Энэ удаа хоёр өөр газрыг сонгон өдрийн сурвалжлага бэлдлээ. Нэг
нь УИХ-ын чуулганы танхим. Нөгөө нь “Хурд групп” ХХК-ийн сүндэрлүүлж буй “Хүннү”
хорооллын бүтээн байгуулалт. Хан-Уул дүүргийн нутагт 25 га газрыг эзлэн орших том
хорооллын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Шийдвэр гаргагчид, баялаг бүтээгчдийн
нэг өдөр хэрхэн өнгөрч буйг харьцуулсан сурвалжлагыг таны өмнө дэлгэж байна. Та
ч гэсэн харьцуулж уншаад үзээрэй.
цаг: Өчигдөр өглөөний 07.30
цагт Төрийн ордны гадаа очлоо. Харуул хамгаалалтынхан хоёр талын хаалгаа онгойлгочихсон
зогсч байна. Албан хаагчид нь түрүүчээсээ уван цуван ирж байгаа харагдана. Ордны
хоёр талын зогсоол дээр чамлахааргүй тооны машин тавьсан байхыг харвал ажилчид
овоо ирсэн бололтой. Төрийн алба 08.00 цагт цугладаг ёстой учраас гадаа 30 минут
хүлээгээд дотогш нэвтэрлээ.
08.00
цаг: Сэтгүүлчдийн нэвтэрдэг голын хаалгаар орлоо. “Ийм эрт орох юм уу”
гэж хамгаалалтын ажилтан гайхсанаа цүнхийг минь шалгаад явууллаа. Үүдэнд түүнээс
өөр ажилтан байсангүй. Дээшээ гарлаа. Замд хэн ч таарсангүй. АН, МАН-ын бүлгийн
хуралдааны А, Б танхим байрладаг гол хонгилоор
явав. Гурав, дөрвөн үйлчлэгчээс өөр хүн байсангүй. Тэдний зарим нь хивсээ цэвэрлэж,
шалаа зүлгэж байна. Зарим нь тоос шороогоо
арчиж байлаа. Цаашаа эргэтэл өөр нэг үйлчлэгч эмэгтэй ханаа арчиж байна. Та хэдэн
цагт ирсэн бэ гэхэд “долоо” гэж хэллээ. Зүүн талын хаалганы хамгаалалтын ажилтан
дээр очиж “УИХ-ын гишүүдээс орж ирэв үү”
гэхэд “С.Бямбацогт гишүүн л ирсэн дээ” гэлээ. Энэ үед 08.00 цагтай уралдан “хуруугаа”
уншуулах гэсэн ажилчид яаран сандран цувсаар л байлаа.
Ингээд хоёрдугаар давхарт байрлах гишүүдийн хаалгыг эхнээс нь татав. Нийгмийн бодлого, боловсрол соёл
шинжлэх ухааны байнгын хороо буюу Д.Батцогт гишүүний өрөө нээлттэй байна. Гэхдээ
гишүүн алга. Байнгын хорооных нь ажилтан ганцаараа сууж байлаа. Цаашаа Ц.Цолмон,
М.Сономпил, Б.Чойжилсүрэн, М.Батчимэг гээд бүгдийнх нь өрөө цоожтой. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбатын өрөө нээлттэй. Гэхдээ тэр ирээгүй байлаа. Цаашилбал Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг өрөөндөө ажлаа хийгээд зогсч байгаа
нь харагдав. 08.00 цаг: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх утсаар яриад коридороор
явж байна. Латвийн Ерөнхийлөгчийг хүлээж авах бэлтгэлээ хангаж, хамгаалалтын ажилтнууд ёслолд өмсдөг гоё хувцсаараа гангарсан зогсч байв.
Энэ үед Д.Оюунхорол гишүүн туслахаа дагуулан өөдөөс гарч ирлээ. Тэр үед цаг 08.30 болж
байв. Энэ цагт тус намын бүлэг даргынхаа өрөөнд хуралдахаар товлосон юм байна. Дээшээ
гуравдугаар давхарт гарлаа. Энэ давхарт Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас
өөр өрөөндөө байгаа гишүүн байсангүй. Харин дөрөвдүгээр давхарт Шадар сайд Д.Тэрбишдагваас өөр хүн ирээгүй байлаа. Гишүүдийн
ирц ийм байсан ч Төрийн ордны албан хаагчид өрөө өрөөндөө сууж ажлаа эхэлжээ.
09.00 цаг: УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлдэг
цаг. Танхимын үүдийг нээж гишүүдийг хүлээн
авахад бэлэн болжээ. Хамгийн түрүүнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танхим руу
орлоо. Араас нь Ц.Баярсайхан, Ш.Түвдэндорж, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын гишүүд
цувлаа. Ардын намынхнаас Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ гээд түрүүлж ирсэн
гишүүд цөм бүлгийн даргынхаа өрөөнд оров. Тэднийг бүлгийнхээ хурлыг хийхээр цуглаж
байх хооронд Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Гончигдорж, Ж.Батзандан, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Болд гээд
УИХ-ын бусад гишүүд чуулганы танхим руу орсоор байв.
10.00 цаг: Хурлаасаа хоцорсон МАН-ын бүлгийн гишүүд даргынхаа өрөө рүү цуварсаар
л. Тэдэнтэй зөрөлдөн Д.Арвин, Ц.Оюунбаатар, Н.Батбаяр, Г.Уянга, З.Баянсэлэнгэ,
Л.Гантөмөр зэрэг гишүүд чуулганы танхим руу орсоор л. Үндсэндээ хамгийн сүүлд сүүл
мушгисан гишүүд нь арван цагтай уралдан ирж байгаа нь энэ. Танхимд байсан гишүүд Ардын намынхныг хүлээсээр
байлаа.
10.16 цаг: Ардын намынхан бөөнөөрөө чуулганы танхимд
орж ирэв. Ирц ч сайн байлаа. Х.Баттулга, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ж.Энхбаяр, М.Сономпил,
Х.Наранхүү нарын цөөн гишүүдийн суудал эзгүй байв. Ингээд хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагийн
хойно эхэлсэн юм. Хуралдааныг Р.Гончигдорж
гишүүн даргаллаа. Тэрээр энэ өдөр хэлэлцэх
асуудлын дарааллыг танилцуулсан юм. Галын
аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт
оруулах төсөл, Ш.Түвдэндоржийг сайдаар томилох эсэх, Өрийн удирдлагын тухай хууль
гэх мэтчилэн 12 асуудал байв. Үүнийг уншаад “хэлэлцэх асуудлаа батлах уу” гэхэд
нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эхлээд
Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцье. Тиймээс өнөөдөр
хэлэлцэх асуудлуудыг хойшлуулж өгөөч. Тэгэхгүй бол УИХ Дэгийн тухай хууль зөрчөөд байна” гэдэг горимын санал гаргав. Хажуугаас
нь Ч.Хүрэлбаатар гишүүн “Монголын эдийн засгийн байдал хүнд байна. Валютын ханш 1830 хүрээд явчихлаа. Н.Батбаяр сайдын
асуудлыг нэн даруй шийдмээр байна. Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн хөгжлийн сайдыг
огцруулчихвал байдал нэлээд сайжирна шүү. Ерөнхийлөгч зурагтаар Н.Батбаярыг эдийн
засгийн хямралын сайд гэж хэлж байна лээ. Ийм байхад энэ асуудлыг яагаад ярихгүй
байгаа юм” гэлээ. Араас нь М.Энхболд гишүүн “Өрийн удирдлагын тухай хуульд Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн заалтууд бий. Тиймээс үүнийг хэлэлцэж болохгүй, өнөөдрийн дарааллаас хасах хэрэгтэй” гэлээ. Хариуд
нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Н.Батбаяр сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцээгүй
учраас чуулганаар ярьж болохгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй тухай яриа байхгүй” гээд асуудлаа
хэлэлцэхээр алхаа цохилоо. Тэгтэл Ардын намынхан
шаагилдаж эхлэв.
Р.Гончигдорж гишүүн
“Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Тэгээд ч УИХ-ын даргын зөвлөлөөр
хэлэлцэх асуудлын дарааллыг шийддэг юм. Гэтэл УИХ-ын дарга алга. Харин Өрийн удирдлагын
тухай хуулиар гаргасан горимын саналаар чинь санал хураая” гэв. Ингээд санал хурааж
гишүүд дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуулийг энэ өдөр хэлэлцэхээргүй боллоо.
Тэгсэн ч Ардын намынхны санаа амарсангүй
“Одоо чуулганаа зогсоогоод эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Н.Батбаяр
сайдыг хэлэлцье” хэмээн хашгиралдсан учраас хэрүүл дэгдлээ. Д.Сумъяабазар гишүүн
“хууль зөрчихөө боль” хэмээн бусдаасаа онцгой орилж байв. Нөгөө талаас нь Д.Эрдэнэбат,
Г.Баярсайхан нарын гишүүд “Даргын зөвлөл хуралдаж байж байнгын хороог хуралдуулна”
гэлээ. Тэгэхэд нь Ц.Нямдорж гишүүн “даргын зөвлөлөөс чинь өмнө хууль байдаг юм за”
хэмээн том дуугарав. Энэ үед хурал даргалагч “асуудлаа хэлэлцэж эхэлье, Ерөнхий
сайдыг индэрт урьж байна” гэлээ. Ерөнхий сайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр
дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг танилцууллаа. Гэвч Ардын намынхан түүнийг тоож байгаа
шинж алга. Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцсэнгүй хэмээн бухимдаж, Р.Гончигдорж гишүүнтэй заргалдсаар байлаа. С.Бямбацогт
гишүүн “Тэгвэл манай бүлэг Ш.Түвдэндорж гишүүний асуудал дээр завсарлага авъя” гэхэд
нь Р.Гончигдорж гишүүн “Дэгийн хуулийн дагуу
завсарлага өгч болохгүй. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх нь хугацаатай
учраас ийм зүйл дээр завсарлага өгдөггүй юм” гээд хүлээж авсангүй.
10:45 цаг: Н.Алтанхуяг сайдын танилцуулга дууслаа. Үргэлжлээд завсарлагын тухай хэрүүл өрнөв. С.Бямбацогт гишүүн завсарлагаа авна гэдгээ дахиад
хэллээ. Нөгөө талаас Д.Эрдэнэбат гишүүн “Энэ одоо хэн юм бэ” хэмээн хуруугаараа
чичлэхэд С.Бямбацогт гишүүн “Чи өөрөө хэн юм” хэмээн том дуугарцгаав. Үүнийг хурал
даргалагч тоосонгүй “Засгийн газрын гишүүнийг
томилох асуудлаар Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтийг
Г.Баярсайхан гишүүн танилцуулна” хэмээн зарлав. Тэгтэл Д.Оюунхорол гишүүн ширээгээ
нүдэж эхэллээ. Түүнийг дагаад Д.Хаянхярваа тэргүүтэй Ардын намын залуу гишүүд бөмбөр нүдэх мэт ширээгээ балбалаа. Ардчилсан
намынхан тэднийг гайхан харж “Яагаад байгаа юм бэ” хэмээн хэлэх нь сонсдоно. Нүргээн
намжсаны дараа Г.Баярсайхан гишүүн танилцуулгаа уншиж дуусгав. Дараа нь гишүүд асуулт
асуухаар болж, Ардын намынхан бүгдээрээ кноп дарав. Самбар дүүрэн гарсан нэрийг
хараад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуух зүйл байхгүй байж, бүгдээрээ дайрч
гэнэ” хэмээн уурлаж, хурлын танхимыг хаяад гарав.
Хамгийн эхэнд УИХ-ын
гишүүн М.Энхболд “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг 30 хоногт шийдэх
ёстой гээд одоо хэлэлцэж байна. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг долоо
хоногийн дотор хэлэлцэх байтал яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Алийг нь хугацаанд
нь хэлэлцээд, алийг нь хугацаанаас нь хэтрүүлж хууль зөрчдөг юм бэ” гэхэд УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж “хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу” гэсэнд тэрээр
уурлаж “Та удирдаж байгаа юм бол дэгийнхээ дагуу удирд. УИХ-ын гишүүдийн юу асуухыг
заах эрхгүй шүү. УИХ Засгийн газарт хяналтаа тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл
УИХ-ын 17 гишүүн сайд байна. Ерөнхийлөгч дан дээлтэй болгоё гээд оруулж ирж байхад
та нар яагаад эсэргүүцдэг юм. Ерөнхийлөгчтэйгээ нэг байр суурьтай байж чадахгүй
байгаа юм уу” хэмээн ярихад нь С.Эрдэнэ гишүүн өөдөөс нь чанга дуугаар сөргүүлэн
хэрэлдэв. Тэрээр “Насаараа өмхийртөл давхар
дээлтэй явчихаад та нар одоо юу яриад байгаа юм” гэлээ. М.Энхболд гишүүн “өмсч байсан дээлээ дааж байсан
юм. Улс орноо хөгжүүлж байсан юм аа за юу. Та нар шиг унагааж, нурааж байгаагүй юм” гэв. Хариуд нь С.Эрдэнэ сайд
“Шившигтэй юмнууд та нарын хийсэн юм гэж юу байдаг юм” гэхэд М.Энхболд гишүүн “чиний
хийсэн юм хаана байгаа юм” гэх мэтээр хэрэлдлээ. Тэдний хэрүүлийг тасалж Г.Баярсайхан
гишүүн “Наадмын маргааш намар гэдэг дээ.
