Түлэнхийн төв сүүлийн үед ачаалалтай ажиллаж байгаа аж. Бага насны хүүхдүүд халуун цай, гал зуух, цахилгаан тогоо, ус буцалгагчтай халуун ус зэрэгт түлэгдэн, хүнд гэмтэл авах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болж, амь насаа алдах эрсдэл их гарч байгаа аж. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш бага насны хүүхдүүд Түлэнхийн төвд ихээр хандах болж. Энэ талаар сурвалжлахаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт очсон юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр байрлаж байгаа билээ. Биднийг очихтой зэрэгцээд үүдний хүлээн авахад бага насны хоёр ч хүүхэд халуун усанд түлэгдэн ирж эмчилгээ хийлгэж байлаа. Арьс нь улайж хууларсан хүүхдүүд өвдөлтөндөө чанга хашгирч орилолдож байв. Хүлээн авахын эмч завгүй байсан учраас хүүхдийн тасаг руу орлоо. Энд нийтдээ 80 ортой. Гэхдээ өчигдрийн байдаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Харин хүүхдийн тасагт 0-5 насны 58 хүүхэд хэвтэж байв. Өөрөөр хэлбэл, түлэгдэлтэй хүмүүсийн 70 хувь нь бага насны хүүхдүүд байсан юм. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай ярилцлаа.
-Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш түлэгдсэн хүүхдүүд маш ихээр ирж байгаа .гэсэн үү. Хүүхдүүд ямар шалтгаан, тохиолдлоор түлэгдэж байна вэ?
-Ер нь түлэгдэлт жилээс жилд нэмэгдэж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдийн түлэгдэлт маш их байдаг. 2012 онд 0-5 насны 455 хүүхэд түлэгдэн эмчлүүлж байсан бол 2013 онд 591 хүүхэд түлэгдсэн байна. Энэ тоо бол манай эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо юм. Хэвтээгүй амбулаториор үзүүлээд явсан хүүхдүүд цаана нь маш олон байгаа. Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэнгүүт түлэгдсэн хүүхдүүдийн тоо ихэсдэг нь үнэн. Тавдугаар сар гараад бага насны хүүхдүүд ихээр ирлээ. Гол шалтгаан нь гэр орондоо буюу ахуйн хүрээнд халуун хоол, цай, буцалсан усанд түлэгдэж байна. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүд их түлэгддэг. Гэр хорооллын иргэд халуун тогоотой хоол цайгаа гал дээрээс гаргаад газар тавьж уудалдаг юм байна. Энэ үед бага насны хүүхэд халуун хоол, цайтай тогоонд унадаг. Ингэж түлэгдсэн хүүхэд их олон. Дараагийн тохиолдол нь ус буцалгагч, халуун цай, идэж байгаа хоолоо хүүхдийн гар хүрэх газар тавьдаг. Хүүхэд тэрийг нь ширээн дээрээс татаж асгаснаас түлэгдэж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой зүйл. Халуун тогоо хэрэглэхээ боль гэж байгаа юм биш. Хүүхэд орчихгүй өндөрлөг газар тавих хэрэгтэй. Таван настай хүүхэд халуун хүйтнийг мэддэг болсон байдаг. Тиймээс хүүхэддээ байнга энэ халуун, хүйтэн гэж анхааруулж байхыг зөвлөмөөр байна.
-Түлэгдсэн хүүхдүүд шархаа даахгүй нас барах тохиолдол их байдаг гэсэн. Танай эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ хүртээмжтэй, чанартай байж чанаж байна уу?
-Халуун ус, тогоотой хоол цайнд унах тохиолдол их бөгөөд ингэж унасан хүүхдийн биеийн хэсэг маш том талбайд түлэгддэг. Хүүхэд 25 хувиас дээш түлэгдэлтэй байвал нас барах эрсдэлд ордог. Гэтэл өнөөдөр 25 битгий хэл 70-80 хувийн түлэгдэлтэй хүүхдүүд ирж байна. Тэгэхээр бусад өвчнийг бодвол нас баралт маш ихтэй гэдэг нь үнэн. Эдгэрлээ гэхэд бие махбодоос гадна сэтгэлийн маш том сорвитой үлддэг. Түлэгдсэн хүүхэд бусдаас нуугдах, ичих, сорвио нууж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй болно. Манай эмнэлгийг та бүхэн харж байна. Өөрийн гэсэн барилга байхгүй. “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээслэн байрладаг. Хүний нөөц, эм тариа, багаж тоног төхөөрөмжийн хангалтаас эхлээд олон зүйл шаардлагатай байна. Эмчилгээ үйлчилгээ шаардлагатай хэмжээнд бүрэн хийгдэж чадахгүй байна. Эмч нар маань улаан гараараа ажиллаж байна. Бас түлэгдэлтийг эмчлэхэд маш их эм тариа хэрэглэдэг. Энэ хирээр түлэгдсэн хүүхдийн ар гэрт санхүүгийн асуудал тулгардаг.
-Түлэгдсэн хүнд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх вэ. Эцэг, эхчүүд эмчид хандахгүй өөрсдөө янз бүрийн арга хэмжээ авдаг. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Хамгийн чухал зүйл бол энэ. Манай иргэд түлэгдсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлэхдээ дандаа буруу үзүүлдэг. Уламжлалт арга юм уу, эсвэл ам дамжсан яриагаар гар дор байгаа материалаа ашиглаад арга хэмжээ авдаг. Хүний цус, нохойны цус, барааны саван, элсэн чихэр, хорын цаас, хар лак, гутлын тос зэрэг ийм зүйлүүдийг түлэгдсэн хүнд түрхдэг. Энэ нь тэр хүнд ямар ч тус болохгүй, харин ч хор болдог. Өвчний явцад шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс анхны тусламж үзүүлэхдээ юуны өмнө түлэгдсэн халуун зүйлийг холдуулна. Түлэгдсэн хэсэг хувцастай бол яаралтай тайлна. Халуун зүйл хувцсанд шингэсэн учраас улам цааш нь түлээд байдаг. Хамгийн энгийн арга бол урсгал усаар хөргөх ёстой. Дээд тал нь 20 минут хөргөнө. Урсгал усны хэм нь тасалгааны температур байна. Гэтэл иргэд хэтэрхий хүйтэн ус, мөсөөр хөргөх, эсвэл ваннанд ус хийж хүүхдээ удаан хугацаагаар суулгачихдаг. Үүнээс болоод хүүхдүүд ханиад хүрэх хатгаа авах зэргээр түлэгдэлтэн дээрээ давхар хүндрэл бий болдог. Тэгэхээр, урсгал ус буюу түлэгдсэн биеийн хэсэг дээр ус гоожуулна гэсэн үг. Ингэж 5-15 минут хөргөөд дараа нь мэргэжлийн эмчид заавал хандаарай. Эмчид хандахгүй хугацаа алдсанаас хүндрээд эмчилгээ хийсэн ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол зөндөө байна. Жижигхэн түлэгдэлт маш их өвдөлт өгдөг. Түлэгдэлтийн хамгийн анхны шок нь өвдөлт юм. Анхан шатны тусламж үзүүлсэн бол өвдөлт намдаах эм тариаг хүүхэд, том хүний тунгаар нь тааруулж хийх шаардлагатай. Тэгэхгүй бол хотын нэг захаас эмнэлэг рүү явдаг. Энэ хугацаанд хүүхэд өвдөлтөөсөө болж шоконд ордог. 103-ын эмч нар хүртэл хүнээ авчрахдаа ямар ч өвчин намдаах эм тариа хийгээгүй авчрах тохиолдол гардаг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.
-Түлэнхийн төвд тоног төхөөрөмж, эм тарианы хангамж дутагдалтай байдаг гэсэн. Ямар тоног төхөөрөмж, эм тариа нэн шаардлагатай байна вэ?
-Энэ талаар ярихад маш олон юм тоочих шаардлагатай болно. Солонгосын “Самсунг” групп, Монголын “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага манай Түлэнхийн тасагтай хамтраад нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Samsung” компаниас 100 мянган ам.долларын хөрөнгө гаргаж, үүний 80 мянган ам,доллараар тоног төхөөрөмж, үлдсэнээр нь эмч нарт сургалт явуулах төсөл хэрэгжээд эхэллээ. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд тоног төхөөрөмж амин чухал шаардлагатай байна. 24 цаг тасралтгүй эм тариа хийдэг аппарат байх ёстой. Тэр аппарат нь хүрэлцээгүй байдаг. Дээр нь хүчилтөрөгчийн аппарат байх ёстой. Түлэгдсэн хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд маш амархан ордог. Үүнийг нь нөхөх аппарат байхгүй байна. Цаашлаад эм тариа гээд олон зүйл дутагдалтай байна. Түлэгдсэн хүмүүсийн амь нас аврагдлаа гэхэд хагалгаа хийх болдог. Хагалгааны тоног төхөөрөмж бараг байхгүй гэхэд болно. Эмч нар өөрсдөө монголчлоод хийдэг дээ. Наад зах нь унтуулгын аппарат байх ёстой. Түрээсийн байранд байгаа учраас тоног төхөөрөмж авлаа ч суурилуулах боломжгүй. Тиймээс энэ төслийн хүрээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг авах болов уу. Эм тарианы хувьд ойр зуурын эм тариа хэрэглэж байна. Гэтэл түлэгдсэн хүмүүст судсаар хийх маш их тэжээл, уургийн бэлдмэл шаардлагатай байдаг ч төсөв мөнгөндөө хязгаарлагдаад хангалттай ирж чаддаггүй.
-Танай эмнэлэгт одоо эмчилгээ хийлгэж байгаа нэг хүүхдийг эцэг, эх нь ламын үгэнд орж, халуун усаар түлсэн гэж дууллаа. Энэ үнэн юм уу?
-Лам, бөө хүмүүсийн хэлснээр эцэг, эхчүүд хүүхдээ халуун усаар угааж түлэх хэрэг нэг биш удаа гарч байгаа. Ийм байдлаар болох болохгүй хүний үгэнд орж, хүүхдээ насан туршид нь битгий хохироогоорой гэж хэлэх байна даа.
Х.ЦЭНД-АЮУШ