Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын чуулганыг завсарлуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх
асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

УИХ-ын хаврын чуулган завсарлуулах хугацаа ойртсон тул намрын
чуулганаар хэлэлцэх асуудлаа батлуулахаар шуурхайлж эхэлж буй нь энэ аж.
Тодруулбал, ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 1-нд УИХ-ын хаврын
чуулганыг хаах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь намрын чуулганаар хэлэлцэх
асуудлыг боловсруулахдаа хууль санаачлагчдаас урьдчилан саналыг авчээ.
Тэдгээрээс нийт 316 хууль, тогтоолын төслийг намрын чуулганаар
хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын
Ерөнхийлөгч 16, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25,
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1,  Нийгмийн бодлого,
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10, Төрийн байгуулалтын
байнгын хороо 4,  Төсвийн байнгын хороо 3, Эдийн засгийн байнгын хороо
5, Хууль зүйн байнгын хороо 19, Өргөдлийн байнгын хороо 9, УИХ дахь
Ардчилсан намын бүлгээс 28, УИХ дахь МАН-ын бүлгээс 37, МАХН-МҮАН-ын
“Шударга ёс” эвслийн бүлгээс 42, Засгийн газраас 111 төсөл санал
болгожээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар 6 санал тусгайлан ирүүлсэн
байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Энхболд “Яагаад гэнэтхэн намрын
чуулганаар хэлэлцэх асуудал яриад эхлэв. Наадам хүртэл чуулна биздээ,
өнөөдрийн байдлаар байнгын хороогоор ороод дүгнэлт нь гарчихсан олон
асуудал бий, хуулийн заалттай асуудлууд бий. Тэдгээрийг хэлэлцэхгүй
хэрэг үү, чуулганы хаах талаар ярилцсан юм уу, бид мэдээлэлгүй сууж
байна” гэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хуульд
зааснаар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой, дөхөж
байна. Ээлжит чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг
батлах ёстой. Одоогоор чуулганы хугацааг сунгах талаар албан ёсоор
яриагүй. Хэлэлцэх асуудлаа энэ долоо хоногт хэлэлцэхгүй бол хугацаа
тулчихсан амжихгүй учраас асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна” гэсэн юм.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Татварын тухай
хуулийн төслүүдийн томъёололд анхаарал хандуулж, Татварын шинэчлэл хийх
тухай багц хуулийн төсөл хэмээн хэлэлцэх асуудалд томъёолбол УИХ-ын
гишүүдийн өргөн мэдүүлэх татварын тухай хуулийн төсөл, Засгийн газраас
өргөн мэдүүлсэн татварын хуулиуд, мөн УИХ-ын даргын гаргасан захирамжийн
үзэл санаанд ч нийцнэ” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хороо цаашид
анхаарах ёстой гээд “УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьсанаас
хойш сар болох нь. Хуулиараа эл асуудлыг өргөн барьснаас хойш УИХ 14
хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас хаврын чуулганы
хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй. Гадна талд эдийн засаг, санхүүгийн
байдал амаргүй байгаа, олонхиороо хүч түрээд аваад үлдчихнэ гэж бодож
байгаа бол таарахгүй шүү. Сүүлийн үед эрх баригч хүчин өөрсдөд
таалагддаггүй асуудлыг чуулган дамнуулж дэгд байдаггүй арга хэрэглэдэг
боллоо. УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 10-н
хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр
сарын 30-нд завсарлуулсан. “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг
шийдвэрлэх болоход завсарлага аваад чуулганыг хаасан. Уг нь намрын
чуулганы хугацаанд УИХ нийт 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх ёстой
байсан ч ердөө 19-ийг л хэлэлцэн ажлаа ч дуусгаагүй. Одоо яг тэр аргаа
хэрэглэх нь. Нэг аргыг олон удаа хэрэглэх их муухай, үүнийг байнгын
хорооны дарга, бүлгийн дарга бодож үзээрэй.

Наадмаар тав хоног амарна, чуулганаа хаанаа гэж хүч түрж болохгүй. Энэ
26 гишүүн Монголын ард түмний 40 хувийн санал санал авсан гишүүд, бидний
үгийг сонсох ёстой” гэсэн юм.

Онцлоход,УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд мөн Шилэн
дансны тухай, Худалдааны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн
барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн
найруулга/, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Монгол хэлний тухай, Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын
сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн
намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэрэг 20
хууль тогтоомжийн төслийг нэр зааж тусгасан юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *