Мисс Батбаатарын Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 2009 оны Дэлхийн
миссийн тэмцээнд оролцож байсан бөгөөд Сингапурт гэрээгээр ажиллаж байгаад
саяхан эх орондоо ирээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
ирснээсээ хойш юу хийв. Зураг авалт, янз бүрийн шоунд оролцов уу?
-Үгүй ээ. Эх орондоо ирээд хэд хоног сайхан амарлаа. Монголдоо
ирэх сайхан байна.
-Сингапурт
нэлээд олон жил ажиллалаа. Тэнд ямар газартай гэрээгээр ажилладаг байсан бэ?
-”Carrie Models” агентлагтай гэрээ байгуулж 12 жил хамтарч
ажиллаад ирлээ. Энэ хугацаанд Хонгконг, Шанхай зэрэг олон орноор явж загварын
томоохон шоунд оролцсон. Мөн Сингапур дахь Их Британийн салбар их сургуульд
магистр хамгаалаад ирсэн.
-Ямар
чиглэлээр?
-Анх би чинь “Хөхтэй хан” дээд сургуулийг төгссөн. Тэгээд Санхүү
эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байгаад сая
бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.
-16
настайгаасаа гадны байгууллагатай гэрээ хийнэ гэдэг загварын ертөнцөд хөл тавьж
буй охидод тэр болгон олдоод байх боломж биш байх. Таны хувьд гадны ийм том
агентлагтай гэрээ байгуулах завшаан яаж олдсон юм бэ?
-Би 15 настайгаасаа загвар өмсч эхэлсэн. Тэр үед “Шилмэл загвар”
агентлаг л байдаг байлаа. Тэгээд “Шилмэл загвар”-ын Р.Байгаль багшийн гарын
шавь болж дараа нь Эрдэнэтуяа, Болормаа багшид харьяалагддаг байсан. “Шилмэл
загвар” агентлагаас 50 орчим хүүхдийн зургийг Сингапур дахь “Carrie Models”
агентлаг руу шалгаруулалтад явуулсан юм. Тэгээд ердөө гурван охин тэнцсэн нь
одоогийн топ модель Д.Пүрэвсүрэн, Ж.Энхмаа бид гурав.
-Яг
Монголд ажилладаг шиг сэтгүүлийн нүүр царай болж, зураг авалтад оролцох зэрэг
ажил хийх үү?
-Тэгнэ. Гэхдээ тухайн агентлагаас зохион байгуулж буй шоу бүрт
оролцоно. Өөр оронд болох загварын шоунд мөн шалгуулж бусад агентлагуудтай
хамтран ажиллана. Томоохон шоунд оролцохын тулд шалгаруулалтад оролцдог. Сар
гаруй хугацаанд өдөрт 5-6 шалгуурт орох тохиолдол бий. Алхаа гишгээ, биеэ авч
яваа байдал зэрэг. Хэрвээ шалгаруулалтад тэнцэх юм бол ажилтай боллоо л гэсэн
үг. Агентлагаас хэзээ, хаана, ямар шоунд орохыг мэдэгддэг.
-Гадны
загварын шоунд оролцож явахад монгол охидтой таардаг уу?
-Тааралгүй яахав. Сүүлийн хоёр жил хичээл ном гээд цөөхөн шоунд
оролцсон. Гэхдээ ихэвчлэн надаас насаар бага охид таарна. Одоо би чинь мооднаас
гарч миний дараагийн эрэн үе эхэлсэн шүү ээ. Монгол охин таарахаараа сүйд
болно. Тэр болгонд л сайхан яриа өрнүүлж, ингэ, тэг гэж заавар зөвлөгөө өгнө.
-Гадаадад
нэг загварын шоунд моделиор оролцоход дунджаар хэдэн төгрөг авдаг байсан бэ?
-Моделийн зэрэглэлээс хамаардаг. Анх удаа гэрээ байгуулж очиж
байгаа болохоор дунджаар 300 ам.доллар. Гэрээний дагуу тухайн шоундаа
оролцсоныхоо дараа цалингаа авна. Үүний 35 хувийг нь агентлаг авдаг байсан.
-Танай
сургуулийнхан өөрийг тань модель гэж мэддэг байсан уу?
-Эхэндээ мэдээгүй байсан. Магистрын оройн ангид сурч байсан
болохоор өдөржин сургууль дээр байгаад байхгүй. Тэгээд ч амралтын өдрөөр
ихэвчлэн шоунд оролцдог байсан. Тэгсэн нэг загварын шоуг сургуулийнхан тэр
аяараа үзсэн юм билээ. Дараа нь сургууль дээр таарахаараа л “Чи загвар өмсөгч
байсан юм уу. Тийм байхаа даанч их өндөр байсан юм” гэнэ. Сингапурынхан чинь
ерөнхийдөө нуруу намхантай хүмүүс шүү дээ. Харин Монголын охид тэнд очихоор
өндөрт ордог юм билээ.
-Одоо
Монголд суурьших уу, эргээд явах уу?
-Би олон жил, олон ч газраар тэнэсэн/инээв/. Одоо харин эх
орондоо бүр мөсөн ирсэн.
-Монголын
загварын тайзнаа гарах уу?
-Загварын тайзнаа мэргэжлээрээ ажиллахгүй. Тэмцээн уралдаан гээд
оролцоод байхгүй гэсэн үг. Харин “Гоёл” зэрэг томоохон загварын шоу наадамд бол
урилгаар оролцох байх. Яагаад гэвэл би Монголын тайзан дээр бараг гарч
байгаагүй. Нэг удаа л “Гоёл” наадамд оролцож байсан. Мөн дажгүй зураг авалт,
хамтарч ажиллах санал ирвэл хүлээж авна. Гол нь энэ олон жил гадаадын загварын
ертөнцөөс сурч мэдсэн зүйлээ залуу загвар өмсөгч охиддоо заахыг хүсч байна.
