Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагын уулзалт энэ сарын 19-нөөс 21 хүртэл Мэдээллийн технологийн үндэсний паркт болох гэнэ. МТҮП 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болжээ. МТҮП нь холбооны бусад гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Азийн шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, ОУ-ын арга хэмжээнд оролцох боломж нээгдэнэ хэмээн тус паркийнхан найдаж байна. Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн удирдлагуудын уулзалт анх удаа Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байна. Уулзалтанд Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиас 30 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд нийт 80 орчим төлөөлөгч хамрагдана. Тус уулзалтанд нийт 5 илтгэл тавигдаж хэлэлцүүлэгдэх бөгөөд БНСУ, Тайвань, Япон зэрэг орнууд өөрсдийн паркын шилдэг туршлагын талаар тус бүр нэг илтгэл, Монгол талаас хоёр илтгэл тавигдана. Арга хэмжээ удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдах аж. Удирдлагуудын уулзалтаар: “Шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлага” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг явагдана. Уулзалтаар хамтрагч байгууллагын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, АСПА-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцөх төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөө өгч, туршлага солилцох юм.