Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Итали Английг хожлоо

ДАШТ-ий С, D хэсгийн дөрвөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолт 00:00 цагаас Колумб болон Грекийн шигшээн хооронд болж, 3:0-ийн харьцаатай Колумб хожсон. Дараагийн тоглолт 03:00 цагаас Уругвай болон Коста Рикагийн шигшээн хооронд болсон юм. Энэ тоглолтод 3:1-ийн харьцаатай Коста Рика хожиж, 2014 оны ДАШТ-ий анхны томоохон шуугианыг тарилаа.

Харин 05:45 цагаас Англи болон Италийн шигшээ багийн “тулаан” боллоо. Энэ “тулаанд” Английн “Гурван арслан” Италийн шигшээд 2:1-ийн харьцаатай хожигдлоо. Англи хэзээ ч Италийг хожиж байгаагүй гэсэн цувралаа дахин үргэлжлүүллээ.

Мөн өглөөний 09:00 цагаас Япон болон Кот дИворийн шигшээ багийн тоглолт болж, 2:1-ийн харьцаатай Кот дИвори хожлоо.

ДАШТ эхэлснээс хойш А, В, С, D хэсгийн шигшээ багууд нэг, нэг тоглолт хийж, өнгөө үзээд байна.

АНГЛИ 1-2 ИТАЛИ

Дэлхийн аварга бүрийн өмнө Англи түрүүлнэ гэж итгэгчид олон байдаг. Гэсэн ч Англичууд сайндаа л шөвгийн наймд үлддэг. Энэ удаагийн ДАШТ-д Английн шигшээ баг залуу тоглогчоор хүчээ зузаатган, тоглолт нь харьцангуй үзүүштэй болсон байна. Гэлээ ч Италийн шигшээ багийг хожиж чадсангүй.

Тоглолтын 35 дахь минутад Италийн шигшээн хагас хамгаалагч Клаудио Маркисио анхны гоолыг оруулсан. Италичууд булангийн цохилтоо гэртээ бэлдсэн хувилбарын дагуу хийж, Английн хаалганд гоол оруулж чадсан юм. Италичууд булангийн цохилтоо дамжуулалтаар эхэлж, төв рүү дамжуулсныг Андреа Пирло тун ухаалгаар ардаа үлдээн, Маркисио хаалганд цохин гоол оруулсан.

Харин энэ гоолоос ердөө хоёр минутын дараа Английн шигшээ сөрөг довтолгоогоо амжилттай болгож, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Төвөөс зүүн жигүүр лүү өгсөн Рахим Стерлингийн дамжуулалтыг Уэйн Рууни хүлээн авч, Даниел Старрижид дамжуулан гоол оруулж чадлаа. Ер нь өнөөдрийн тоглолт Рахим Стерлинг тун сайн тоглосон. Энэ гоолыг баярыг Английн шигшээ багийн эмч Гари Левин тэмдэглэхдээ хөлөө эвгүй гишгэж, гэмтэл аван талбайгаас гарлаа. 

Хоёрдугаар хагас эхэлмэгц буюу 50 дахь минутад Италичууд тоглолтыг тэргүүлж эхэллээ. Баруун жигүүрээс өгсөн Антонио Кандревагийн дамжуулалтыг “дэггүй” довтлогч Марио Балотелли мөргөж, гоол оруулснаар тооны харьцааг 2:1 болгосон юм.

ЯПОН 1-2 КОТ ДИВОРИ

Хөлбөмбөгийн ДАШТ арлын Япончуудад энэ тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ тоглолт Токиогийн цагаар 10:00 цагаас эхэлсэн. Гэсэн ч Япончууд Африк тивийн хүчирхэг Кот дИвори шигшээд хожигдлоо.

Тоглолтын 16 дахь минутад Японы шигшээ баг гоолын салхийг хагаллаа. Италийн “Интер Милан” багийн хамгаалагч Юто Нагатомогийн дамжуулалтаар “АС Милан” багийн довтлогч Кэйсүкэ Хонда гоол оруулсан юм. Ингэснээр Хондагийн гоолоор эхний үеийг Япончууд тэргүүлж өндөрлүүллээ.

Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутад Уилфред Бони, 66 дахь минутад Жервиньо гоол оруулж, Япончуудыг буулган авлаа.