Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан.
Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагууын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох өргөн далайцтай хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын байгуулсан Ажлын хэсгийн түвшинд зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.
Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.
Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг нарийвчлан тодорхойлжээ. Тухайлбал, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг долоо хоногийн дотор шууд олгохоор тусгасан байна.
Энэ асуудлыг өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтээ дараагийн шатны байгууллагад хүргүүлэхээр болжээ.