Манай Монголын загвар өмсөгчдийн ур чадвар тийм ч муу биш.
-“Дэлхийн
мисс-2014” тэмцээн ирэх арванхоёрдугаар сард болно. Тус тэмцээнд Монголоос
оролцох загвар өмсөгчийг тодруулах ажлыг ерөнхийдөө та гардаж ажиллаж байгаа
гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөхгүй юу?
-1951 оноос Эрик Морлигийн анх санаачилсан Дэлхийн мисс /Miss
World/ тэмцээний финалын шоуг жил бүр
хоёр тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг бөгөөд бусад ижил төстэй
тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон улс орнууд оролцдог, мөн
хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадсан
зэргээрээ онцлогтой. Монгол Улс 2005 онд тэмцээний зохион байгуулагч “Miss
World Limited” компанитай гэрээ хийснээс хойш өдгөө “Дэлхийн мисс” тэмцээнд
нийт есөн удаа оролцоод байгаа юм. Харин энэ жил “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд
оролцох үндэсний ялагч шалгаруулах “Miss world Mongolia” тэмцээнийг зохион
байгуулах комисст ажиллаж байгаа. Энэхүү тэмцээнд оролцох сонирхолтой охидыг
энэ сарын 1-нээс бүртгэж эхэлсэн.
-Шалгаруулалтыг
ямар журмаар явуулах бол?
-“Дэлхийн мисс” тэмцээнд усны хувцастай, спортлог мисс,
авьяаслаг мисс зэрэг таван төрлөөр шалгаруулалт явагддаг. Яг энэ төрлөөр
шалгаруулалтыг хийнэ. Бидний зүгээс одоохондоо өндөр заагаагүй, мэдээж биеийн
харьцааны стандарт байх ёстой. Miss World гэдэг утгаараа хүнтэй суугаагүй,
хүүхэд гаргаж байгаагүй охидыг бүртгэнэ. Долдугаар сар гэхэд “Miss world
Mongolia” тэмцээний шалгаруулалт дуусч, Монголоос Дэлхийн миссийн тэмцээнд
оролцох загвар өмсөгчийн нэр тодорхой болох болно.
-Таны
хувьд 2009 оны дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлага бий.
Шалгаруулалтад тэнцсэн загвар өмсөгчид мэдээж заавар зөвлөгөө өгнө биз дээ?
-Тэгэлгүй яахав. Тэмцээнд оролцох загвар өмсөгч шалгарсан
тохиолдолд шууд бэлтгэлдээ орох болно. Учир нь шаргуу бэлдэх ёстой. Дэлхийн
миссийн тэмцээн болохоос сарын өмнө тэмцээнд болох газраа очдог. Сарын турш маш
олон шалгуурыг давна. Өглөө 07 цагаас босоод үдшийн 12 цагийн үед унтана. Энэ
хороонд байнга ажиглагчдын хяналтад байдаг. Дэлхийн мисст дэлхийн өнцөг булан
бүрээс хамгийн шилдэг гэсэн бүсгүйчүүд ирдэг. Тэднийг хэн нь хэн бэ гэдгийг
хөндлөгөөс харна гэсэн үг. Байнга л цэх сууж, бусадтайгаа сайхан харилцаа
үүсгэж, өдөржин хөөрхөн байх шаардлагатай. Тиймээс зарим орны охид үүрээр 04
цагт босч нүүрээ буддаг байсан. Би 121 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж шилдэг
25-д шалгарч байсан.
-Энэ
жилийн оролцогчид хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?
-Миний хувьд нүүрээ нэг их буддаггүй болохоор амар санагдсан.
Гэхдээ л байнга цэх сууж, биеэ зөв авч явах ёстой шүү дээ. Мөн дэлхийн мисс
болно гэдэг хөөрхөн охин очоод түрүүлчих юм биш. Оюунлаг, үзэсгэлэнтэй,
ухаалаг, боловсролтой гээд бүхий л зүйлийг агуулсан байх ёстой. Мөн сайн
үйлсийн арга хэмжээнд хэр оролцдог болох гээд олон шалгуураар дэлхийн гоо
бүсгүйг тодруулдаг.Тиймээс загварын ертөнцөд хөл тавьж буй монгол охидод хандаж
хэлэхэд хэлний мэдлэг, боловсролдоо сайн анхаараарай гэж хэлмээр байна.
-Одоогийн
байдлаар аль орны бүсгүйчүүд дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлох
хандлагатай байгаа вэ?
-Fashion талдаа ази царай гадны томоохон агентлагуудын анхаарлыг
татах болсон. Харин дэлхий мисст бол тэр энэ орны хүүхнүүд хөөрхөн гэхгүй.
Латин Америкийн бүсгүйчүүдийг царайлаг гэдэг ч яг тэмцээний үед бол энэ
хамаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Сайхан бие, хөөрхөн төрхтэй ч боловсрол,
хэлний мэдлэг чухал гэж. Ер нь дэлхий нийт хэт туранхай загвар өмсөгчдөөс
татгалзах болсон. Сүүлийн үед өсвөр үеийн охид томоохон сэтгүүлийн нүүрэн дээр
гарсан моделиудыг дуурайж хоолоо хэт сойж эрүүл мэндээрээ ихээхэн хохирох явдал
их гарах болсон. Ямар ч сэтгүүл дээр гарсан зургийг photo shop ашиглаж
гаргадаг. Тэгэхээр сэтгүүлийн нүүрэн дээрх хүн амьдрал дээр яг тийм
харагддаггүй ч байж болно шүү дээ. Харин одоо бол биедээ зохицсон галбиртай
байх нь чухал болсон үе.