Categories
гадаад мэдээ

Хятадын тэрбумтан Америкийн 1000 гуйлгачинг хооллоно

Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо Нью-Йорк хотын төв паркт зургадугаар сарын 25-нд болох цайллагадаа тус улсын 1000  гуйлгачинг урьсан талаар “SCMP” өчигдөр мэдээлжээ. Эх орондоо буяны үйлсээрээ алдартай тэрээр энэхүү үйлдлээрээ Хятадын баячуудын талаарх америкчуудын үзлийг өөрчилж, энэ далимаараа мөн эх орон нэгтнүүддээ өглөгийн үлгэр жишээг харуулахаар зорьсон гэнэ.  Америкийн томоохон хэвлэлүүд Чэнь Гуанбяогийн урилгын талаар янз бүрээр бичиж байна. Баян эр хоолонд уригдсан хүмүүсийг зөвхөн үнэгүй дайлаад зогсохгүй, хүн бүрт бэлэг болгон 300 ам.доллар өгөх гэнэ. Харин дайллагад оролцогсод түүнтэй хамт “We Are The World” дууг хамт дуулах ёстой аж. Тэрбумтан эр уг арга хэмжээнд нэг сая ам.доллар зарцуулах гэнэ. Одоогийн байдлаар урилгыг хүлээн авснаа 250 хүн мэдэгджээ.  

Хуучин байшинг буулгах бизнесээр мэргэшсэн Чэнь Гуанбяо буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн. Тэрээр Сычуань мужид хүчтэй  газар хөдлөх үед аврагчдад зориулан тоног төхөөрөмжүүдийг үнэгүй тарааж байсан. Мөн гамшигт нэрвэгдсэн бүсэд очин байшингийн нуранги дороос 13 хүнийг аврах ажиллагаанд биечлэн оролцож байжээ.  Харин АНУ-д түүнийг хамгийн нэр хүндтэй сонинуудын нэг болох “The NewYork Times” худалдан авах санал тавин дуулиан тарьж байснаар нь мэдэх аж. Тэрээр өдгөө ч уг саналаасаа буцаагүй байгаа бөгөөд тус сонины хэд хэдэн албыг худалдаж авахад бэлэн байгаа гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР