Categories
мэдээ нийгэм

Д.Одхүү: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Эгийн голын УЦС-ын төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн

Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа. 

-Эгийн голын усан цахилгаан станц төслийг эхлүүлэх шийдвэр гаргах үед буюу өнгөрсөн оны сүүлчээр эдийн засаг харьцангуй тогтвортой байсан. Гэтэл он гарсаар нөхцөл байдал дордож эхэлсэн. Цаашид санхүүгийн хямрал удаан хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна хэмээн зарим эдийн засагчид ч хэлэх боллоо. Ийм үед ЭГУЦС-ын төсөл дахин бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол байгаад байх шиг?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу төслийн нэгж байгуулагдаж, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт-ын цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олгосон. Тухайн үед нь шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлэхээр болсон.  Энэ төслийг хэрэгжүүлэх нь цаг үеийн шаардлага болоод байгаа учраас Монгол Улсын Их Хурал,Засгийн газар, Эрчим хүчний Яам болон бусад холбогдох газрууд дэмжиж байгаа. Өмнө нь энэ төсөл хоёр ч удаа бүтэлгүйтсэн нь үнэн. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарладаг. Энэ нь тэдний хувьд өөрсдөд нь зөв болоод л яваг. Төслийн нэгжийн захирал гэхээсээ илүү Д.Одхүү гэдэг хувь хүнийхээ байр сууринаас авч үзвэл энэ нь зөвхөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй гадаад болон дотоод олон нөхцлүүдээс хамааралтай. Магадгүй 1990-ээд оны эхээр цаг нь болоогүй ч байсан байж болох талтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам тогтвортой өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэ төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Одоо бол санхүүжилт зогсч, төсөл хэрэгжихгүй байх вий гэдэг дээр бус ажлаа өмнөх алдааг давталгүй, хэрхэн чанартай, шуурхай гүйцэтгэх дээр л төвлөрч, шалтгаан тоочих бус зорилгоо биелүүлэхийн төлөө мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд манай төсөлд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг нь тасалдуулалгүй, хугацаанд нь олгож байвал бидний ажил ямар нэгэн саадгүй бүтнэ.

-Төслийн төсөвт өртөг батлагдсан уу?

– ТЭЗҮ-ийн шинэчлэл, эдийн засгийн тооцооллын үнэлгээ зэрэг нь ирэх сард батлагдах учраас тухайн үед хэдий хэмжээний өртгөөр станц босох нь тодорхой болно. Өмнө нь 1992-1995 онд ТЭЗҮ хийгдсэн гэх утгаараа зарим талаар дөхөмтэй байгаа. Тэндээс шууд авч ашиглах эсвэл засч сайжруулаад тооцоолол судалгаандаа ашиглах олон зүйлс бий. Одоогоос 20-оод жилийн өмнө батлагдсан хэдий ч саяхныг хүртэл сайн төсөл хэмээн сайшаагдаж байсан юм шүү. 

-ЭГУЦС Монголын эрчим хүчний системд горим тохируулагч хэлбэрээр оролцоно гэдгийг та тайлбарлаач?

-Эгийн голын 315 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг 220 кВ-ийн хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр өдрийн болон оройн оргил ачааллын үед Оросоос эрчим хүч импортлох бус дотоодоосоо буюу ЭГУЦС-аасаа нийлүүлнэ.Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тохируулж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэх утгаараа усан цахилгаан станц эрчим хүчний системд горим тохируулагч болж өгдөг. Нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станцуудын хувьд эрчим хүчний хэрэглээ бага үед үйлдвэрлэлээ түүнд нь тохируулах боломж нь хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэн хэрэглэгчид үргүй цахилгаан үйлдвэрлэсэн өртгийг, хэрэглэсэн эрчим хүчнийхээ үнэтэй хамт төлдөг. Оросын холбооны улсаас жил бүр импортолдог 25-26 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчийг усан цахилгаан станц маань үйлдвэрлээд зогсохгүй цаашилбал ДЦС-ууддаа дэм өгөх боломжтой. Төсөл дээр дэлхийд тэргүүлэгч Францын “Tractebel Engineering” компани зөвлөхөөр ажиллаж байна. Бид өөрсдийн хүчээр буюу Барилгын инженерийн их сургуулийн эрдэмтдийн тооцооллыг зөвлөх компанийнхтай тулгахад зөрүү ажиглагдаагүй. Ганц нэгхэн зарчмын зөрүүтэй зүйлс байсныг үгүйсгэхгүй. Суурилах хүчин чадлыг 315 мВт-аар тогтоосон. 

