэг юм байна. Ээж
минь яаж байгаа бол, ядарч байвал очоод тусалчих юмсан гээд  боддог байлаа.

-Ээжтэйгээ яаж холбоо барьсан талаар сонирхмоор байна л даа….

-Украйнаас Оросын
жуулчид ирсэн. “ТрансСибирь” гээд жилд хоёр удаа Сибириэр,  Монголоор дайрч Бээжин ордог, өөрсдийн вагоноор  буцаад Европ руугаа явдаг Европын баячуудын аялал
байдаг. Тэр аяллын групп одоо миний  ажиллаж
байгаа Монгол шилтгээнд байнга буудаг юм. Өнгөрсөн жил буугаагүй. Манай төмөр зам
гадны вагоныг өртөөн дээрээ зогсоохгүй гэснээс болоод  шууд явчихсан юм. Тэр группын орчуулагчийн аав,
ээж хоёр гээд хоёр хүн буусан.  Би бараг сарын
өмнө захиралтайгаа ээжийнхээ тухай ярьж, боломж олдвол нэг яваад ирдэг юм бил үү,
очоод нэг сураглаад болох байлгүй гэж ярьсан чинь “Тэгэхгүй юу даа,  нэг яваад ирэхгүй юу” гээд ярьж байсан юм. Тэгээд
захирал тэр хүмүүстэй ярилцахад Украйнаас аялж яваа хүмүүс гэдгээ хэлж. Гэтэл манай
захирал миний талаар ярьж, “Украйнд ээж нь байдаг. Та хоёр холбоо барьж өгөөч” гэж
хэлсэн юм билээ.

-Хаяг нь өөрт чинь байсан юм уу?

-Явахдаа үлдээсэн
хаяг нь л байсан юм. Тэгээд нөгөө хүмүүстэй би уулзаж, ээжийн үлдээсэн хаягийг өгч
асууж өгөөч гэхэд нөгөө хоёр хүн “Нутаг буцаад холбоод өгье, холбогдох газарт мэдэгдэж,  хайж олж өгье”  гээд надаас 
ойр зуурын мэдээлэл аваад явсан.  
Би бас оросоор сайн ярьж чадахгүй. Хүн ярихыг ойлгоод байдаг, ярих гэхээр
таг. За тэгээд ямар ч байсан ойлголцоод нөгөө хоёр хүн ч яваад өгсөн, би нэг их
ач холбогдол өгөөгүй юм. Бие муутай настай хүмүүс юм чинь надад тусалж чадах болов
уу даа гэж эргэлзээд  өнгөрсөн. Гэтэл дараагийн
аяллаар нөгөө орчуулагч хүү нь хүрээд ирсэн. Ирэхдээ “Манай аав, ээж хоёр чамд юм
явуулсан” гэсэн чинь надад бэлэг  явуулж.
“Бид хөөцөлдөж байгаа шүү. Бид өөрсдөө явж чадахгүй болохоор хайдаг газар луу мэдэгдсэн.
Ямар ч байсан олдох байхаа, хаяг нь байгаа юм чинь” гэж хэлүүлсэн байв.  11 дүгээр сар эхлээд Украйнаас над руу нөгөө газраас
нь утсаар ярьсан.  “Таны өгсөн хаягаар хайгаад
олдохгүй байна. Украйнд амьдардаггүй юм байна. Хамгийн найдвартай газар Орос байна.
Таны хүсэлтийг бид Орос руу явуулсан шүү. Оросоос  хүмүүс тан руу   хандаж холбоо барина. Тэгээд учир байдлаа ярихаар
нь хэлээрэй” гэсэн. Тэгээд байж байтал сарын дараа Москвагаас ярьсан. “Ээжийн тань  сургийг гаргах гэсэн чинь эрэл мухардах гээд байна. 

Нэмэлт мэдээлэл явуулах хэрэгтэй байна. Буриадын телевизээс сурвалжлагч нар явууллаа
шүү” гэлээ. Буриадын телевизээс долоохон хоногийн дараа баахан сурвалжлагч давхиад
ирдэг юм байна. Манай гэрт хүрч ирээд гэр орны зураг аваад л, “Ээжийгээ хайж байгаа
тухайгаа камер луу хараад хэлээрэй” гээд л баахан зураг аваад хоёр өдөр болоод буцаад
явчихлаа. Арван хэд хоногийн дараа Улаан-Үдээс дахиад нэг телевиз яваад ирлээ.  ОРТ телевизээс дахиад сурвалжлага ав гэсэн юм
байна. Тэгээд тэд бас хоёр өдөр болсон. Энүүгээр яваад л, хотоор яваад л баахан
зураг авлаа. Би бас Монголд  ирсэн хүмүүсийг
яаж зүгээр байлгахав. Цонжин болдог,  дэлгүүр
хоршоо  дагуулж явсан юм.  Тэд өмнө нь Монголд ирж байгаагүй хүмүүс. Ямар
гоё юм гээд л.  Өндөр байшингуудыг харж гайхаад
л. Шангриллад манай хамгаалалт гардаг юм. Нөгөө айхтар үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр
оруултал тэрбум төгрөгийн үнэтэй цаг хараад нүд нь орой дээрээ  гарсан. Бараг л шокийн байдалд орсон.  Зах руу гарсан чинь мэдрэгчтэй  гэрэл хэдийг авч явсан. Манай гэрт тийм гэрэл
байдаг юм. Тэрийг харж сонирхоод тэрнээс авмаар байна гээд авч явсан. Зах дээр байдаг
гээд авч өгсөн. Тэднийг явсны дараа Улаанбаатар телевизээс сурвалжлах групп  ирсэн. Улаанбаатар телевиз  Улаан-Үдийн телевиз хоёр  хамтарч ажилладаг юм байна. Тэгээд тэд ярилцлага
авч 11 сард баахан бичлэг хийгээд  л усанд
хаясан чулуу шиг чив чимээгүй болчихсон. 

Гурав дөрвөн сар  нам гүм болчихлоо. Тэгж байтал дахиад Оросоос  ярилаа. “Сансараа, таны  явуулсан энэ материалууд ерөөсөө болж өгөхгүй
байна. Москвад ирээд манай нэвтрүүлэгт шууд ор. Ээжийгээ хүлээж байна гээд ярилцлага
өгөх хэрэгтэй байна. ОРТ дээр хүрч ир” гэсэн.  
“Би өөрөө очъё” гэлээ. Тэд “Та яах вэ, 
гол нь дүүгээ дагуулж ир гэлээ. Та 
бол ээжийгээ харсан хүн байна. Гучин жил болж байхад нэг ч удаа хараагүй
охин дүүгээ авчир гэлээ. Тэгээд манай дүү бид хоёрт  урилга явуулсан.

-Охин дүү чинь ээжийнхээ тухай ярьдаг байв уу?

– Тийм, эмээ дээрээ
өссөн болохоор эмээгээ “ээжээ”  гэдэг  байхгүй юу. Одоо хүртэл эмээтэйгээ байгаа.  Тэгээд Оросоос урилга ирсэн. ОРТ  ёстой мундаг юм билээ. Над руу утсаар яриад маргааш
нь миний урилга мэйлээр ирлээ. Над руу явуулсан урилгаа нэг хувийг Элчин сайдын
яам руугаа явуулчихсан байсан. “Урилгыг  чинь
явуулсан. Элчин рүү хоёр паспортоо аваад оч” гэдэг юм байна. Оронгуут Элчин сайд
нь өөрөө намайг угтаж аваад. “За юу болсон юм. Би сайн учрыг нь олохгүй л байна.
ОРТ-ээс утасдаад “Энэ хоёр хүүхдийн визийг гаргаж өг” гэсэн. Ямар учиртай, юу болоод
байгаа юм”  гэлээ. Би ч хамаг учраа хэллээ.
Тэгээд хэдхэн цагийн дотор виз гараад л хоёр хоногийн дараа онгоцны тийз явуулсан,  манай дүүгийн зардлыг Оросын “В” банк  гаргаж, 
миний зардлыг би өөрөө, манай компани гаргаад явсан.  ОРТ өөрөө зочид буудалтай юм билээ. Биднийг очиход
тэндээ байрлуулсан. Телевизийн байрнаасаа холгүйхэн шиг байдаг. Би дүүгээ хөдөөнөөс
дуудаад хувцас хунараа бэлдээд хүрээд ир гэсэн. Тэгээд дүү ирээд бид Москва ниссэн
дээ.   

-Тэр үед ээжийгээ олдсон гэх бодол төрөөгүй юу?

