Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн бурхны хүү Лионел Месси

Хөлбөмбөгийн бурхны хүү гэгдэх Лионел олны анхааралд өртөх дургүй гэж ярьдаг ч түүнийг өдгөө дэлхий нийт анхааралдаа аваад байгаа. Эгэл жирийн Аргентин гэр бүлээс гаралтай тэрээр Италиас гаралтай. 1883 онд Лионелийн өвөг Анжело Месси Италийг орхин, Аргентин улсад суурьшсан аж. Мессигийн холын хамаатнууд одоо ч Италид амьдардаг гэнэ. Гэвч өдгөө Лиогийн гэр бүл Италид буй хамаатнуудтайгаа холбоогүй байдаг аж. Лионел Аргентиний Санта-Фе мужийн хамгийн том хот Росариод Мессигийн отгон хүү болон мэндэлжээ. Тэрээр ах Родриго ба Матиас, эгч Мария Солийн хайр халамжинд өсчээ. Ердөө таван настайдаа бяцхан Месси аав Хорхегийн дасгалжуулдаг байсан хүүхдийн “Грандоли” хөлбөмбөгийн багт сурч эхлэв. Харин Мессигийн ээж цэвэрлэгчийн ажилтай байжээ.

Тэрээр Марадонагийн тоглож байсан “Ньюэллз Олд Бойз”-ийн секцэд 1995 оноос суралцаж эхэллээ. Түүний авьяас чадвар үеийн хүүхдүүдээс ялгарч,  Аргентиний хамгийн агуу баг “Ривер Плейт”-д тоглохоор болсон. Мессигийн аав Хорхе отгон хүүгээ хөлбөмбөгч болгохыг мөрөөддөг тул Лионелийг “Ривер Плейт”-д явахад хязгааргүй их баярласан гэдэг. Гэвч энэхүү баяр тун удалгүй харамсал болохыг мэдээгүй байж. “Танай хүү үнэхээр гоц авьяастай юм. Түүнд их ирээдүй байна. Гэвч Лионел гормоны дутагдал гэх өвчтэй байна. Манай эмч нарын тооцоогоор тэр 140 см-ээс илүү өсөхгүй гэнэ. Түүний өсөлт нь бараг зогсчихож. Бидэнд маш их харамсалтай байна” гэж “Ривер Плейт” багийн эмч нар хэлжээ.

Соматропин буюу гормоны дутагдал өвчин нь биеийн болон сэтгэцийн хөгжлийг зогсоодог аж. 11 настай Лионел Месси 132 см өдөртэй байжээ. Үүнийг алдарт хөлбөмбөгч хожим дурсахдаа “Тухайн үед надад эмнэлгийн туслалцаа яаралтай хэрэгтэй байсан. Надад хүлээх хугацаа огт байгаагүй” хэмээн дурсчээ. Сарын 900 ам.долларын төлбөртэй энэхүү эмчилгээг “Ньюэллз”, “Ривер Плейт” хийхийг зөвшөөрөөгүй гэнэ. Аргаа барсан эцэг Хорхе Европын багуудын академиуд руу захидал илгээн, хүүгийнхээ эмчилгээнд туслахыг хүсчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Лионел Мессигийн өвчин улам бүр хүндэрнэ. Харин аавынх нь хүсэлтийг хэн ч тоохгүй байжээ. Ингэсээр 2000 онд Мессигийн гэр бүл Испанийн Барселона хо­тод иржээ. Лионелийн аав Хорхе Месси хүүгээ хөтлөн, “Барселона” клубийн хүүхдийн багийн бэлтгэл дээр очжээ. Хөлбөмбөгийн талбайд уран гоёмсог хууралт хийн, өөрөөсөө өндөр хамгаалагчдаас айхгүй тоглож буй Лио Мессиг харсан “Барселона” багийн ерөнхий захирал Карлес Рексач “Манай багт ямар гайхамшигтай, авьяаслаг тоглогч хүрэлцэн ирснийг ойлгоход ердөө хоёр минут хэрэгтэй байсан” гэж ярьжээ. Мессигийн хурд, техник, тог­лолт бүгд Карлес Рексачийг уулга алдахад хүргэж “Энэ хүү дэлхийн хамгийн шилдэг тоглогч болно”  гэж хэлжээ. Ийнхүү “Барселона” Лионел хүүгийн эмчилгээг даах гэ­рээг шууд байгуулахаар бол­жээ. Баярласан аав Хорхе Месси, бахдам авьяастай хүүг эгнээндээ нэгтгэсэн “Барса”-гийн ерөнхий захирал хоёр анхны гэрээгээ ам арчдаг цаасан дээр байгуулсан гэ­дэг. Месси “Барса”-гийн хүүхдийн багийн төлөөх анхны тоглолтдоо таван гоол оруулжээ. 

