Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дөрвөн буудлыг шилжүүлсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг “Армада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж ашиглалтад оруулаад байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг такси зогсоол хэлбэрээр ашиглахаар Нийслэлийн тээврийн газраас шийдвэрлэсэн байна. Дээрх зогсоолуудад такси зогсон иргэдэд үйлчилж эхэлжээ.