Бүгдээрээ ажил ярьцгаая” гэж байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Давхар дээлийн
тухай хуулийг Ерөнхийлөгч 2016 оноос хэрэгжүүлье
гэсэн юм. Гэтэл та нар 2014 он болгож, засгийг бужигнуулах арга хэлбэр болгон хувиргасан
шүү дээ. Хаваржингаа энэ тухай ярьсан учраас одоо болъё л доо. Олон хүн биднийг
хараад сууж байна. Бүгдээрээ ажил ярья” гэв. Гэх мэтчилэнгээр Ардын намын асуулт
асуусан гишүүд цөм энэ сэдвийн хүрээнд үг хэлцгээж байлаа. Бүгдийнх нь санаа ажил.
Ерөнхий сайдын хариулт ч өмнөхөө давтаж байсан тул энд нуршилгүй орхиё. МАН-ынхан асуулт гэхээсээ илүү саналаа хэлцгээж,
эрх баригчид руу дайрч байв.
11:24 цаг: Асуулт үргэлжлэв. Ч.Хүрэлбаатар гишүүн
“Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжинэ гээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд
үүнээс өөр бодолтой байгаа юм шиг байна. Энэ чинь ам ажлын зөрүү биш үү. Эдийн засаг
хүнд байгаа учраас бүсээ чангална гээд байдаг. Гэтэл Бразил руу төсвийн мөнгөөр баахан дарга нар явж хөлбөмбөг
үзэх гэж байна. Энэ чинь ам ажлын зөрүү шүү дээ. Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд
байдаг. Тэгсэн шоронд хүн үхэж байна, үхсэн
хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. Эдийн засгийн хөгжлийн саадыг
огцруулъя гэхээр хэлэлцэхгүй юм. УИХ хуулиа зөрчөөд байна шүү дээ” хэмээн хэлэв.
Энэ үед Н.Батбаяр сайд бодол болон шанаагаа
тулж суулаа. Харин чуулганы танхимд 16 гишүүн сууж байсан юм. Тэдний ихэнх нь Ардын
намынхан байв. Харин 12.00 цагт Ерөнхий сайд
Латвийн Ерөнхийлөгчтэй уулзахаар гишүүдээс “чөлөө” авч гарав.
12.35 цаг: Эзгүйд нь Ц.Нямдорж гишүүн Ш.Түвдэндорж
гишүүнд хандан “Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. АН-д чамаас өөр сайхан сайхан
залуучууд бий. Тэдэнд зай тавиад өгчихгүй яасан юм зайлуул. Чи байнгын хорооны дарга
болоод нэг жил огт үзэгдээгүй алга болсон шүү дээ. Нэхэл дагал болж байж авчирсны
дараа овоо гайгүй болсон. Ийм хүнийг яаж сайд болгох юм. Х.Баттулга хариуцлагагүй
байсан. Одоо Х.Баттулгаас долоон дор нөхрийг
сайд болгох гэж байна. Түвдэндорж хөдөө аж
ахуй, мал мэдэхгүй. МоАХ гэж далдганахаас өөр юм мэдэх үү. Улс төрийн тохироогоор
та нар энэ хүнийг оруулж ирж байгаа биз дээ. Энэ луйврыг чинь хэлэх вий гэхээс айсандаа
АН-ынхан хурлаас гараад явчихлаа” хэмээн хэллээ. Ингээд үдээс өмнөх чуулган завсарлав.
14.00 цаг: Үдээс хойших чуулган эхлэв байв. Гэсэн
ч гишүүд ирсэнгүй.
14.26 цаг: Н.Энхболд гишүүн хамгийн түрүүнд чуулганыхаа
танхим руу орлоо. Араас нь Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Ш.Түвдэндорж
гэх зэргээр цувсаар чуулганы хуралдаан яг 15.00 цагт эхэллээ.
15.00 цаг: Ө.Энхтүвшин гишүүний асуултаар эхлэв.
Түүний дараа Н.Энхболд гишүүн “Олонхийн араншин парламентын ардчиллыг булшилж байна.