-ЭГУЦС барих төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд гэвэл?

-113 метр өндөр, 744 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус далангаар хашигдах нуурын толион талбай нь 151 ам.дөрвөлжин км. Тус бүр нь 69 МВт хүчин чадал бүхий дөрвөн мөн тус бүр 20 МВт хүчин чадал бүхий хоёр турбин генератор суурилуулах юм. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ 220 кВ-н хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх учраас ЭГУЦС Эрдэнэт хотыг холбосон 72.3 км урт цахилгаан дамжуулах шугамыг барих юм. Мөн 78 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр 324 м урт гүүр баригдана.

-Усан сангийн нутаг дэвсгэрт хамаарагдах Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хангай багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухайгаа дэлгэрэнгүй яриач?

– Сарын өмнө Хантай багийн иргэдийн хурал дээр төслөө танилцуулсан. Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултанд ч хариулсан. Орон нутгийн иргэд маань манай төслийг дэмжиж байгаа. Бид бүтээн байгуулалт явагдах тухайн орчны байгалийн унаган төрх, эко систем, амьтны төрөл зүйл гээд бүгдийг нь тэр хэвээр нь хадгалж үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа. Нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх, үүнд зарцуулагдах хөрөнгийн санхүүжилт, иргэдэд олгох нөхөн олговор өгөх эсэх асуудлууд нь удахгүй тодорхой болно. Энэ бүх асуудлыг манай төслийн нэгж дангаар шийдэхгүй нь мэдээж. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан Булган, Орхон аймгийн ЗДТГ, төслийн нэгжийн дэд захирал тэргүүтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дээр талбай чөлөөлөлтийн ажлын зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Багийн иргэдийн өөрсдийн сонголтоор одоогийн суурьшлын бүсээс 4-5 км зайд буюу усан цахилгаан станцын нуурын эрэг хавьцаа нүүлгэн суурьшуулахаар газраа товлоод байна. 

-Байгалиа унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа учраас нутгийн иргэд төслийг хэрэгжүүлэхийн эсрэг зогсохгүй байна гэж ойлгож болох нь ээ?

-Яг тийм. Нутгийн иргэд бүтээн байгуулалттэр дундаа байгаль орчинд ээлтэй гэдгээр нь ихээхэн дэмжиж байгаа. Хамгийн чухал нь олон жил идээшиж дассан газар нутгийг нь ганц усан цахилгаан станц бариад орвонгоор нь эргүүлчихэж магадгүй нь гэсэн Хантай багийнхны эргэлзээ бүр мөсөн арилсан. Тухайлбал энэ сарын эхээр ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн археологийн баг, МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим, Монголын үндэсний музей-Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хамтарсан таван багийн багийн 170 гаруй археологийн эрдэм шинжилгээний ажилтанархеологийн авран хамгаалах, малтлага судалгааны ажилдаа гарсан. Одоогоор Эрдэнэтээс төслийн талбар хүртлэх замд 22 археологийн олдворыг тогтоож, цэвэрлэн, баримтжуулж байна. Ер нь төсөл хэрэгжих бүс нутагт 300-аад эртний ховор олдвор байгаа нь археологийн удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон. Эгийн голд Монгол орны тул загасны багагүй хэсэг нь амьдардаг учраас Байгаль хамгаалах Монголын тул сантай хамтран ажиллаж байна. Орхон Сэлэнгийн бэлчирээс эхлээд усан сан байгуулагдах газар хүртэлх Сэлэнгэ мөрөн, Эгийн голын загас болон  усны амьтдын судалгааг хийж байна. Гэхдээ усан цахилгаан станц байгуулагдсанаар загасны тоо толгой буурах нь бүү хэл, томоохон хэмжээний нуур үүсэх учраас харин биологийн таатай нөхцөл бүрдэхийн эрдэмтэд онцолж байсан. Давхар мод хөрс, бусад төрлийн ан амьтан зэрэг экологийн бүх төрөл зүйлийн судалгааг иж бүрнээр нь хийж байна. Өмнө нь палеонтологийн талаар ямар нэгэн судалгаа байгаагүй учраас саяхан энэ чиглэлийн судалгааг хийлгэсэн. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Палеонтологийн төвийн судалгаагаар палеонтологийн ямар нэгэн олдворгүй гэдгийг албан ёсоор тогтоох судалгаа хийсэн гэсэн үг шүү дээ. 

