Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алдрын танхим”-д өргөмжлөгдсөн анхны Монгол хүн

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-ний танхимд дэлхийн 200 гаруй улсаас ердөө найман хүнийг хүндэтгэн өргөмжилсөн байдаг билээ. Тэгвэл саяхан нэгэн том үйл явдал боллоо. Учир нь дэлхийн сая сая хүнээс ердөө гарын арван хуруу ч хүрэхгүй цөөхөн хүн өргөмжлөгдсөн “Алдрын танхим”-д анх удаа Монголоос Адуучийн Басхүү шүүгч өргөмжлөгдөж, бөхийн салбартаа дэлхийн ес дэх хүндэт хүн боллоо. Тиймээс энэ удаа Адуучийн Басхүүг “Өдрийн зочин” буландаа онцолж байна. 

А.Басхүүгийн Монголын болоод дэлхийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг энд тоочвол дуусахгүй биз ээ. Тэрээр бөхийн спортын төлөө бүхий л амьдралаа зориулсан гэхэд болно.  1971 онд анх улсын шигшээ багийн тамирчнаар орж 1975-1980 онд “Замчин” нийгэмлэг ба Октябрийн районы БТС-ын хороонд дасгалжуулагч, 1980-1982 онд БТСУХ-ны Спортын сургалтын төвд бөхийн багш, 1982-1987 онд Улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 1987-1989 онд Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1993 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1993-2009 онд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Түүнчлэн  2012 оноос ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрээр ёстой л багаас нь өндөрлөгт хүртлээ шат бүрт нь ажиллаж явснаараа Монголд ганцхан гэгддэг аж. А.Басхүүгийн амжилт бүр аавтай нь холбоотой. Түүний аавыг Доржийн Адууч гэдэг. Монголын Ардын арми, Төр захиргаа, ХАА-н үйлдвэрлэлд 40 гаруй жил хөдөлмөрлөж, эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэсэн гэдгээр нь нутгийн зон андахгүй.  А.Басхүү аавынхаа тухай ярихдаа “Миний өнөөдрийн амжилт аавтай минь салшгүй холбоотой. Аавын маань хийж бүтээсэн арвин их ажил бүтээл, хойч үеийнхэнд өв болон үлдээсэн олон арван барилга, зам харгуй, цэцэрлэг одоо ч Монголын баруун зах хязгаар Ховд аймгийн Ховд хот болон Булган суманд чимэг дурсгал болон гялалзсаар байна” гэв. 

Нээрээ л Ховд аймагтаа домог болсон Адууч даргыг Ховдчууд дэлхийд данстай хөвгүүдээс нь ч илүү хүндлэн дурсдаг юм билээ. Харин түүний ээж Шагдаржавын Дунхүү арван сайхан хүүхэд төрүүлсэн нь өдгөө бүгд эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй, ёстой л эцэг, эхийнхээ хайрласан нэрийг өндөрт өргөж яваа улс. Эхээс арван сайхан хүүхэд зулай зулайгаа гишгэлэж төрсөн ч өдгөө гурван нь бурхан болжээ. Түүний эгч Гантогтох гавьяат багш, тэрээр ард түмний хайртай дуучин Адарсүрэнгийн эхнэр байсан бөгөөд таван сайхан хүүхдийг нь өсгөсөн нэгэн. Харин Ганболд эгч нь хүний их эмч, ах Батхүү жолооч, дүү Бархүү бизнесмэн төдийгүй боксын дэд мастер цолтой аж. Түүний дүү нар ахаасаа дутахгүй спортод амжилт гаргаж яваа хүмүүс. Дүү Баатархүү гавьяат тамирчин, улсын начин гээд бараг ахаасаа  их гуншинтай нэгэн байсан. Баатархүүгийн хувьд 1983 оны Зөвлөлт холбоот улсын Бүх ард түмний VIII нээлттэй спартакиадад оролцсон гадаадын 22 орны тамирчдаас цорын ганц мөнгөн медалийг Монголын бөх А.Баатархүү авсан нь чөлөөт бөхийн хувьд манай улс төдийгүй дэлхийн бөхийн спортын түүхнээ давташгүй амжилт байв. Харин Баасанхүү дүү нь өдгөө зэрэг дэвээрээ Басхүү ахынхаа дараа бичигдэж буй олон улсын шилэгдмэл шүүгч гэдгийг мэдэх байх. Отгон дүү охин Туяа нь зураг зүй, геодизын мэргэжилтэй юм байна.  

Д.Адууч болоод түүний хүүхдүүдийн эх орондоо оруулсан хувь нэмрийг өгүүлсэн киног Монгол кино үйлдвэр Мосфильмтэй хамтран бүтээж байсан удаатай аж. 

А.Басхүүг “Алдрын танхим”-д олон жил уйгагүй ажилласан гээд зүгээр ч нэг өргөмжилчихөөгүй. Анх 1976 онд улсын шүүгч болсноосоо хойш түүний амжилт гэрлийн хурдаар ахисан. Тэрээр 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч болж 2009 оноос олимпийн зэрэглэлийн шүүгч болж байлаа. Энэ хугацаанд олимпийн их наадамд найм, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30, “Дэлхийн цом”-ын тэмцээнд дөрөв, Европын болон Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Азийн наадмыг 45 удаа тус тус шүүжээ. Энэхүү амжилтыг нь үнэлж 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комиссын гишүүнээр, 2006-2008 онуудад Олон улсын бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүнээр томилогдож байлаа. Түүний хамгийн хүндэлж  хайрлаж явдаг шагнал нь 1988 оны  Сөүлийн олимпийн  наадмаас хүртсэн “Алтан шүгэл” шагнал гэсэн. Энэ шагналыг хүссэн хүн болгон хүртээд байдаггүй учраас тэр. Одоо тэрээр хэдий шүүгчийн ажлаа хийхгүй байгаа ч “Монголын чөлөөт бөхийн салбарт салхи оруулж, ийм тактикаар явбал дэлхийн манай тамирчид одоогийнхоос ч илүү амжилт үзүүлнэ” хэмээн сэтгэл нь зовнингуй ярьж суусан. Түүний үндсэн ажил нь дасгалжуулагч учир чөлөөт бөхийн олон арван шавь нар бий. А.Басхүүгийн бэлтгэн дасгалжуулсан тамирчдаас нь гавьяат тамирчин 11, олон улсын хэмжээний мастер 26, спортын мастер 37, дөрвөн гавьяат дасгалжуулагч төрөөд байна.     

Д.ДАВААСҮРЭН