Ерөнхийлөгч одоо дуугарах цаг болсон. Яагаад бидэнд засварлага өгсөнгүй вэ” гэх
мэтээр асуулт өрнөлөө. Өөртэй нь холбоотой асуултуудад Ш.Түвдэндорж гишүүн “Намын шийдвэрээр намайг нэр дэвшүүлсэн. Тийм
учраас яамныхаа бодлогыг үргэлжлүүлж сайн ажиллана” хэмээн хариулж байлаа.
16.00 цаг: Асуулт хариулт дуусч, гишүүд үг хэлэв.
Г.Баярсайхан гишүүн “Ардын намынхан өнөөдөр УИХ, Засгийн газрын ажилд чөдөр тушаа
болж байна шүү дээ. Ашигт малтмалын хууль, Газрын тухай хуулийг та нар гацааж байна. Тиймээс одоо ажил ярьцгаая” гэв.
Ж.Батзандан “Сөрөг хүчний хартай авгай шиг зан хэрээс хэтрээд байна шүү. Дэлхийд
сөрөг хүчнийг хоёр хуваадаг. Бүтээгч, нураагч гэж. Ардын намынхан бүтээгч сөрөг
хүчин байж хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Харин Б.Болор гишүүн “Эцэс төгсгөлгүй
улс төрөө болиоч гэж хөдөө орон нутгийнхан бидэнд хандаж хэлж байна лээ. Тэрнээс
биш дан давхар дээлийн тухай хүмүүс ярихгүй
байна. Тиймээс үүнд цэг тавьж ажил ярьцгаая. Түвдэндорж гишүүнийг дэмжиж байна.
Ажлын амжилт хүсье” гэсэн юм. Ц.Нямдорж гишүүн
“Х.Баттулга сонинд ярилцлага өгчээ. Түүний хэлсэн үгийг энд уншиж өгье. “Тодорхой
юм нь Монгол элгээрээ хэвтсэн. АН Элбэгдоржийг сонсохоо байсан” гэх мэтээр хэлсэн
байна. Үүнийг бид хэлээгүй та нарын дунд байсан нөхөр чинь сонинд ингэж ярьсан байна
шүү. Олонхи болсон 45 нөхөр ер нь юу хийгээд
байна аа. Ард түмнээ сонсохоо байж. Нам доторх
шударга дуугарсан нөхдүүдээ тоохоо байж. Өөрсдийнхөө талд нэг кноп авчрах нөхрийг
сайд болгох гээд энд шараа болгож байна. Тиймээс үүнд чинь Ерөнхийлөгч хориг тавих
байлгүй. Тавихгүй бол түүнийг худлаа жүжиглэж байжээ гэж үзье” гэв. Дараа нь Н.Алтанхуяг сайд “Ерөнхийлөгч бид хэдийг
зөрчилдүүлэх гээд байх шиг байна.Давхар дээлийг 2016 оноос тайлуулъя гэж хууль оруулж
ирснийг нь та нар 2014 болгох гээд байхаар чинь больсон шүү дээ. Өнөөдөр статистик
мэдээллийг харахад муу ч мэдээ байна. Сайн ч байна. Энэ бүхнийг бодитой харж асуудлаа
ярьцгаая” гэсэн юм. Ингээд төгсгөлд нь хоёр
намын бүлгийн дарга үг хэлснээр Ш.Түвдэндорж гишүүнийг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар
томилох уу гэдгээр санал хураав. Тэгэхэд нь Ардын намынхан санал хураалтад оролцохгүй
гэлээ. Гэсэн ч олонхи бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд сууж байсан тул Ш.Түвдэндоржийг
85 хувийн саналаар Үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар дэмжив. Дараа нь Галын аюулгүй
байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд нь
Ардын намынхан “Өнөөдөр хэлэлцэх бүх асуудал дээр тав хоногийн завсарлага
авч байна” гэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Р.Гончигдорж гишүүн “Маргаашийн
/өнөөдөр/ чуулганаар шинэ төсөл л хэлэлцэх
байхдаа. Өнөөдрийн /өчигдөр/ бүх асуудлаар завсарлага авчихлаа” гэсээр хоцров.
