Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг:Буянт-Ухаа 1 хорооллын байрыг банкны барьцаанд тавих боломж олгосон

Пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтаар эхэллээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ.

Баянхонгор аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган аймгийн Тэшиг сумдын иргэдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хэлбэрээр холбогдож, орон зайн хамааралгүйгээр дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байгаад нь баяр хүргэлээ.  Алслагдсан сумдад интернетийн үйлчилгээ хүрснээр зайн сургалт, алсын оношлогоо, цахим хурал зохион байгуулах зэрэг олон боломжийг шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ. Дээрх сумдын иргэд, удирдлагуудтай холбогдож ярилцсаны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд захиалга өгч, азтан болсон иргэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй хүлээлт үүсээд байна. Засгийн газар орон сууцны журмандаа өөрчлөлт оруулсан гэх. Зээлд хамрагдахад саад болсон заалтыг өөрчилсөн гэж ойлгож болох уу?

-Засгийн газраас гаргасан журамд “Буянт-Ухаа-1” орон сууцанд хамрагдсан иргэн түүнийгээ 15 жилийн турш зарж болохгүй гэж заасан.  Гэхдээ бид арилжааны банкуудаас ирүүлсэн саналын дагуу тус байрыг банкны барьцаанд авах боломжийг олгож, журмандаа өөрчлөлт оруулсан. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах нэрсийн жагсаалтыг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Түүн дотор Хөтөлийн цементийн үйлдвэр багтжээ. “Чингис” бондоос асар их хөрөнгө гаргаж, өргөтгөн, ашигтай ажиллах боломжоор хангаж байна гэж  ярьж байсан. Гэтэл одоо яагаад хувьчлах жагсаалтад оруулах болов? 

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис” бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжсэн. Гэхдээ цаашдаа хувьчлах асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн. Цементийн үйлдвэр төрд байх нь нэг их ач холбогдолтой биш. Гэхдээ хувьчилснаар зээлийг нь төлүүлэхгүй гэсэн үг биш. Илүү ашигтай ажиллуулахын тулд компанийнхантай яриад хувьчлах нь зүйтэй гэж үзсэн юм. Ер нь манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хувьчлалд санаа зовох юм байхгүй, бүгд ил тод болно. Урьдчилж хувьчлалыг зарлана, маш ил тод өрсөлдөөнтэй шударга зохион байгуулна. Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн газарт амралтын газар байна. Байгалийн  үзэсгэлэнт газар байрладаг, төрийн өмчит байгууллага хэрнээ  жилд 51 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ийм амралтын газар хэрэггүй. Гаалийн ерөнхий газрын харьяа  бас л алдагдалтай ажилладаг гурван ч амралтын газар байна,. Дарга нар нь очиж амардаг бусад үед цоожтой байдаг. Эрчим хүчний яамны харьяа амралтын газар Тэрэлжид мөн байна. Монголын Засгийн газар таван амралтын газраар яах юм бэ.

-УИХ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогыг баталж байсан. Түүнд ойрын жилүүдэд МИАТ компанийг хувьчлахгүй гэж заасан, энэ яагаад өөрчлөгдөх болов?

-Алдагдалтай ажилладаг МИАТ –ийг яах юм. Би бүхнийг мэддэг мэргэн жараахай биш. Гэхдээ МИАТ компанийг 100 хувь биш, 49 нь хувьд, 51 хувь нь төрд аваад үлдэхээр хувьчлалыг  хийхээр тусгасан. Би бол арай их хувийг хувьд өгч, арай багийг нь төрд авч үлдэх ёстой гэсэн байр суурь баримталдаг.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр хөрөнгө мөнгөтэй хүмүүст газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хуульд тусгасан нь маш буруу. Тэгээд ч хугацаа нь маш урт байна гэдэг шүүмжлэлд та юу хэлэх вэ?

-Сошиал медиа бий болсноос хойш гүтгэлэг цацдаг сөрөг үзэгдэл бий боллоо. Твиттер, фейсбүүкээр цацдаг шиг тийм агуулга хуулийн төсөлд тусаагүй. Түүнийг нь хэлэхээр зөрүүлээд бөөн хэрүүл үүсэх юм. Өнөөдөр өглөө Ц.Баярсайхан сайдаас асуусан тийм юм байхгүй л гэж хариулж байна лээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “11-11 төвд” очиж, энэ асуудлаар иргэдэд хариулт өгсөн. Түүний дараагаас эхлүүлээд өчигдөр оройжин надад мессеж ирсэн, өнөө өглөөжин ирлээ. Цуурхал тараагаад ажил хийлгэхгүй байна.

Газрын хуулиа өргөн бариад батлуулах гэхээр ажил хийлгэхгүй байгаа байхгүй юу. Энэ бол явж явж цөөхөн тооны газар хуваагаад авчихсан иргэдийн дэгдээж байгаа дуулиан юм.  Уг нь дээрх хуулийн хүрээнд иргэддээ газар эзэмшүүлэх өргөн боломжийг нээх байсан. Бид буруу зөрүү юм хийх гээгүй, гэхдээ Ц.Баярсайхан гишүүнтэй яриад төслөө татаад авъя гэсэн. Хүмүүсээр мессеж бичүүлээд твиттер нтр-ээр хэрэлдэх үнэн төвөгтэй юм. Тийм учраас ирэх намар хуулийн төслөө сайн тайлбарлаад УИХ-д дахиад өргөн мэдүүлдэг юм уу, яадаг юм. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна, би та бүхэнд бодит үнэнийг л хэлж байна. Ер нь Засгийн газар бүр гадаадынханд газраа хувьчилъя, заръя гэдэг юм хийхгүй, манай иргэд итгэмээр л байгаа юм. Даанч хэтэрхий их суртал ухуулга явахаар иргэд үнэмшчихээд байх юм. Наадам дөхчихсөн болохоор үймүүлээд байна. Иргэддээ хандаж дахиж битгий мессеж нисгээд бай, хайран мөнгө гэж хэлэх байна.

-Та өчигдөр Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төмөр замын царгийг ямар байдлаар шийдвэрлэхээр тусгасан бэ? 

-Царигийн асуудал УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайд байхад шийдэгдсэн, саатуулсан л болохоос биш. Өчигдөр хуулийн төслийг дахиад өргөн мэдүүллээ. Гэхдээ тэр нь бүгд нарийн байна гэсэн үг биш. Үндсэн сүлжээ өргөн царигт суурилна гэдэг хэвээрээ. Гол нь экспортын чиглэлийн төмөр зам нарийн байх уу,  өргөн байх уу гэдгийг тухай бүрт нь Засгийн газар УИХ-аар шийдүүлж байх хуультай юм. Тийм учраас Засгийн газар олон удаа ярьж байгаад Тавантолгойгоос урд хөрш рүү гарч байгаа төмөр зам нарийн царигтай байх нь тохиромжтой гэж үзсэн. Тавантолгойгоос өргөн төмөр зам тавьчихвал нүүрсийг шилжүүлж ачих маш олон сая долларын өртөгтэй Шилжүүлэн ачих байгууламж барих шаардлагатай болно. Маш их өндөр өртөгтэй босно, үүнийгээ дагаад нүүрсний үнэ өсөхөөр байгаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн агуулга нь юу вэ?

-1990 оноос хойш ганзагын наймаанд яваад, тав гурван төгрөгтэй болоод тухайн үед татварын нөхцөл байдал янз бүр байснаас шалтгаалж түүнийгээ мэдүүлж чадаагүй, өнөөдөр бас баялаг бүтээгээд хэд гурван төгрөгтэй явж байгаа хүмүүсийг шалгалт хяналтаар шоронд хийдгийг багасгая гэсэн юм. Бусад улсуудад ийм хууль баталсан байдаг.  ОХУ, Турк, Казахсан зэрэг орнуудад. Гэхдээ энэ нь чиний татвар төлөх ёстой гэдгийг болиулна гэсэн үг биш, 100 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлж байсан бол түүнийгээ үнэн зөвөөр 500 сая төгрөгтэй гэж мэдүүлэхэд 400 сая төгрөгөө хааш нь нууж байсан бэ гэж дарамтлахгүй гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *