Categories
мэдээ нийгэм

Хохирсон иргэнд уучлал үзүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2014 оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд баруун бүсийн аймгуудад ажиллахдаа иргэдээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан билээ. 

Энэ үеэр Комисст ирүүлсэн гомдлын дагуу иргэн Б-тэй биечлэн уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан юм. Гомдлын дагуу ажиллагаа явуулахад иргэн Б нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт 3 сар баривчлах ял шийтгүүлж, хууль бус ял шийтгэлийг биечлэн эдэлж дуусгасан боловч шүүх түүнд дахин 3 жил 4 сар 1 хоногийн хорих ял оноосон болох нь тогтоогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Б-д уучлал үзүүлэхийг хүссэн билээ. Учир нь тухайн иргэнд холбогдох эрүүгийн хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул хэн ч хөндлөнгөөс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Иймд уучлал үзүүлэх замаар төрийн алдааг залруулах боломжтойг уг хүсэлтэд дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зарлиг болгон ялтан Б-д уучлал үзүүлж, хорих ялаас бүрэн чөлөөлсөн байна.

Иргэн Б нь шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас хууль бусаар ял эдэлсэн тул учирсан хохирол, гэм хороо нэхэмжлэхээр сум дундын шүүхэд хандахад, гомдлыг хүлээн авсан шүүгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр болсон байв. Ийнхүү тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, биечлэн ял эдэлснээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байхад тус аймгийн давж заалдах шатны шүүх хурал болжээ. Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр магадлалд “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сунгаж ирүүлснээр” гэж тусгасан байна. Хэргийн материалаас үзвэл иргэн Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтэд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай огт дурдагдаагүй байхад шүүгч ийнхүү давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр хэргийг дахин хянан хэлэлцэх, түүнд дахин ял шийтгэх нөхцлийг бүрдүүлсэн байв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.4, 306.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг гомдол гаргах эрх бүхий хүний хүсэлтийг үндэслэн сэргээхээр хуульчилсан байдаг тул уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан юм.

Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр тус эрүүгийн хэрэг дахин задарч, улмаар 2 жил 8 сарын дараа сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Б 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар дахин шийтгүүлж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэвээр батлагдсанаар иргэн Б нэг хэрэгт 2 дахь удаагаа ял шийтгүүлжээ. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн болохыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *