“Өдрийн сонин”-ны Асуух эрхийн танхимд дөнгөж сая “Гоц авъяастай хүүхдийн” буюу 93 дугаар дунд сургуулийн 30 гаруй багш, ажилчид хэвлэлийн бага хурал хийлгэв. Тус сургуулийн багш ажилчдын мэдээлж буйгаар 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Т.Энхтүвшинг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Томилгоог Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хийсэн бөгөөд томилогдсон өдрөөсөө хойш Т.Энхтүвшин захирал зан харилцааны доголдлуудыг удаа дараа гаргах болсон гэнэ.
Тухайлбал, тус сургуулийн үйлдвэрчний хорооны гишүүн С.Алтанчулуун ийн өгүүллээ. Тэрээр “Т.Энхтүвшин багш захирлын сонгон шалгаруулалтад ороогүй, хууль, журмын наад захын шаардлага хангахгүй хүн. Гэнэт л дүүргийн Засаг даргын томилгоогоор үүрэг гүйцэтгэгчээр хүрээд ирсэн. Захирал болсноосоо хойш сургууль дотор цайны газар, спорт заал түрээслүүлэн ашиг хонжоо хайх болсон. Тэрчлэн сурагчдын хандивын мөнгийг өөрийн мэдлийн болгодог. Одоогийн байдлаар 20 гаруй сая төгрөгийг өөрийн болгосон. Энэ алдааг нь хэлэхээр багш ажилчдаа хална гэж сүрдүүлж, дарамталдаг болсон. Одоогийн байдлаар хоёр багшийг албан ёсоор, найман багшийг аман байдлаар халчихаад байна. Халагдсан хоёр багш маань шүүхээр заргалдаад захирлын буруу болсон. Тэгээд эргээд сургуульдаа иртэл саяхан дахиад л халчихлаа. Харин өөрөө дур мэдэн ямар ч шалгуургүйгээр гурван хүнийг шинээр ажилд аваад байгаа” хэмээн өгүүлсэн юм.
Харин тус сургуулийн Хөдөлмөрийн багш П.Хувьзаяа “Манай захирлын үүргийг гүйцэтгэгч Т.Энхтүвшин өөрийн хүүгээ өмөөрч гуравдугаар ангийн хоёр ч сурагчийг алгадаж, зодсон байна. Бичлэг нь сургуулийн хяналтын камерт үлдсэнийг бид баримт болгож аваад байгаа. Тиймээс бид ёс зүйн талаас нь Нийслэлийн болровсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Э.Бат-Үүл даргад хүртэл бичиг явуулаад жил гаруйн хугацаанд ямар ч хариу ирсэнгүй” хэмээн мэдээллээ.
Тухайн багш нар хэвлэлийнхэнд хандах болсон нь ганцхан зорилготой гэнэ. Тэр нь нийт багш ажилчдаа ойлгодог, хувийн харилцааны соёлтой, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй байх аж. “Ийм хэм хэмжээний шалгуураар захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулж өгөөч ээ” хэмээн хүсч байлаа.
Багш П.Хувьзаяа
Багш С.Алтанчулуун