УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
2012 онд хувийн хэвшлийнхний дунд хийсэн санал асуулгаар хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулдагыг хялбаршуулж, бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг шуурхай болгох хэрэгтэй болжээ.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44.464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93.733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.
Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгасан байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы хуралдаанд оруулахаар болов.