Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар гишүүнийг “буудна” хэмээн заналхийлжээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Газрын тухай хуультай холбоотойгоор нэр хүндэд нь халдаж, дарамтлах болсон байна. Тэрбээр энэ өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Б.Гарамгайбаатар гишүүн лхагва гаригт Засгийн газрын “11 11” төвд ажиллаж, Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн юм. Тэр үеэр  Газрын тухай хуультай холбоотой асуудал ярьж, үл мэдэгдэх утаснаас түүн рүү янз бүрээр дайрч давшилжээ.  Энэ талаар “Амь насанд  чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон” гэдгээ мэдэгдэв. Түүний хэлснээр Газрын тухай хууль ярьж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утас руу 966614.. дугаараас “Буудна шүү, 2008 оны  долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулна” гэсэн мессеж удаа дараа ирж байгаа гэнэ. 

Тэгвэл өчигдөр орой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг чуулганы танхимаас гарч ирээд алхаж явтал гар утсанд нь нэгэн мессэж ирэв. Тэрбээр гар утас руугаа сүрхий харснаа “Газар шороог минь тайван байлга. Тэгэхгүй бол… Энэ яасан өвчтэй хог вэ. Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм байх даа” гэсээр явж одсон юм. Энэ мэтчилэн УИХ-ын бүхий л гишүүдэд ийм утга бүхий мессэжүүд ирсээр байна. 

Э.ЭНХ