Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын санаачлан өргөн барьсан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн.
Уг хуулийн төслийг санаачилсан гишүүд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ухаалаг төрөөс ухарсан нүсэр бүтэц, орон тоотой” хэмээн шүүмжилсэн. Тиймдээ ч тус байгууллагын бүтцийг нь унагаж хяналтын үүргийг Засгийн газрын яамд болон төрийн захиргааны байгууллагуудад тарааж өгөх тухай ярьсан.
Зарим гишүүдийн нүсэр бүтэцтэй хэмээн тодотгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилжээ. Уг томилгооны захирамжид “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн Д.Батмөнхийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилсугай” хэмээжээ.
Д.Батмөнхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилох шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сард гарсан ч түүнийг тойрсон хэл ам тасраагүй байсан юм. Ийнхүү Ерөнхий сайд захирамж гарган түүнийг жинхлэн томилж байгаа ажээ.