Categories
мэдээ нийгэм

19 настай хүү галаас гурван хүний амийг аварчээ

Иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлсэн Б.Маргад хүүгийн талаар өнөөдөр танилаасаа сонслоо.  Тэрбээр энэ сарын 16-нд галаас гурван хүний амь насыг аварсан баатарлаг үйлс бүтээжээ. 

Болсон явдлыг сийрүүлбэл, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод энэ сарын 16-нд гал гарсан байна. Гал үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс амиа алдах дөхжээ.

Хэдийгээр гал гарсан айл нэгдүгээр давхарт байрладаг ч гэлээ цонхыг нь гаднаас нь төмөрлөсөн болохоор дотор нь байсан хүмүүс гарах ямар ч боломжгүй байсан аж.

Энэ үед 5 настай дүүгээ хөтлөөд дэлгүүр явж байсан Б.Маргад хүү эр зориг гарган гал гарч байгаа айлын цонхных нь төмрийг салган улмаар дотогш нэвтрэн орж гурван хүний амийг аварчээ. Тэдний нэг нь хэвтрийн хөгшин байсан аж.

Ингээд баатарлаг үйлс бүтээсэн Б.Маргадын ээж Ж.Оюунгэрэлээс болсон явдын талаар тодрууллаа.

-Юуны өмнө танд болон танай хүүд баяр хүргье. Үнэхээр баатарлаг үйл бүтээжээ?

-Баярлалаа. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Манайх яг хажуугийнх нь байранд амьдардаг юм. Тэр үед хүү маань дүүгээ хөтлөөд урд талын дэлгүүр рүү явж байсан юм билээ. Гэтэл 24 дүгээр нэгдүгээр давхрын айлд гал гарч, дотор нь хүмүүс гарч чадахгүй байсан гэсэн. Энэ үед хүү маань дүүгээ “Яг наанаа зогсож байгаарай” гэж хэлчихээд гадаа байсан хүүхдүүдтэй нийлж тэр айлын цонхыг гаднаас нь эвдэлж орсон юм билээ. Эхлээд жижиг өрөөнийх нь цонхны гаднах төмрийг мултлаад цонхыг нь хагалаад дотогш ортол цааш явах аргагүй битүү утаа байсан гэсэн. Тэгэхээр нь том өрөөнийх нь цонхыг эвдэлж ороод дотор байсан хүмүүсийг аварсан юм билээ.

-Дотор хэдэн хүн байсан бэ?

-Гурван хүн байсан, нэг нь хэврийн хөгшин гэсэн. Эхлээд хоёр хүнийг нь цонхоор гаргаад буцаж орж нөгөө хэвтрийн хүнийг үүрч, дүүрч гаргасан гэж байсан.

-Тухайн үед галынхан ирээгүй байсан хэрэг үү?

-Хүү маань тэр гурван хүнийг аварчихаад л дүүгээ хөтлөөд дэлгүүр рүү яваад өгсөн гэсэн. Тэгэхэд галын машин зөрсөн тухай хэлж байсан. Тэгэхээр гал гарснаас хойш нилээд удаж байж ирсэн байх.

-Галаас аврагдсан хүмүүс танай хүүд талархал илэрхийлсэн үү?

-Өчигдөр би хүүгээ нөгөө хэвтрийн хөгшин дээрээ сүү авч очоод биеийг нь асуучих гэсэн юм. Хүүг маань очиход тэр хүн их баярлаж, миний хүүд талархсан сэтгэлээ илэрхийлж захидал бичиж өгсөн байна лээ

-Та хүүгийнхээ баатарлаг үйлсийн талаар хэзээ мэдсэн бэ?

-Тэр өдөр хүү маань гэнэт залгаад “Ээж ээ, би галаас хүний амь аварчихлаа” гэсэн. Би ч учрыг нь ололгүй бүр сандраад “Юун гал ус вэ, битгий дэмий юм яриад бай. Аюултай шүү дээ” гэтэл  “Сая аварчихлаа” гэсэн. Сүүлд хүү маань “Тэр гал гарч байсан айлын цонхыг нь хагалж ороход дотор юу хүлээж байгааг нь ч мэдээгүй шууд л яваад орсон” гэж байсан. Үнэхээр их зориг гаргасан байгаа юм. Аймаар ч юм шиг.

-Галаас хүний амь аврахад танай хүүтэй хамт ямар хүмүүс байсан бэ?

-Тэр хавьд тоглож байсан дандаа жоохон хүүхдүүд байсан гэсэн. Миний хүү чинь өөрөө жоохон шүү дээ, дөнгөж 19 настай. Хүү маань тэднийг жоохон гэхийг бодоход Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байсан байх аа.

-Хүү тань аль сургуульд сурдаг вэ?

-Миний хүү Ахлагчийн сургууль төгсөөд одоо Элитийн 150 Баталионы дэд ахлагч, буудагч цолтой.  

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.