17.00 цаг: Чуулган өндөрлөж, Засгийн газрын хуралдаан
оров. Шинэ сайдын томилгоотой холбоотой бэлгэдлийн чанартай хурал хийнэ гэсэн албан
бус мэдээлэл байлаа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
07.30
цаг: Маршалын гүүрний наахна зам дагуу байрлах томоо гэгчийн хашааны
үүдэнд хүмүүс аль хэдийнэ бужигнаад эхэлчихэж. Энэ хашаан дотор “Хүннү” хорооллын
барилгын ажил өрнөж байгаа юм. Дотогш нэвтрэхээр дугаарласан ажилчдаас гадна машинууд
ч орох ээлжээ хүлээн эгнэцгээжээ. Машинтай ажилчдын өмнө нийтийн унаагаар ирсэн
ажилчид хашаа руу орж эхэллээ. 18 барилга сүндэрлэж буй энэ том хороололд 27 компанийн
1370 гаруй хүн ажиллаж байгаа аж. Ийм олон хүнийг шалгаж нэвтрүүлнэ гэдэг амаргүй
ажил бололтой. Хашааны завсраар сонирхож харвал зарим ажилчид нь дасгал хийж харагдана.
Хажууд зогссон залуу “Эрт ирсэн ажилчид 07.45 цагаас дасгал хийдэг юм” гэж тайлбарлав.
08.05 цаг: Ажилчдын цуваа сая л нэг татрав. Тэдний
завсар зайгаар машинуудыг шалган оруулж байсан юм. Зөвхөн энд ажилладаг хүмүүсийн
машин л барилгын талбайд орох эрхтэй аж. “Хүннү-2222” төслийн менежер Х.Тогтох бидэнд
газарчиллаа. Хашаагаар оронгуут баруун гар талд эгнэсэн байрнууд ажилчдын кэмп гэнэ.
Зүүн гар талын цэлийсэн том хашаанд ороож бэлдсэн, элдэв янзын хэлбэр дүрстэй баахан төмөр өржээ. Төмрийн хавиралдах чимээ,
техникийн жигд хүнд дуу нүргэлсэн энэ хашааг Х.Тогтох “Арматурын үйлдвэр” гэж тайлбарлав.
Өглөө, өдөргүй хоёр ээлжээр ажилладаг гэнэ. Хашааны үүд хавиар ажилчдын машиныг
эгнүүлжээ. Лав л 200 гаруй машин байгаа бололтой. Инженерүүдийн өрөөгөөр орлоо. Нэг орос хүн компьютер
тогшин сууна. Жога Владимирович нэлээд эрт долоо өнгөрч байхад иржээ. Энэ төсөл дээр орос инженерүүд сантехник,
цахилгаан, хөрсний усны асуудал дээр зөвлөгөө
өгөн ажиллаж байгаа гэнэ. Энэ өрөөнд монгол, орос, солонгос инженерүүд тохой залган
суудаг юм байна. ”Хүннү” хорооллын архитектур, төлөвлөлт талын зөвлөгчид нь солонгосчууд
аж.
08.30
цаг: Хөдөлмөр хамгааллын сургалтын өрөө бол бидний орсон хоёр дахь газар.
Хичээлийн танхим маягаар тохижуулсан энэ өрөөнд дөрвөн хүн ажилладаг аж. Хөдөлмөр
хамгааллын албаны дарга Н.Даваажав гав шав хийсэн, хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн
юм. Биднийг ороход “Вестерн консол”-ын кранист,
инженер хоёр сургалтад сууж байв. Биднийг байхад байсгээд л хүмүүс шагайх юм. Шинэ
ажилчдаа сургалтад хамруулах, шаардлагын хариу өгөх гээд өчнөөн шалтгаантай улс
энэ өрөөгөөр тасралтгүй орж гардаг нь хагас цаг байхад л мэдрэгдсэн.
09.00
цаг: “Одоо Ким ирсэн байх. Бүгдээрээ инженерүүдийн өрөөгөөр дахиж нэг
ороод барилгын талбай руу явъя” гэсэн Х.Тогтохын зөвлөгөөг дагав. Ингэж зөвлөсөн
нь ч учиртай байж. Инженерүүдийн өрөөнд Кимээс гадна хоёр солонгос сууж байна.
“Хурд”-ынхан “Хүннү” хорооллоо солонгос загвараар барьж байгаа аж. Кимээр хорооллын
талаар баахан яриулав. “Хүннү” хороололд
ямар ч машин оруулахгүй юм байна.Түргэний, галын машин л орох эрхтэй. Гэртээ нүүж
ирж байгаа ч юм уу, энэ хорооллоос нүүх айл ачааны машин оруулж болно, бусад тохиолдолд
“no” гэнэ. Учир нь хорооллын доор машины зогсоолыг шийджээ. Бүр хоёр давхрыг
тэр чигт нь машины зогсоол болгохоор төлөвлөчихөж.