Мессигийн амжилтын эхлэл

“Барселона” Лионел Месси хүүгийн эмчилгээний төлбөрийг хоёр жил гаруй хийжээ. Энэ хугацаанд 140 см-ээс өндөр болохгүй гэж яригдаж байсан Месси 30 см өсчээ. Мөн энэ хугацаанд хүүхдийн багаас нэгдүгээр баг хүртэл дэвшин тоглохоор болжээ. Ингээд 16-хан настай Лионел Месси Португалийн “Порту” багийн эсрэг тоглолтод анх удаа “Барселона” багийн өмсгөлийг өмсөж, сэлгээнд багтлаа. Харин 2004 оны аравдугаар сарын 16-нд Лионел “Барса”-гийн төлөөх анхны албан ёсны тоглолтоо “Ла лиг”-ийн “Эспаньол” багийн эсрэг хийв. Лионел Месси “Ла лиг”-т хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин юм. Тэрээр 17 нас, 10 сар, долоон  хоногтой байхдаа “Ла лиг”-ийн анхны гоолоо оруулжээ. Үүнээс эхлэн түүний өдгөөгийн гайхамшигт амжилтын эхлэл тавигдсан юм. 

Месси одоогийн байдлаар “Ла лиг”-т тав, “Аваргуудын лиг”-т гурав түрүүлээд байна. 2011-2012 оны улиралд “Аваргуудын лиг”-т 12 гоол оруулж, Марко Ван Бастен, Жиан Фер Папиний дараачаар нэг улиралд оруулсан гоолын тоогоороо бичигдэх болсон. Мөн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучийн жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Түүний амжилт домогт Иохан Круифф, Мишел Флатини, Марко Ван Бастен нараас давж, дэлхийн шилдэг хөлбөмбөгч шагналыг сүүлийн дөрвөн жил дараалан хүртээд байна.  2012 онд тэрээр Барселона багтайгаа “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д Байер Леверкузен багийг хожсон тоглолтод таван гоол оруулсан юм. Ингэснээр “Аваргуудын Лиг”-ийн түүхэнд нэг тоглолтод таван гоол оруулсан анхны хөлбөмбөгч болж нэрээ мөнхөлсөн билээ. Месси бол ер бусын тоглогч. Тэрээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр ур чадвартай, төв болон хоёр жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авьяастай тоглогч юм.

Мэсси үнэндээ намхан жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно. 

Лио толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрээр хэд хэдэн төрлийн үүрэг хүлээн авч тоглох чадвартай гэж үзэж болно. Түүнийг хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяасан тоглогч гэдэг.

Манай гаригийн долоон тэрбум хүнээс нэг сая нь хөлбөмбөг тоглож, таван сая нь үздэг. Харин бүгд Лионел Мессиг хэн болох, юу хийж чадахыг мэддэг юм. Авьяаслаг Аргентин эр  энэ өдөр 27 нас хүрч байгаа юм. Дэлхийн шилдгээр дөрвөн удаа тодорсон тэрбээр өөрийг нь алдарт Марадонатай ха­рьцуулах хэрэггүй гэж үздэг.

Учир нь түүний хүртээгүй цорын ганц цом бол дэлхийн аварга. Каталоны  багаас авдаг түүний цалин ядуу буурай зарим улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц гэгддэг. Шигшээ багтаа сайн тоглодоггүй гэгддэг супер довтлогч энэ дэлхийн аваргад багтаа хувь нэмрээ оруулна, бүхнийг өөрчилнө гэдэгтээ тун итгэлтэй байгаа аж.

С.АЛТАН