“Бразил-2014”-ийн эхний өдрүүдийн хамгийн том сенсааци нь Испанийн
шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй гэдэг асуудал байлаа. Түүх сөхвөл францчууд
1998 онд дэлхийн аварга болсныхоо дараа 2002 оны тэмцээнд нэг ялах нь битгий хэл
нэг гоол оруулж үзэлгүйгээр хасагдаж байсан. Италичууд 2006 онд дэлхийн аварга болсныхоо
дараа 2010 оны Африкийн тэмцээнд ирээд бас л нэг ч ялж чадалгүй гэртээ харьж байлаа.
Дээрх хоёр багтай харьцуулахад Испанийн шигшээ багт хүндэтгэх шалтгаан бий. Тэд
гэнэт цойлж гарч ирээгүй. Тэд 2006 оноос эхлэн дэлхийн хөлбөмбөгийн моодыг тодорхойлж
даруй 10 орчим жил энэ хэлбэрээ хадгалан бусад улсын шигшээ багийг чичрүүлж байлаа.
Испанийн шигшээ багийн Хави, Иньеста, Касильяс, Рамос, Торрес нарын түүх үүгээр
төгсч байгаа ч тэдний ард Иско, Лорьенто, Морьено гээд өчнөөн олон залуучууд зайг
нь нөхөх гээд хүлээж байгаа. Тийм учраас тэд айх юмгүй залуу үедээ халаагаа өгнө.
Испанийн шигшээ багийн ганц алдаа цагийг нь олж залуу үедээ зай тавьж өгөөгүй гэдэг
л байх шив дээ. Энэ бол тоглогчдын буруу биш, багийн ахлах дасгалжуулагч Де Боскегийн
алдаа юм шүү дээ. Испанийн шигшээ багийг баллаж мэдэх ганц алдаа нь авч болох бүх
шагналыг авсан “хөгшчүүл”, тэдэнд цаашид тоглох сонирхол бий юу гэдэг л тэдний хамгийн
том дутагдал хэмээн манай сонин өмнө нь бичиж л байлаа.
Тэр нь ч энэ удаад батлагдав. Хамгийн харамсмаар нь өмнөх дэлхийн
аврага багийнхны хувьд эмгэнэлтэй, ичмээр бас гунигтайгаар унав. Гэвч тэд хөлбөмбөгийн
түүхэнд хийдгээ хийж, гавьяагаа тамгалсан улсууд учраас тэднийг битгий муулаарай.
Робин
ван Перси (Нидерландын шигшээ багийн довтлогч): Бид нэгдүгээр үед ямар
муу тоглов оо. Ерөөсөө болж өгөхгүй байсан. Гэхдээ австраличуудыг магтах хэрэгтэй.
Тэд хором ч зогсохгүй хөдөлж байсан шүү дээ. Дэлхийн дэвжээнд тоглож байгаа хүн
хэсэг ч хугацаанд зогсч болохгүй гэдгийг өнөөдрийн тоглолт харууллаа. Ийм тоглолтод
заавал ялж байх хэрэгтэй. Хоёрдугаар үед 4-3-3 схемээр тоглож эхэлсэн нь ашгаа өгсөн
болов уу. Бид чинь дандаа ийм схемээр тоглодог байсан тул их амар санагдсан. Миний
шар хуудасны тоо хэтэрсэн тул Чилитэй тоглох тоглолтыг өнжинө. Нэг бодлын сайн ч
юмуу.
Серхио Рамос (Испанийн шигшээ багийн төвийн хамгаалагч): Маш
хүнд байна. Испанийн шигшээ багийн хувьд өнөөдөр тун хэцүү өдөр. Гэхдээ энэ бол
Испанийн хөлбөмбөгийн төгсгөл биш шүү. Бид түүхийг бүтээсэн. Яг энэ баг Европын
аварга болж дэлхийн аваргын цомыг анх удаа нутагтаа авчирч байсан. Үүнийг мартах
аргагүй. Бидний араас сайн, авьяаслаг залуучууд гарч ирж байгаа. Бид Австралийн
шигшээ багтай тоглох тоглолтоо толгой өөдөө цоглог тоглож дуусгана.