Төрийн шагналт яруу найрагч Ренчингийн Чойномын тухай олонтаа сонсч,
шүлэг бүтээлийг нь уншиж байлаа. Амьд сэрүүнд нь нөхөрлөж явсан, нэгэн үед амьдарч
явсан хүмүүсийн дурсгал дурсамжууд олон бий. Хамгийн ойр дотно явсан хүний нэг нь
Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав. Тиймээс Р.Чойномын талаар ярилцахаар Ш.Сүрэнжав
найрагчтай уулзсанаа толилуулж байна.
хоёр хэзээнээс нөхөрлөж эхэлсэн юм?
-1962 онд өөрөө надтай уулзъя гэж хэлүүлж байгаад бид танилцаж байлаа.
Гоголь маягаар хагалж самнасан халимагтай, ёжтой инээмсэглэсэн, дунд
зэргийн нуруутай, онигор нүдтэй, өндөр хүзүүтэй, монхор хамартай хүн байсан. Мөр нь жаахан хазгайдуу байсан нь
ясны сүрьеэ өвчнөөс болсон юм шиг билээ. М.Гомбосүрэн гэж миний дотно нөхөр зураач
түүний тухай анх хуучилж, би бас танилцах юмсан гэж гэж хэлж, түүний дараа хар бэхээр
ихэд гоёмсог бичсэн захидал, зурагтай хамт надад Чойном илгээсэн. Үүнээс хойш бид
сарын дараа уулзаж танилцсан.
-Тэр
үед хэдий хэр настай байсан юм?
-Залуухан байсаан. Надаас хоёр ах юм шүү дээ. 1936 онд төрсөн. Ээжтэйгээ
цуг дөрөвдүгээр дэлгүүрийн дээхнэ давхарт
амьдардаг байлаа. Сүүлд нь Лхагважавтай
суугаад “Хүн” романаа бичсэн. “Залуу нас”
найраглал нь эхэлж гарсан юм. Тэр хоёрыг нь Эвлэлийн төв хороо л хэвлэсэн шүү дээ.
Тэгээд овоо байсан. Тэгээд л Нинаг Пашкагаас салгаж суугаад.
-Чойномын
эхнэр Нина орос гаралтай хүн үү.
-Жинхэнэ монгол бүсгүй. Газар зүйн анги төгссөн, их царайлаг эмэгтэй
байлаа. Пашка гэж “Улаанбаатарын мэдээ” сонины дугуйлангийн эрхлэгч хүн байсан.
Пашка дандаа зохиолчдод эхнэрээ алдсан. Түрүүчийн эхнэрийг нь нэг зохиолч авч суугаад дараачийн эхнэрээ Чойномд алдсан. Пашка ч бас
монгол хүн. Тэр үед орос нэр их өгдөг байж. Одоо ч Нина нь байдаг шүү дээ. Нина Чойном хоёрын
охин нь
Хулан. Лхагважавтай амьдарч байхдаа Эрдэнэном гэдэг хүүхэдтэй болсон. Одоо Лхагважав нас барсан. Хуучин нөхөртэйгөө эргээд суучихсан
юм даг. Түүнтэй Нинагаас өмнө сууж байсан.
Автобусны кондуктор хийдэг байсан.
-Чойномын
үр хүүхэд гэхээр хоёр л хүүхэд байдаг юм байна, тийм үү?
-Албан ёсны хоёр хүүхэд л байсан. Өөр элдвийн хүүхэнтэй холбогдсон
нь зөндөө л дөө. Сүүлдээ хүүхэн бүхэн Чойномын эхнэр байсан, архи уусан, шоронд
орсон хүн болгон л найз нь болж хувирсан шүү дээ.
-Ямар
хүмүүстэй дотно нөхөрлөж байсан юм?
-Бидний 60-аад оныхонтой л их нөхөрлөдөг. Нэр дурдвал хагас нь хаягдаад
гомдох байлгүй дээ.
-Яагаад
шоронд орсон юм бол, бичсэн шүлэг, найраг нь тухайн цагийн үзэл суртлын эсрэг болоод
тэр үү?
-Улс төрийн эсэргүү шүлгээ хүнд тараасан гэж. Түүнээс тийм юм бичлээ гэж шүүхийн тогтоолоор
яллаагүй юм. Эсэргүү зохиолыг бусдад дамжуулж сурталчилсан гэж баригдсан. “Уур минь
хүрч байна” гээд л шүлгүүд байгаа шүү дээ.