-Сэтгэлийн мухарт
олдохгүй нь гэж хэлэх юм болов уу, очтол байж байх болов уу гээд л элдэв юм бодогдоод.
Намайг явахад Монголын өчнөөн олон компани тусалсан шүү дээ. “Тэргүүн инвест”,
“Монгол шилтгээн”, “Хаан брой”,  “Говь” гээд
олон компани тусалсан. Манай найзууд хүртэл тусалсан. Би бас очихдоо яаж зүгээр
байхав. Телевизийн нэвтрүүлэгт үгээ хэлснийх нь дараа дүүгээ буцаагаад өөрөө үлдээд
сураг ажиг гаргана даа гэж бодож байлаа.

Жаахан бэлэг сэлт авсан. Гэхдээ л уулзалдахгүй бол яана гэж түмэн янзаар
бодож байлаа. 

-Ээжийгээ амьд мэнд гэдэгт нь итгэж байсан биз
дээ….

-Хүний зөн совин гэж байдаг шүү дээ. Амьд гэж итгэж байлаа. Юмыг яаж мэдэхэв
гээд хадаг аваад, амьдарч байсан газар нь уячихаад явдаг юм билүү гэж бодоод авч
явсан.  Мөнгөн аяга авч явдаг ч юм билүү гэж
бодож байлаа.

-Орост очоод юу болов?

-Онгоцноос шууд буугаад л ОРТ гэсэн хаягтай миний нэрийг барьчихсан хүмүүс
угтлаа.  Шууд машинд суулган буудалд буулгаад
“Маргааш тэдэн цагт явна шүү”  гээд л үлдээ­гээд
явсан. Дүү бид хоёр буудлаасаа гарч зайрмаг зардаг том цэгээс хамгийн томоос нэг
нэг зайрмаг  авч  идээд Москвагийн гудамжаар алхлаа, бүх хүн хараад
л байсан. Машинтай хүн хүртэл нүд нь том болоод л хараад байсан. Өвөл зайрмаг иддэггүй
юм уу, иддэггүй юм бол зайрмагны дэлгүүр яагаад ажиллаад байгаа юм, учрыг нь олоогүй
ээ. Тэгж бид хоёр Москвагаар жаахан аялж билээ. Хоёр дахь өдрөөс нь телевизийн бичлэгт
орно гээд хүмүүс ирж дагуулж явлаа. ОРТ чинь аймаар юм билээ. Шалгалт гэж жигтэйхэн.
Дотогшоо ортол нэвтрүүлэг нь яг эхэлж байсан. Бид хоёрыг хүлээлгийн танхимд суулгаад
хэсэг хугацаа боллоо.   Би бол бага сага оросоор
ойлгоод байдаг. Манай дүү “Юу  гэнээ, юу гэж
байгаа юм бол” гээд л надаас асууна. Би арван жилд орос хэл заалгаж байсан болохоор
хурдан сурахаар юм билээ. Тэгээд л тусгай өрөөнд сууж байтал нэвтрүүлэг бараг дуусах
гэж байна. “Та хоёр ээжийгээ хайж байгаа тухайгаа ярь” гэлээ. Би ч нөгөө хаягаа
барьчихсан, “За ороорой” гэх үед нь дүүгээ дагуулаад орлоо.  Нэвтрүүлгийн 
заал гэж пиг хүн. Гэтэл Оросын хамгийн хоёр алдартай хөтлөгчийг дуудаад ирүүлчихэж.
Эрэл нь бүтэлтэй болоод ч тэр үү мундаг хөтлөгч нар хөтөлж байсан. Хөтлөгч эмэгтэй
нь Оросын гавьяат жүжигчин, төрийн шагналт 
ч билүү  хүний охин гэнэ. Тэгээд л
надаас асууж байна. Надад чихэвч авчирч өгөөд шууд монголоор ярь гэлээ. Шууд орчуулаад
явчихаж байгаа юм. Ээжийг тань хайж байгааг гаргая гээд Монголд авсан нөгөө бичлэгүүдийг
том дэлгэцээр гаргаад хөтлөгч асуугаад би ч хариулаад л байлаа. 

-Яг тэр үед ээжтэйгээ уулзах нь гэж бодож байв
уу.

