Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хуулийг батлах ёстой гэж үзжээ

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хаврын чуулган завсарлах болсон тул УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах ёстой гэх нэгдсэн шийдэлд хүрчээ. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг цаг алдалгүй батлах ёстой, иргэдэд хэрэгтэй төсөл хэмээн бүлэг үзжээ. Түүнчлэн үндэсний их баяр наадмаар тав хоног амрах Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч батлагдах шаардлагатай төсөлд багтсан байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр ажлын хэсгийн гишүүдтэй зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг улам боловсронгуй болгох шаардлага байна гэж УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг үзсэн учраас ажлын хэсэг байгуулж, түүнийг Г.Уянга гишүүн удирдаж ажиллажээ. Гэхдээ тус ажлын хэсэг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэнтэй нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа аж. Тийм учраас санал зөрөлдөж буй стратегийн ордуудад хувь эзэмших гэдэг асуудалд төрийн бодлого яаж зөв явах юм бэ гэдэгт анхаарч аль нэг нам эвсэл хүч түрж батлах нь буруу. Урд гаргасан алдаанаасаа сургамж аваагүй дүр зураг харагдаж байгаа тул шууд батлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулин дээр ямар ч байсан яриа хэлцэл өрнөх ёстой гэж бид үзсэн хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.

Мөн тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах үзэл баримтлалын хүрээнд Засгийн газар тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төслийн хүрээнд өргөн, нарийн царигийг ямар маршрутаар аль хэсэгт барих талаар Засгийн газар нь УИХ-аас зөвшөөрөл авч байгаа. Бүлэг энэ асуудалд нэлээд анхаарлаа. Зам тээврийн сайдын мэдээллийг сонссон, эцэст нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг дэмжих шийдвэрт хүрсэн” гэсэн юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хаврын чуулган эхэлсэн үеэс Өршөөлийн тухай хуулийн төслийг батлах ёстой гэх шаардлага тавьж ирсэн. Тэр хүрээнд бусад бүлгүүдтэй зөвшилцөхөөр болсон байна.