Очирхуяг гэж нэг найз нь шүлгийг нь хуулж аваад Өвөрхангайд айлын найран дээр уншихад
нь “Хэдийдээ ийм шүлэг энэ бичдэг юм” гээд хэсгийн төлөөлөгч сэжиглэхгүй юу. Очирхуягийг
барьж хоёр сар байцаахад өнөөх нь “Минийх, би бичсэн” гэж хэлээд, сүүлдээ л байцаалтанд
тулгагдаад “Чойном гэж хүн бичсэн” гэж хэлээд Чойном дараа нь баригдсан юм. Тэгээд
дөрвөн жилийн ял авсан. 1970 онд Очирхуягтайгаа
цуг Хажуу улааны чанга дэглэмтэй хориход ял эдэлсэн дээ. Тэгээд гарч ирсэн хойно
нь эхний гурван жил Улаанбаатарт амьдрахыг хориглосон юм.
-Нутаг
заажээ дээ. Тэгээд хаана байсан юм?
-Хэнтийн Дэлгэрхаан суманд Нармандахынд байгаад, дараа нь Батноровт
дүү Туяагаа бараадах гэж очоод өөрийнхөө гараар пин бариад нэг хэсэг амьдарсан юм. Хамгийн сүүлийн дурлал нь Цэрэндулам гэж эмэгтэй байв. Тэдний дундаас хүүхэд гараагүй, 1974 оны
намраас 1975 оны хавар хүртэл амьдарсан. “Нэгэн хайрын дууль буюу Р.Чойном” гэж
би тэр хоёрыг бичиж байв. Хүн нь хэн юм гэж
харуулах гэсэн санаа.
-Сургууль
соёл төгссөн үү, орос хэлтэй байсан байх аа…
-Долдугаар анги л төгссөн хүн. Биеэ боловсруулсан хүн дээ. Орос хэлийг
их сайн сурч Расул Гамзатовыг маш сайн орчуулсан. Казах хэлийг ясны больницод (сүрьеэгийн
эмнэлэг) хоёр жил болохдоо сурсан байдаг. Англи хэл үзнэ. Амьдралд тохиолдсон сонин
хачныг наргиа шүлэг болгоод биччихнэ.
-Шоронгоос
гарч ирээд эмнэлэгт байсан хэрэг үү?
-Шоронд орохоос өмнө 1958-1960 онд сүрьеэгээр хэвтсэн байдаг. Өөрөө
их авьяастай хүн учраас орос казах хэл сурсан. Казах хэл өөрт нь заасан казах хүнтэйгээ намайг танилцуулахаар Налайхад дагуулж очиж байлаа.
Чойном сэтгэл нь хөдөлбөл казахаар сүүл, толгой холбож бичээд өөрийнхөө зургийг
зураад зарим хүнд дурсгадаг байсан.
-Зураг
зурна, шүлэг бичнэ, өөр ямар авьяастай байв?
-Сийлбэр хийнэ, зураг зурна. “Шөнө ургасан цэцэг” номын минь хавтасны
зургийг зурсан. Орчуулга хийнэ. Морин хуур сийлсэн нь музейд байдаг. Шүдний сойзон
дээр сийлбэр хийгээд л хүнд бэлэглэдэг байсан. Цоолбор хийнэ. Гэрэл зураг авна. Хөгжим сонирхоно.
-Ааш
араншингийн хувьд ямар хүн байв, шүлэгнээс нь харахад ширүүн, омголон хүн байсан юм шиг…
-Түүний тухай нэг кино хийсэн байдаг даа. Кинонд гаргаснаас өөр хүн
байсан юм шүү дээ. Хүнтэй хэрэлдэнэ гэж байхгүй. Архи уудаг ч айхтар ааш аяг гаргаад
байх нь ховор. Цэцэн цэлмэг, юмыг онож хэлнэ
гэж жигтэйхэн. Чойном манайд байж байхад үдийн хоолонд эхнэр маань бүхэл мах чанаж
өгөхөд багалзуурын мах огтолсноо
“Баячууд дээдсийнхэн дотроос
Балмад танхай хүүхдүүд төрөх юм
Аргагүй дээ
Багалзуурын мах булчирхайтай байдаг хойно доо” гэж хээвнэг
инээж суусан.
Түүний тухай нэг кино хийнэ гэж жүжигчин Сосорбарам хэлээд зохиолыг
нь би бичсэн. Завдал нь болоогүй юм байлгүй, кино нь гараагүй л байгаа. Харин түрүүнд
хэлсэн кино бол аль хэдийнээ гарчихсан шүү дээ.
-Яруу
найрагч Ш.Уянга агсны гол дүрд нь тоглосон кино байхаа…
-Тийм. Тэр кино арай л улстөржүүлчихсэн юм. Архи уух нь уудаг. Гэхдээ
тийм гуларчихсан хүн байгаагүй. Яахав ажил хийх дургүй, хүнтэй тогтож суух дургүй,
гэр ахуйн хүрээнд баригдана гээд зоргоор байх гэдэг л хүн. Тэгээд айлын орон дээр л өөд болсон хүн шүү
дээ. Архи ууж, ажил хийхгүй болоод тэр үү
ах дүү нь дандаа харж хандаад байсангүй.
-Эцэг
эхээс олуулаа хүн үү?
-Олуулаа байсан юм билээ. Айлын хоёр дахь хүү нь. Дөрвөн дүү охинтой.
Төрсөн нэг ах нь хөдөө адуучин хүн саяхан хүртэл байсан. Хэдэн эмэгтэй дүү нь
байдаг. Чойномыг тэд нь нэг хоёр хоногоос гэртээ хэтрүүлэхгүй дээ. Өөрөө ч тогтож
байдаггүй байсан биз. Амьдралын сүүлийн өдрүүддээ Дэмбэрэлийн гэдэг айлд л байсан.
Дэмбэрэлийн эхнэр Сугармаа тэр хоёр асарч, байлгаж. 1979 оны дөрөвдүгээр сарын
29-нд тэр айлын орон дээр өнгөрсөн юм.
–
Үзэл суртлын үед зохиол бүтээлээ хэвлүүлэхэд хэцүү байсан байх..
-“Залуу нас”, “Хүн” роман нь хэвлэгдсэн ч шүлгийн түүвэр нь гараагүй
байв. Түүврээ гаргая гэхээр тэр үеийн Зохиолчдын
хорооны удирдлагууд ч дэмжээгүй байх. Номыг нь гаргахгүй хавчигдаад байлаа. Чойном
бидэн шиг шүлэг бичихгүй шүү дээ. Хамаагүй л тууна. Гэлээ гээд бид ч бас цаг үеэ дандаа дагаад байгаагүй
юм. Хавчлагатай ч гэсэн бид юмаа хийж л байсан. Гэхдээ бидний шүлгийг тайзан дээр
уншиж болдог. Чойномынх болохооргүй л байсан байхгүй юу. Их хамаагүй хэлчихсэн,
ресторанд архи уух гээд л бандаашны тухай шүлэг бичнэ. Ажилгүй тэнэж явахдаа болохгүй муу улстай нөхөрлөнө, тэд нь ашиглаж иймэрхүү рестораны шүлэг уншуулдаг.
-Шоронгоос
гарч ирэхэд та тосч авсан гэдэг….
-Тиймээ, би бага охин Өнөрөөгөө
дагуулаад, нэг муу хиймэл цэцэг барьчихсан лонхонд сүү хийчихсэн, бас болоогүй
өмднийхөө халаасанд архи нуугаад шоронгоос гарахад нь тослоо. Дотоод яамны арын
гуанз байсан. Одоо алга болсон уу, байгаа юм уу мэдэхгүй. Чанх араар нь ороход баруун
Сонгинохайрхан тал руу харсан хаалгатай гуанзны хоёр дахь шатны тэндэх хаалгаар
гаргаж ирсэн дээ. Өвөл байлаа. Тэр авч очсон сүүг их бэлгэшээж билээ. Сүүлд нь би
“Энд болдог юм уу. Нэг архи аваад ирсэн” гэж хэллээ. “Яадаг юм, наадахаа өгөөдөх”
гээд шатны өнцөг дээр сууж байгаад, гаргаж өгсөн хоёр хүнтэйгээ хувааж уусан.
-Чойномыг
онцгой авьяастай нэгэн гэхээс гадна цаг үеэ шуудхан шүүмжилдэг гудамжны шүлэгч
төдий гэж хэлж ярьдаг хүмүүс ч бий. Та энэ тухай юу хэлэх вэ?
-Авьяасгүй гэж хэн хэлэх юм.
