Нефть импортолдог компаниуд чанаргүй шатахуун нийлүүлж байгаагаас
болж сүүлийн үед автомашины бензин насос эвдэрч байгаа тухай ярих боллоо. Үйлдвэрээс
гараад удаагүй, эсвэл Монголд орж ирээд хэсэгхэн “гүйсэн” машин худалдаж авсан иргэдийн
бензин насос эвдэрч байгаа аж. Энэ талаар тодруулахаар автомашины томоохон зах болох
“Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг машины сэлбэг худалдаалдаг газруудаар явсан юм. Сүүлийн
үед автомашины борлуулалт нам зогсоод байгаа гэнэ. Мөн сэлбэг хэрэгсэл ч борлогдохгүй
болсон талаар наймаачид хуучлав. Тэд үнэтэй автомашины бензин носос олноор
шатах болсон талаар ярьж байв. Гэхдээ өндөр үнэтэй автомашины бензин насос шатаж
байгаа гэнэ. Мөн автомашины гэрээт борлуулагч нараас худалдан авсан машинууд
ихэвчлэн эвдэрч байгаа гэж онцолж байлаа. “Хэт моторс” компанийн автомашин сэлбэг худалдаа болон засварын төвд
очив. Тус газрын засварчид болон ерөнхий инженер “Монголд огт явж байгаагүй “Лексус 570”, “Ланд Крузер” 200 болон үйлдвэрээсээ гараад удаагүй шинэ “Ланд
Крузер” 100, 105 зэрэг автомашины бензин носос эвдэрлээ гэж жолооч нар манайд
оношлуулахаар ирж байна. Оношилгоонд орж буй автомашины ихэнхийн бензин насос эвдэрсэн
байна лээ. Сар гаруйн хугацаанд “Лексус 570”, “Ланд Крузер” 200 болон “Ланд Крузер” 100, 105 зэрэг 40 гаруй автомашины
жолооч нар хандсан. Бензин насосыг нь аваад үзэхээр шүүр, болон сувгууд нь бөглөрсөн, эсвэл цахилгаан масс үүссэн байна лээ.
Бид юунаас болоод ингэж эвдрээд байгааг нь мэдэхгүй. Үүнийг холбогдох газрууд шалгаж
тогтоох байх” гэсэн юм.
“ЧАНАР МУУТАЙ ШАТАХУУНААС БОЛЖ
МАШИНЫ БЕНЗИН НАСОС ХАМГИЙН ТҮРҮҮНД
ЭВДЭРДЭГ”
Харин автомашины инженерүүдийн
хэлж буйгаар “Машины бензин насос шатах, эвдэрч байгаа шалтгаан нь тодорхой. Үндсэн
дөрвөн шалтгааны улмаас эвдэрдэг аж. Бензин
насос гэдэг бол цахилгаан мотор юм. Автомашинд маш ихээр ажилладаг цахилгаан мотор
бол яах аргагүй бензин насос. Автомашины хөдөлгүүр төдий чинээ ажиллана бензин насос
мөн ижил байнга ажилладаг бөгөөд удаан эдэлгээний явцад цахилгаан мотор доторх
зэс утасны лакан бүрхүүл халснаас болж хайлж бензин насосны чадлыг бууруулдаг.
Шар гэрэл асчихсан байхад их явснаас эвдэрдэг. Мөн чанаргүй бензин,
эсвэл банкинд ямар нэгэн хог, шороо орсон үед эвдэрдэг. Сүүлийн үед машины банкинд
хог, шороо орох гэсэн ойлголт байхгүй болсон. Шинэ “Лексус 570”, “Ланд Крузер” 200 болон “Ланд Крузер” 100, 105 зэрэг машины бензин
насос эвдрээд байна гэсэн. Мэдээж шинэ, олон километр яваагүй болохоор насжилтын
хувьд санаа зовох зүйлгүй. Харин эдгээр машин муу шатахуунаас болоод эвдэрч байх
магадлал маш өндөр. Бензин насосны чадал буурснаар машины хөдөлгүүр хүчгүй болох,
дүлгэнэх, хааз авахгүй болох, унтрах шинж тэмдгүүд илэрнэ. Шатахууныг чанар муутай
эсэхийг шатахууны октаны тоог шалгаж үзээд мэдэж болно ” гэв.
БЕНЗИН НАСОС НЬ ЭВДЭРСЭН ОЛОН ЖОЛООЧ
БАЙНА ГЭВ
Автомашиных нь бензин насос эвдэрсэн жолооч У.Нямпүрэвтэй уулзлаа.
Тэрбээр “Би “Лексус 570” аваад удаагүй байгаа юм. Ямар ч асуудалгүй машин авч байсан.
“Петровис” компаниас шатахуун хийгээд 40 гаруй километр яваад машин хааз авахаа
больчихсон. Бүр ямар ч хүчгүй болоод байхаар нь автомашины оношилгооны газарт очиж
үзүүлсэн бензин насос нь эвдэрчихсэн байсан. “Петровис” компанийн шатахуун түгээх газраас бензин аваад ийм болчихлоо
гэсэн олон иргэн байна лээ” гэв.
ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Сүүлийн үед “Машины бензин насос эвдэрлээ” гэх гомдол “Петровис” компанид арав гаруй ирсэн гэнэ.
Гэхдээ ихэнх нь гомдлоо буцаан авсан гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Мөн Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын газар энэ талаар хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа гэнэ. Одоогоор
тус компанийн найман лаборатори “Импортолж
буй бензин ямар нэгэн асуудалгүй” гэсэн дүгнэлтийг
гаргажээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хэдэн иргэн “Петровис” компаниас
шатахуун авсны дараа машины цагаан гол дуугараад байна. “Петровис”-оос А-92 шатахуун
хийсний дараа машин хүчгүй болох, цагаан гол дуугарах гэх мэт байдал 3-4 удаа ажиглагдсан.
“Петровис”-ийн шатахууны октаны тоог шалгаад өгөөч” гэсэн гомдлууд иржээ.
Мөн ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн энэ сард шатахууны үнийг
40-50 төгрөгөөр нэмэх тухай Газрын тосны газраас мэдэгдсэн. Харин Засгийн газраас үүнийг
няцаасан.
Үүнээс үүдэн нефть импортлогч компаниуд шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс хямд
үнэтэй чанаргүй шатахуун оруулж ирээд байна уу гэсэн хардлага иргэдийн дунд үүсээд
байна. Харин энэ талаар “Петровис” компанийн ажилтнаас тодруулахад “Чанарын тал
дээр ямар нэгэн асуудал байхгүй. Иргэд октаны тоо өндөртэй шатахуун хэрэглэх ёстой
машиндаа бага октантай шатахуун хийж байгаагаас болсон байж магадгүй” гэсэн юм.