-Малталтаас илэрсэн түүхийн олдворуудаар орон нутагт музейбайгуулна гэдэг үнэн үү?

-Нэн ховор үзмэрүүдийгмэдээж үндэсний архелогийн музейд хүргүүлнэ. Бусдыг нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа хажууд байгуулах музейдээ байршуулна. Мэдээж тодорхой тооны олдворуудыг аймаг, орон нутгийн музейн үзмэр болгоно. ЭГУЦС байгуулагдана гэдэг нь аялал жуулчлалын шинэ чиглэлийг бий болгож байгаа хэрэг. Газарзүйн содон тогтоц, бүтээн байгуулалтыг үзэхээр олон хүн тийш зорих нь тодорхой учраас станцынхаа хажууд музей байгуулахаар болсон. Өмнө нь хүрэл зэвсгийн үеийн дуулга, тогоо, Хүннү гүрний үеийн алтаар чимэглэсэн тэрэг бүхий булш хүртэл олдож байсан юм шүү дээ. 

-Усан цахилгаан станц хэдэн жилд өртгөө нөхөх вэ?

-Нүүрснээс эрчим хүч дулаан гаргаж авдаг Дулааны цахилгаан станц алдагдалтай ажилладаг бол сэргээгдэх эрчим хүчний станцууд өөрийн өртгөө бүрэн нөхөөд зогсохгүй, ашигтай ажилладаг. 2020 он гэхэд ЭГУЦС импортын эрчим хүчний дийлэнхийг үйлдвэрлэх боломжтой. Усан цахилгаан станцыг 50-100 жил ажиллана гэж үздэг. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд өртгөө хэдийд нөхөх талаарх судалгаа гараагүй байгаа ч ерөнхийдөө усан цахилгаан станц 15-20 жилийн дотор өөрийн өртгөө нөхдөг. Тэгвэл үлдсэн 80 жилд нь цэвэр ашигтай ажиллана гэсэн үг. 

-ЭГУЦС Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж байхыг чинь сонссон. Яагаад?

-Энд огт гайхаад байх зүйлгүй. Эгийн голын усан цахилгаан станцтай ижил хүчин чадал бүхий ДЦС-ыг Улаанбаатар хотод барьсан бол доод тал нь 500 мянган тонн хүлэмжийн хийг Улаанбаатар хотын агаарт ялгаруулах байсан. Харин УЦС огт хүлэмжийн хий ялгаруулдаггүй. Хүчин чадлын хувьд манайхаас дутахааргүй хоёр гуравхан усан цахилгаан станц нэмээд барьчих юм бол Монгол Улсын эрчим хүчний системийн эх үүсвэрийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, улмаар эрчим хүчний салбарт шинэ эрин эхлэх юм. Багануур, Шивээ Овоо, Шарын гол зэрэг томоохон нүүрсний ордуудынхаа дэргэд цахилгаан станцуудаа байгуулаад эрчим хүчээнийлүүлж байхад утааны асуудлаасаа салж болно. Харин нийслэлчүүдийн цахилгааны асуудлыг ингээд шийдчихлээ гэхэд дулаанаа утаагүй, хийгээр ажилладаг дулааны станцуудыг дүүрэг бүрт, хороодын дунд байгуулах хэрэгтэй.