Асч, адарч, алдаж л явсан хүн. Би
дээр хэлсэн шүү дээ. Архи уух гэж рестораны шүлэг хүртэл бичдэг байсан гэж. Ер нь бол хавчигдаад юмыг нь гаргаж өгөхгүй болохоор
хэцүү шүү дээ. Их буу Дамдин гэж энэ тэрийн шүлгийг засч өгдөг байсан. Гэтэл Дамдины
дэгс ярианд итгээд Цэдэнбалд “Тэгшээгийн ээжийн захидал” гэж бичиж байв. Байтагт
байлдсан Тэгшээ баатрын тухай их буу Дамдины үгээр буруу ойлгоод л бичсэн хэрэг.
“Хундаганд хийгээд ууж байгаа коньяк чинь миний хүүгийн цус шүү дээ…” гэх мэтээр
бичсэн байсан. Тэгээд сүүлд нь би энэ талаар
үнэнийг мэдээд “Чамд худлаа хэлсэн байна лээ. Чи тэрэнд нь автаад ийм юм бичих гэж
дээ” гэж зэмлэж байлаа. Чойном надад “Дамдин гуай ярихаар итгээд уур хүрээд бичсэн”
гэж хэлсэн. Ер нь жаахан эсэргүү, хориотой үед “Нүцгэн биеийг алдаршуулъя” гээд
бичдэг. Дарга нарт бас дургүй. Хамаагүй
ч хэлдэг байж. Дээр нь нэг алдаа хийсэн. Би хамаагүй хүнд ярьдаггүй юм. Намын
хурал дээр Б.Явуухуланг хутга барьж элдэж байв. Би хутга барьж элдэх байтугай намын
хурал дээр согтуу очоод заяатай алуулаагүй шүү дээ. Тэр үед чинь нам гэдгийг толгой
дээрээ шүтдэг байсан үе. Явуухулан 500 төгрөг зээлчихээд өгөхгүй байж. Явуугийн
эхнэр ч хатуу хүн. Явуу гурван төгрөгтэй
л явдаг байсан шүү дээ. Архи уух нь
дур нь хөдөлсөн үү, өөр юманд зарцуулах хэрэг
гарсан уу, Чойном тэр үед нь мөнгөтэй ч байж таарч. Тэр цагийн таван зуун төгрөг
гэдэг чинь их мөнгө. Хичнээн архины шил мөнгө. Гэтэл намын хурал болж байхад “Явуу
мөнгө өг” гэхэд нь Явуухулан “Нөхөр минь намын хуралтай байна ш дээ” гэж уруулаа
шилэмдээд намаар гул барихад нь Чойном “Чиний тэр муу намын хурал надад ямар хамаатай
юм” гээд тонгорог бариад гүйхэд нь Явуу ширээ тойрч зугтаад С.Эрдэнэ хөндөлсөөд
“Чи яаж байгаа нөхөр вэ” гэхэд “Зайл муу Буриахай” гээд баахан ширээ тойрч элдээд
Явуу зугтаах үед нь Удвал гуай “Алив Чойномоо, наад хутгаа надад өгчих” гэлээ. Чойном
өгчихсөн. Удвал гуай тонгоргыг нь эвхэнгээ “За Явуухулан чи мөнгө авсан нь үнэн
үү” гэхэд “Үнэн” гэлээ. “Чи хэзээ өгөх юм” гэж Удвал гуай асуухад Явуу “Нэг дэх
өдөр цалин буухаар өгнө”. Удвал гуай Чойномд хандан “За сонсов уу. Чамд мөнгийг
чинь нэг дэх өдөр өгье гэж байна. Нэг дэхь өдөр хүрээд ир. Би аваад өгье, чамд.
Одоо та хоёр тэврэлд” гээд тэврэлдүүлсэн.
“Намын хурал дээр хутга барих нь байтугай согтуу очдоггүй юм чинь Удвал гуай дотроо
“Энэ ер нь хүмүүжихэд жаахан гэмгүй нөхөр байна” гэж бодсон болов уу. Тиймээс
ч Галсан шиг бүтээлийг нь гаргая, хэвлүүлье гэж хөөцөлдөж гүйгээгүй байх гэж би
л хувьдаа боддог юм. Тэгэхээр хувийнх нь алдаа бас нөлөөлчихсөн шиг. Гэхдээ байнга
тийм ааш араншин гаргадаг хүн байгаагүй юм шүү.