-Харин ч итгэл алдрах маягтай. Ер нь л 
нэг найраагүй талдаа болоод явчихлаа гээд бодож байтал эрэгтэй хөтлөгч нь
“Бид ээжийг тань хайсан. Украйнаас, Оросоос хайгаад олоогүй, Италиас  оллоо. Сургийг нь гаргалаа. Та одоо ээжийгээ хаана
байгаа гэж бодож байна” гэсэн чинь би “Украйн гэж бодож байна” гэж хариултал  “Энэ зааланд ирсэн байна, Ира, Сарнай хоёр гараад
ир дээ” гэдэг юм байна. Гэтэл ээж дүү хоёр маань нөгөө том дэлгэцийн цаанаас гараад
ирсэн. Тэгээд бид хоёр очоод бөөн уйлаан болж тэврэлдээд, нэвтрүүлэг ч өндөрлөсөн.
Тэд биднийг нэг өрөөнд оруулаад “Дахиж битгий холбоогоо таслаарай”  гэж хэлсэн. Дараа нь бид  ээж, дүү хоёрын байрласан буудалд очиж зөндөө
удаан ярьж суусан.

-Уулзах агшны мэдрэм­жээсээ хуваалцаач….

-Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг.

-Москвад хэр удсан бэ?

-Бид нэг хоног хамтдаа өнжөөд маргааш нь Моск­вагаар бүтэн өдөр зугаалаад
гурав дахь өдөр нь ээжийгээ дүүтэй Итали руу нь үдэж явуулсан даа. 

-Энэ хугацаанд ээж нь юу хийж байсан гэнэ….

-Украйнд амьдрал хэцүү учир Европ руу гарч ажил хийдэг. Тэгж ажил хийж байхдаа
нэг хүнтэй танил­цаад, тэр нь том ресторан ажиллуулдаг хүн юм билээ. Тэр газар нь
ажиллаж байгаад хоорондоо танилцсан юм шиг билээ. “Манай хүн чамд мэнд хүргэсэн”
гээд л ээж минь утсаар ярихдаа хэлдэг.  

-Тэгэхээр та хэдээс өөр хүүхэдтэй болоогүй юм
байна, тийм үү?

-Дахиж хүүхэд гаргаагүй юм билээ. Миний дараагийн дүү охин ээжтэй байсан
шүү дээ. Ээж маань хэзээ ч Монгол руу явахгүй гэж байсан хүн чинь сүүлдээ бас наашлах
гээд л байсан юм шиг билээ. Намайг ингэж өөрийг нь хайж олоогүй бол Монгол руу нэг
очно гэж бодож байсан гэж ярьж байна лээ.

-Таны ээж Монголын иргэн байсан уу, Украйны иргэн
хэвээр визээ сунгуу­лаад Монголд амьдардаг байсан уу?

-Украйны иргэнээрээ л байсан юм билээ. 

-Та хэд яаж хэл нэвтрэлцэж байв?

-Би л бага сага орчуулж хэлээд, ээж монгол хэл бага сага мэддэг байсан юм
билээ. Дүү маань байнга шокийн байдалтай гайхсан, манарсан л хүн яваад байгаа юм
чинь. Монгол руу буцатлаа   манараа нь гараагүй
байсан.(инээв)  Эмээ маань дүүг минь “Ээжтэй
нь нэг уулзуулахсан” гэж байнга ярьдаг байсан юм. Эмээ маань одоо ч Дорноговьдоо
байгаа л даа.

-Одоо ээж нь байнга харилцаатай байгаа юу.
2010 оноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна…

-Байнга холбоотой. Ялангуяа  дүүтэй
байнга холбоотой. Одоо бага дүү Польшид  байгаа.  Бид байнга мэйлээр харилцаатай байдаг, мөн утсаар
холбогддог. 

-Ээжийгээ дагаад явсан дунд дүү нь та нарыг ер
нь мэддэг байж уу?

-Надтай тоглож байсан үеэ санадаг гэж байсан. Хоёрхон монгол үгийг огт мартаагүй
юм билээ. Нэг нь “аав” гэдэг үг, нөгөө нь нохой.

 -Аав тань
энэ талаар мэдсэн биз дээ. Сонсоод юу гэх юм?

-Мэдсээн. Эр хүн болохоор
хааяа нэг ярьдаг л байсан. Байнга яриад байхгүй ээ. Ээжтэй уулзаад ирснийг сонсоод
“Болж дээ” л гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *