Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн
багтаамжтай жишиг бага сургууль барихаар төлөвлөжээ. Тус сургуулийг барихаар
төлөвлөсөн газар тав зургаан айл байгаа бөгөөд ихэнх нь газраа чөлөөлж нүүсэн
байна. Харин иргэн Д.Цоодол газраа чөлөөлөхгүй байгаа тул түүнийг зарим хэвлэл
мэдээлэл болон хороо, дүүрэг, Нийслэлийн өмчийн харилцааны газраас буруутгаж
гэмт хэрэгтэн мэт дайрах болж. “Pixar” энимейшний бүтээл болох “Up” буюу “Дээшээ”
нэртэй Америкийн хүүхэлдэйн киног бид бишгүй үзсэн. Нас дээр гарсан нэгэн
өвгөний газрыг авахаар хэдэн талаас нь янз бүрээр шахаж дарамталж эцэстээ
тэрээр арга барж байшингаа олон мянган агаарын бөмбөлгөөс уяж агаарт хөөрдөг.
Тэрээр хорвоо ертөнц дээр байж суухын аргагүй болж хүний орчлонгоос шахагдаад
агаарт хөөрөн гарч буй нь энэ. Яг үүнтэй адил үйл явдал манайд үүсээд байна.
Хүүхэлдэйн киноны өвгөн Чингэлтэйн иргэн Д.Цоодол гуай хоёр яг адил нөхцөлд
орсон санагдлаа. Хэдий олон зуун хүүхдийн эрх ашгийн төлөө сургууль барих гэж
байгаа ч нөгөө талаараа бас л хувь хүний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Ингээд
Д.Цоодол хөгшинтэй уулзахаар Хайлаастын эцсийн буудал хүрлээ.
Буудлаас холгүйхэн замын баруун талд гурав, дөрвөн гудамж яваад
Д.Цоодол гуайнд хүрэв. Гудамжны хэсэг айлууд саяхан нүүсэн бололтой хуучин
буурь байх бөгөөд хогийг нь цэвэрлэжээ. Ганц
эвдэрхий машины сэг л харагдав. Харин хажууханд нь хашаа хороо татсан юмгүй
хуучны цагаан байшин харагдана. Хэдэн
залуус шинэ банзаар хашаа хатгаж байх юм. Хашаа барьж буй талбай нь жижигхэн ч
байшингийн үүд хүртэл нэлэнхүйдээ ногоон сонгино тарьсан нь багсайтал
ургачихаж. Ингээд байшингаас 70 гаруй насны өвгөн нуруугаа үүрсээр гарч ирээд
хэсэг саравчилж харснаа “Хүн ирэхээр л айдаг боллоо. Өчигдөр МҮОНТ-ээс хүмүүс
ирээд ярилцлага аваад байсан. Орой баахан муулсан юм гаргана лээ” гэж бидэнд
хандаж хэлээд “Гэрт ор” гэв. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай
энд сургууль барих гээд ганцхан таныг газраа чөлөөлөхгүй байна гэх юм. Яг юу
болоод байгаа юм бэ?
-Манай газрыг трасст орсон учраас даруй газраа чөлөөлж эндээс
нүү гэсэн шаардлага надад ирсэн. Энэ байна Нийслэлийн өмчийн харилцааны газар
гээд. Тэгэхээр нь би Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батсайхан гэдэг
даргатай очиж уулзлаа. Би ганц бие хүн. Газар чөлөөлж чадахгүй гэдгээ хэлсэн.
Тэгсэн эндхийн айлуудыг миний эсрэг босгосон.
-Яаж?
-Газраа чөлөөлөөд нүүж байгаа айлуудыг цуглуулж миний эсрэг
босгож хөөж туугаад зогсохгүй “Чи бол үхэхээс өөр юмгүй өвгөн байна” гэж дайрч
доромжилсон. Тэр шөнө хоёр согтуу залуу манай хашааны хаалга балбаж “Чамаас
болж бид нар мөнгөө авч чадахгүй байна. Гөлөг минь чи ингэж байхаар зайлаач”
гээд явдаггүй. Нохой боргож байсан тулдаа арай гэрт дайрч орж ирээгүй явсан.
Ингээд л насны эцэст хүний гарт үхэх юм байна гэж бодоод маргааш нь арга
барсандаа зах руу явсан. Зах дээр дорвинк байдаг юм билээ.
-Та
тэгээд буу авсан хэрэг үү?
-Аваагүй. 70 мянган төгрөг гэдэг юм байна. Надад тэр мөнгө нь
хаа байхав. Тэгээд ч сум нь олдоогүй. Одоо бүр арга тасраад хутга бэлдчихээд
хэн намайг хэзээ ирж алах юм бол доо гээд бүлтэлзээд сууж байна. Энэ төр засаг
анх гарахдаа малыг малчинд, газрыг иргэдэд нь, орон сууцыг эзэнд нь өглөө гээд
чухам л биднийг “Америкуудаас ч дутахааргүй эрх чөлөөтэй боллоо. Сайн, муу
амьдрах нь хамаагүй өөрийн өмчиндөө л насаа элээх болно гэж хэлж байсан. Ингээд
зогсохгүй “Сахих тун, Бишрэх тун” гэж ирээд л сүрхий яриад байсан. Гудамжинд
тэвэг өшиглөж байсан ажил, амьдралгүй юмнууд төрд гарчихаад өнөөдөр ингэж ард
түмнээ дарамталж суух гэж. Хаа байна. Нөгөө хувийн өмч, иргэнээ хамгаалдаг төр
засаг. Дээр, дооргүй дарга нар нь хуйвалдаж иргэдийнхээ алга дарам газрыг авах
гэж улайрч байна шүү дээ.
-Танай
эргэн тойрны айлууд бүгд нүүчихсэн үү. Шаардлагыг яг хэзээ тавьсан юм бэ?
-Өнгөрсөн жилийн долдугаар сарын 2-нд надад шаардлага ирсэн.
Ингэхдээ гурав хоногийн дотор шаардлагыг биелүүл гэж заасан байсан. Анх
хорооноос надад энд бага сургууль барих талаар юу ч мэдэгдээгүй. Тэгсэн мөртлөө
таны газар трасст орсон байна гэсэн. Хэрвээ трасст орох байсан юм бол өмнө нь
оршин суугчдад хэл дуулгаж, уулзах ёстой шүү дээ. Би замын цаана сургууль барьж
болохоор хоосон газар байна гэж зөндөө хэлсэн. Заавал энэ хэсгийг иргэдээс
булааж авч байгааг ойлгохгүй байна. Хоёр айлыг газраа чөлөөлбөл дундаас нь
тодорхой хэмжээний хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан авдаг гэх яриа
чих дэлсээд байгаа. Тиймээс би цаана нь ямар нэг хуйвалдаан байгаа гэж хардаж
байгаа.
-Нүүсэн
айлуудад мөнгө төгрөг өгч байгаа юм уу. Таныг газраа чөлөөлбөл мөнгө өгнө гэх
юм уу?
-Надад бол ямар ч мөнгө төгрөг хэлээгүй. Эндээс нүүж газраа
чөлөөл гээд хөөгөөд байгаа. Нүүсэн айлуудын хувьд мөнгө төгрөг авсныг нь
мэдэхгүй. Хоёр согтуу нөхөр манайхаас болж мөнгөө авч чадахгүй байна гэж агсам
тавьсныг бодвол ярьсан хэлсэн юм байгаа юм байлгүй. Батсайхан дарга хүртэл
танаас болж энэ хүмүүс мөнгөө авч чадахгүй байна гэдэг. Тэгэхээр мань мэтэд
мэдэгдэхгүй л байгаа байх гэв.
Тэрээр газраа алдахгүйн тулд хашаа босгож байгаа гэнэ. Эмчилгээ
хийлгэхээр тэтгэврийнхээ мөнгөнөөс цааш хийж байсан хэдэн төгрөгөөрөө хэдэн
ширхэг банз аваад таньдаг хүнээ гуйж хашаагаа бариулж байгаа аж. Бидний хооронд
ийн яриа өрнөх зуур тэрээр хоол хийхээр бэлдэв. Хашаа барьж байгаа гурван хүнд
хоол хийж өгөх гэнэ. Хоол хийнэ гэхээр учиргүй мах гаргаад, ногоо цагаа
арилгаад байсан юм алга. Ширээ, сандал гээд байх ч сүрхий юм байхгүй болохоор
жаахан мах гаргаад шалан дээр тавьсан гурилын модон дээр хэрчээд гоймонтой хоол
хийхээр болов. Гэр оронд нь хүний нүдэнд нэг их тусах юм байсангүй. Банзаар ор
хийсэн бололтой дээр нь гудас хаяжээ. Орны талын хананд залуудаа гэр бүлийнхээ
хүнтэй татуулсан зураг өлгөөстэй харагдав. Орой нийгэмд өрнөж буй үйл явдлын
мэдээллийг сонсдог гэх хуучны хар зурагтаас өөр эд хогшил гээд байхгүй юм.
Хэдий тэтгэврийн мөнгө гээд сардаа 200 мянган төгрөг авдаг ч түлээ түлш, тогны
мөнгөндөө зарцуулаад илүү гардаггүй гэсэн. Тиймээс өөрийнх нь хэлснээр турж
үхэхгүйн тулд “Нарантуул” зах дээр тор, бал, харандаа зарж оройдоо өл залгуулах
мөнгөтэй ирдэг байна. Бөөний төвөөс бидний хэлдгээр шар тор аваад 50 төгрөг нэмж
зараад сайн ажиллавал өдөртөө 5000 төгрөг олно. Тэр мөнгөөрөө тансаглалаа гэхэд
л малын бөөр, зүрх, элэг гээд дотор мах авч жаахан шөлтэй хоол хийж иддэг
гэсэн. Харин тэрээр хашаандаа санаа зовсоор сүүлийн 20-иод хоног зах гарч
чадаагүй байгаа юм билээ.
Д.Цоодол гуай энэ
байшиндаа 30 жилийг үдсэн гэх. Тэрээр гурван ч удаа газраас болж хөөгдөж
байжээ. Д.Цоодол гуай анх Завханаас хотод ирээд Дэнжийн мянгын тэнд зам дагуу
нэг газар буусан аж. Тэгсэн зах руу явах зам тавьж байна гээд хөөсөн байна.
Газраасаа хөөгдөөд яах учраа олохгүй нутаг буцаж Улиастайд бас нэг газар хашаа
байшин ухаантай юм босгож оромж барьтал тэр үед Раднаарагчаа гээд сайд ирээд
цэцэрлэгжүүлнэ гээд дахиад хөөжээ. Одоо хэр нь Улиастайд тэр газарт нэг мод ч
тариагүй, айлууд шаваад буучихсан хэвээрээ байдаг гэж Д.Цоодол гуай ярив. Мөн
Дэнжийн мянгын газар ч ялгаагүй гуу
дагуулж зам тавиад айлууд буучихсан л байгаа аж. Ингээд хотод энд тэнд хар бор
ажил хийж байгаад энэ газрыг 30 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр худалдаж авч
бөөн баяр болж байсан тухайгаа ярингаа тэрээр хоолой нь зангирав. Арай гэж
санаа амарч өөрийн гэсэн газартай болтол түүнийг өнгөрсөн оноос дахиад хөөгөөд
эхэлсэн нь энэ. Түүнээс хэрвээ эндээс нүүхээс аргагүй нөхцөл байдал үүсвэл та
яах вэ гэж асуухад “Одоо бол надад нас ч алга, тэнхэл ч алга. Би бол нүүж
чадахгүй гэдгээ шууд хэлж байна. Хүрз шороо дийлэхгүй, ганц хадаас хадаж
чадахгүй хөгшин хонины насгүй ганц бие өвгөн хаана очиж, хашаа хороо барьж суух
юм бэ. Гэтэл зурагтаар Хотын дарга Э.Бат-Үүл ярьж байна. Газраа чөлөөлөхгүй
байгаа айлуудын тогийг тасална, ажлаас нь хална, хорооны иргэншлээс хасч хотоос
хөөж гаргана гэнэ. Энэ ямар учиртай юм бэ. Өчигдөр хаясан шүлс өнөөдөр хатаж
амжаагүй байхад нийслэлийн дарга ингэж ярьж болох уу. Э.Бат-Үүл гэр хорооллыг
төвийн шугаманд холбож, халуун хүйтэн устай болгоно гэж ярьж байсан нь саяхан.
Монгол хүн байхад Монголын нутаг дэвсгэрээс хөөнө гэдгийг би ойлгохгүй байна.
Залуу насанд нь улс ашиглачихаад хадан гэртээ хэзээ харихаа хүлээж байхад ядаж
амар тайван явуулах хэрэгтэй ш дээ, өндөр настнуудаа. Үндсэн хуулин дахь амар
тайван амьдрах эрх зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Бямбасүрэн та анхааралдаа авч ажиллаач ээ гэж хандаж хэлмээр байна” гэв. Тэрээр
залуудаа байгууллагын машинаар хүн зөөдөг байсан аж. Гэр бүлтэй, нэг хүүтэй,
хоёр охинтой гэх боловч хоёр охин нь хамт амьдардаггүй гэсэн. Нэг охин нь
жирэмсэн, нөгөө нь өөртэй нь адил зах дээр аар саар зүйл зарж амьдрал
залгуулдаг бололтой. Харин ганц хүү нь аль эрт өөд болжээ. Одоо түүнд хамаатан
садан гээд байх хэн ч байхгүй. Д.Цоодол гуай “Up” хүүхэлдэйн киноны өвгөн шиг
бусдад дээрэлхүүлж, ганцаардаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Нээрээ л тусалж
дэмжих хүнгүй, өөрөө хүрз шороо даахгүй энэ настан нүүгээд хаачих ч билээ.
Түүнд өөрийн гэсэн өмчилсөн газартаа л үлдсэн насаа барах цорын ганц мөрөөдөл
бий. Тэгээд ч түүний эхнэр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай, сайхан
дурсамж бүхэн энэ л газарт, энэ л байшинд нь өнгөрсөн нь дамжиггүй.
Одоогийн байдлаар Д.Цоодол гуайн баруун талын зургаан айл нүүсэн
гэнэ. Мөн хоёр айл удахгүй нүүхээр бэлтгэж байгаа аж. Уг нь Д.Цоодол гуайн
газар 500 метр квадрат юм байна. Тэрээр гэрээ тойруулаад сургуулиа барьчих
гэсэн хүсэлт тавьсан боловч зөвшөөрөхгүй заавал газраа чөлөөл гэсээр байгаа аж.
Д.ДАВААСҮРЭН