-Олон
шүлгүүдийг нь та эмхэтгэн гаргасан гэдэг..
– Амьдад нь яруу найргийн номын түүвэр зохиол ер гараагүй. Би түүвэр
зохиолуудыг нь эмхтгээд гаргасан. 1988 онд би төрийн шагнал авсан. 1989 онд Чойномын
номыг хэвлэлд шилжүүлсэн. Зүгээр нэг хүн ороод хэлэх, төрийн шагналын тэмдэгтэй
хүн Төв хороонд хэлэх хоёр ялгаатай шүү дээ. “Чойномын номыг гаргая, энэ
хүн чинь ийм авьяастай хүн байсан юм” гэж хэлсэн. Тэгээд Төв хороо зөвшөөрч ном
хэвлэгдэх болсон юм. 1989 онд номыг хэвлэлтэд шилжүүлж, 1990 онд ардчилал гарах
үед хэвлэгдэж таараад “Сүмтэй будрын чулуу” гэдэг ном мэндэлсэн. Тэр номонд Төрийн
шагнал олгосон юм шүү дээ. Ээжийг нь дагуулж очоод төрийн шагналынх нь тэмдэг дипломыг
нь гардуулж байлаа. Төрийн шагналыг олгоход
дагалддаг 15 мянган төгрөг өгөх болтол Туул гэдэг эмэгтэй Чойномтой сууж байсан
гэж нэрийг нь бариад шүүхдсэн. Ардчиллын
өнгөн дээр чинь худлаа ярьдаг улс их гарч ирсэн шүү дээ. Ардчиллыг муулж байгаа
юм биш шүү. Ардчиллыг зоргоороо байж болдог зүйл гэж манайхан янз бүрээр ойлгоод
байсан шиг. Гэтэл тэр эмэгтэй шүүхдсэнээс болоод бүтэн жил нөгөө мөнгө нь олгогддоггүй.
Тэгтэл Бямбасүрэнгийн хорьдугаар тогтоол
гараад мөнгөний ханш унахад өнөөх 15 мянгыг 30 мянга болгож өсгөж өгсөн. Тэрний
дараа нь 15 мянгыг Туулд, 15 мянгыг ээж Д.Рэгзэнд
нь хувааж өгсөн. Тэр Туул уг нь огт хамаагүй хүүхэн. Шарил дээр нь
Нина л очсон болохоос тэр эмэгтэй
очоогүй шүү дээ. Ээж нь тэр үед “Эх миний эргэлзээ” гэж ил захидал бичиж, тэр нь сонинд хэвлэгдэж билээ.
-Чойномын
шүлэг бүтээлүүдийг та эмхэтгэн ном гаргасан гэж байгаа. Тэгэхээр танд тэр бүтээлүүд
нь байсан учраас эмхэтгэсэн гэсэн үг үү.
-Цэдэв болгоомжтой, хянуур
хүн учраас Чойномын бүтээлийг эмхэтгэн гаргах комисс гэж байгуулаад надаас гадна
Яруу найргийн зөвлөлийн эрхлэгч байсан болохоор Д.Цоодолыг миний хажууд дайж өгөөд
миний найз Бямбааг нэмэрлээд оршил үгийг нь би бичиж, тэр ном гарсан юм. Бүтээлүүдийг нь хүмүүсээс цуглуулсан. Хүмүүсийн гар дээр тарсан
байсныг сонин хэвлэл, радиогоор зарлаад
цуглуулж номыг нь гаргасан. Бидний гар дээр ч байсан бүтэлүүдийг нь нийлүүлж ном
бүтсэн. “Сүмтэй будрын чулуу” гэж би номыг
нь нэрлэсэн юм. Өөрөө Сүмтэй будар гэж их ярьдаг байлаа. Тэрийг нь бодож өгсөн дөө.
-Нутаг
усанд нь байдаг газрын нэр үү?
-Сүм хийд шиг тийм чулуунууд байдаг байж. Өөрт нь их л ойр байсан санагддаг.
-Хүмүүс
нэг юм яриад л байдаг юм. Таныг шүлэгнээс
нь аваад өөрийн болгочихсон мэтээр.
-Бид биенээ шинэ сэргэг шүлэг яруу найргаараа сэрээн дуудаж байсан
юм. Бие биедээ шүлэг зориулж явлаа. Бие биедээ онгод бэлэглэж, шоронгоос надад
захиа илгээж, би хариуг нь бичиж байв. Шүлэг хулгайлсан гэдэг яриа бол тэр Туул
энэ тэр л гаргасан шүү дээ. Бүтээлээс нь хулгай хийсэн гээд. Хоёр өдөр дараалан
тэр үеийн “Улаанбаатарын мэдээ” сонинд бичсэн шүү дээ. Гүтгүүлэх шиг муухай юм
үгүй. Нөхрийн шүлгийг хулгай хийх нь байтугай өөрийн авьяасаараа мандаж явсан үе.
Намайг тэгж гүтгэж бичсэнийхээ дараа Сампилдэндэв
хар далайд эхнэртэйгээ явж амарсан. Сүүлд нь Сампилдэндэв гэмшээд л “Би таны өмнө
их муухай юм хийсэн” гэсэн. Эзэн нь хэн гэдгийг мэдэх үү гээд хэлж байсан. Би эзнийг
нь мэднэ гээд, энэ гүтгэлэгт түлхсэн хүмүүсийн нэрийг хэлсэн.
-Одоо
хэлж болохгүй юм уу?
-Зарим нь нас барсан шүү дээ. Тэр үедээ яригдаж л байсан.
-Хоёулаа
яриагаа Чойномдоо хандуулъя. Чойном гуай ямар нэг газар ажиллаж байсан биз дээ.
Хаана ажиллаж байв?
-Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт ажиллаж байсан. Төдөлгүй гарсан.
Урчуудын эвлэлийн хороонд зураач, Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд бичээч зэрэг ажил
хийсэн байдаг. Нэг газраа удаан тогтож ажилладаггүй. Жаахан юм зурж амиа тэжээхийн тулд, гарын ураар
хэдэн төгрөг олдог. Сүүлийн жилүүдэд бараг ажиллаагүй. Гэхдээ уран бүтээлээ туурвисаар
байсан юм.
-Амьдралынх
нь сүүлийн жилүүд яаж өнгөрсөн юм бол?
-Их гунигтай өнгөрсөн дөө. Айлд үхнэ гэдэг ямар олиг байхав дээ.
Дэмбэрэл гэж зураач Чойномын зохиолыг шүтдэг, хүнийх нь хувьд хайрладаг учраас
гэртээ байлгадаг байсан байхгүй юу.
-Хүнийхээ
хувьд ямар хүн байсан юм?
-Муугүй хүн байсан шүү. Тэр кинонд гардаг шиг хүнтэй хэрэлдэж агсам
тавиад байхгүй, архи уулаа ч заавал нэг стаканд ус хийж зөөллөж ууна. Ингэж уугаад
ямар хэрэг байдаг юм гэж бид хэлдэг л байв. Ер нь хүнтэй муудалцах нь ховор, кинонд
үзүүлдгээс өөр хүн байсан юм шүү дээ. Зураг зурчихаад, хүн шоолсон, шоглосон шог
үг хэлнэ. Их зоригтой, бидэн шиг гэр бүл эхнэр хүүхэд гэж баригдахгүй хүн чинь шоронд орсон ч айхгүй л бичнэ. Бид бол
шоронд орвол хэдэн хүүхэд турж үхнэ гэж санаа зовно шүү дээ.
-Танд
захидал бичдэг байсан юм билээ. Тэр захидлаас сонирхож болох уу. Олон бүсгүйн
нэр дурдагдсан байх юм. Дусья гэж хэн бэ, зориулсан шүлэг дурдагдсан нь их болохоор
асууж байгаа юм шүү?
-Олон захидал бий дээ. Балын харандаагаар бичсэн захидлууд нь “Залуучуудын
үнэн” сонинд нийтлэгдэж байсан. Дусья гэж Ш.Дулмаа.
-Яруу
найрагч уу, тэд нөхөд явсан уу?
-Тиймээ, тэд олон л янзын
холбоотой байсан байх. Бие биедээ бичсэн шүлэг,
захидал нь байдаг л юм.
-Энд
нэг захидалд Дуурийн театрын Цэрмаа гэж бүсгүйн зургийг олж явуулаач гэсэн байх
юм…
-Биднийг түүнтэй захидлаар холбож
өгөхийг хүссэн байсан. Хүүхдэд олон юм яриад яахав. Олон бүсгүйтэй холбогдож, шүлэг
найргаа бичиж явсан нь бий.