Нэг айлд 1.5 машины зогсоол ногдоно гэж Тогтох яриандаа оролцов. Нэгдүгээр ээлжийн
1416 айлын дунд гэхэд л 1810 машины зогсоол төлөвлөжээ. Тэгэхээр энд байр худалдаж
авсан хүмүүс хүүхдээ айх аюулгүйгээр гадаа тоглуулж болох нь. Солонгос загварын
жишиг хороолол гээд байгаагийн учир нь энэ
аж. Өөр нэг зүйл сонирхуулахад хорооллын айл бүрд өдөрт 3-5 цагийн хугацаанд заавал
нар тусч байхаар архитектурыг нь шийдсэн гэсэн. Бас гарааш байрлах доод талын хоёр
давхарт тагтан дээрээ овоолдог элдэв зүйлсээ
хийж болох өрөөнүүдийг төлөвлөжээ. Монголоор бол амбаар маягийн үүрэг гүйцэтгэх
эд бололтой. Энэ мэт хэрэглэгч рүүгээ хандсан эерэг шийдлүүдийг хангүгчүүдээс хуулжээ.
“Монголдоо бол анх удаа хэрэгжүүлж байгаа шийдлүүд” гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж
байна лээ.
09.30
цаг: Инженерүүдийн өрөөнөөс гараад
барилгын ажил өрнөж буй талбай руу зүглэлээ. Кэмпээс бас ч гэж хол зайтай юм. Наана
нь дахиад арав гаруй барилга сүндэрлэх гэнэ. Барилга сүндэрлэх талбайн наахна гэхэд
л материалын агуулах, бетон зуурмагийн үйлдвэр нэлээд талбайг эзлэн оршино. Барилгын
ажил өрнөж буй хашааны үүдэн хэсгээс л их ажил өрнөж байгаа гэдэг нь илт. Барилгын
материал ачсан портерууд тасралтгүй хөлхөнө.
Төмөр нүдэх, ямар нэг юм өрөмдөх, алх тогших зэрэг олон янзын авиа нэгдэхээрээ
яаж сонсогддог билээ. Яг тийм сүртэй дуу
чимээ биднийг угтлаа.
10.00
цаг: Бидний анх орсон хэсгийг Х.Тогтох “Машины зогсоол болно” гэж тайлбарлав.
Тэнд хорь орчим хүн ажиллаж байна. Нэг хэсэг нь элс зөөж, нөгөө зарим нь шавар зуурч,
хоёр, гурван хүн гагнуур хийгээд завгүй. Сантехникийн хоолой угсрах ажил хийж байгаа
гэнэ. Мөн тэнд “ЧУЗ” компанийнхан “Хүннү” хорооллын салхивчны хоолойнуудыг элдэв
хэлбэрээр нь хийж өгч байна. Арав гаруй залуу төмөр нүдэж, зүсэж, давтаж сэхээ чөлөөгүй
ажиллацгаана. Тэд биднийг очдогийн өмнөх өдөр гэхэд л зуу гаруй ийм хоолой хийжээ.
11.00 цаг: Гараашны дунд хэсэгт уртаа гэгчийн хоолой маягийн зүйл харагдав. Монголд
хамгийн урт буюу 300 метр туннель энд баригдах юм байна. Оршин суугчид энэ туннелээр
дамжин гарааш руугаа орж машинаа байрлуулах аж. Хамгийн доод давхрын буюу B1 давхарт
байрлах гараашийн ажил бас ид өрнөж байв. Гурван ч газар гал өрдөж дээр нь поошиг
тавьчихаж. Замын хар хайлуулж байгаа бололтой. “Үерийн усны хамгаалалт хийхэд ашиглана”
гэж гал өрдөж буй бүсгүй тайлбарлав.
12.18
цаг: Хороолол руу орох гарц нь их том, загвар нь ч хөөрхөн санагдав.
Энэ гарцаар оршин суугчид машинтайгаа орох боломжгүй, шууд гаднаасаа туннелээр дамжин
машинаа зогсоолд тавих юм билээ. Гарцан дээр арав орчим хүн ажиллаж байна. Гагнуур,
шавардлага гээд ажил ч өрнөж байнаа. Хорооллын
гадна талбайд дөрвөн эгнээтэй хоёр урсгал бүхий засмал тавихаар төлөвлөжээ.
Хорооллын урд талд сүндэрлэсэн байрны шатаар дээш өгслөө. Хог хаядаг бункерийн хэсэгт
хоёр нүх гаргасан нь экологид ээлтэй шийдэл гэнэ. Нэг хоолойгоор нь дахин боловсруулах, нөгөөхөөр нь энгийн хог
хаях зориулалттай аж. Усны хоолойг гэхэд л хаягдал усыг дахин ашиглах боломж бүхий
шийдлээр хийжээ. Энэ шийдлээ төсөл хэрэгжүүлэгчид “Алсаа харсан, байгальд ээлтэй”
гэж тайлбарласан. Дахиад дээшиллээ. Энэ байрны дотоод заслыг “DP construction” компани
гүйцэтгэж байгаа юм билээ. Биднийг очиход тус компанийн захирал Болдсүх ажлаа сонирхуулав. Тэдний дотоод заслыг нь хийж байгаа
дөрвөн өрөө байрыг сонирхлоо. Өрөөнүүдийн зохион байгуулалт нь дажгүй, зочны өрөөний
цонхны урт нь гэхэд л гурван метр, өндөр нь бараг хоёр метр шахуу юм. Гал тогооны
өрөөний цахилгааны утсыг хүртэл хийчихэж. Энэ байрыг шинэ жилээс өмнө ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа аж. Компанийн зүгээс Хүннү хорооллын эхний ээлжийн орон
сууцнуудыг ирэх хавар гэхэд ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байгаа юм билээ. Болдсүх
“Манайх зөвхөн дотоод заслаа л хариуцна. Гадна засал, цахилгаан гээд компаниуд тус
тусдаа үүрэгтэй ажиллаж байгаа болохоор барилгын ажил илүү хурдтай, чанартай явагдаж
байна” гэж ярилаа. Хана нь бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, тулаас
баганагүй учраас өрөөнүүд нь илүү саруулхан харагддаг гээд олон давуу талтай гэнэ.
Болдсүх Х.Тогтохоос ханы обойгоо авчирсан эсэхийг сонирхохыг бодоход байр ашиглалтад
орох хугацаа тун дөхжээ.
13.00
цаг: Цайны цаг эхлэхэд барилгын талбай нэг хэсэгтээ эзгүйрэв. Гэхдээ
ээлжилж явдаг бололтой, цөөн хэдэн хүн барилгын талбай дээр үлджээ. Төсөл дээр ажилладаг
компани бүр тус тусдаа хооллоцгоодог юм байна. Портерын тэвшин дээр савтай хоол
авчирч ажилчдадаа хооллох компани ч харагдсан. Ихэнх нь ажилчдын кэмпэд хооллоцгоолоо.
14.00
цаг: Дахиад л алх, өрөм, гагнуурын дуу хадаж эхэллээ. Энэ удаа хяналтын
инженер Д.Дүгэр, Н.Өлзийсайхан хоёроор газарчлуулав. Бетон цутгалт яаж хийдгийг
сонирхохоор хорооллын баруун захын байрны лифтээр дээшлэв. Лифт гэдэг нь бидний
мэддэг орцон доторх цахилгаан шат биш. Барилгын гадна талд байрлуулсан, хүнд жинтэй
барилгын материалуудыг дээш нь зөөх зориулалттай лифт юм. Хоёр тонн ачааг өлхөн зөөх чадалтай энэ аварга
лифтээр дээшилж арванхоёр дугаар давхарт гарлаа. Тэндээсээ хорин давхар руу явганаар
өгслөө. Дээрээс харахад Туул орчмын тэр бүсэд барилгын ажил хаа сайгүй өрнөж байна
аа. Эднийх бетон цутгалтандаа мөн л шинэ технологи нэвтрүүлчихэж. Солонгосчуудын
2007 оноос хэрэглэж эхэлсэн орчин үеийн технологи гэнэ. Солонгосоор бол ягир гэдэг
аж. Англи нэр нь гангформ юм билээ. Хар үгээр зүйрлэвэл гадна талд нь төмөр, дотор
талд нь хөнгөн цагааныг нийлүүлж угсраад бетоноо цутгадаг юм байна. Энэ хэв хашмалын
онцгой давуу тал нь бүрэн угсрахад л барилгын
нэг давхрыг нэг дор бетоноо цутгах боломжтой гэнэ. Давхар давхраар нь ингэж өрөөд
явахад барилга барина гэдэг тийм ч асуудал биш бололтой. Доод давхруудад бетон зуурмагаа
краны тусламжтайгаар хүргэдэг бол дээд давхрынхыг хөнгөхөн хялбар аргаар шийджээ.
Доороос нь тусгай хоолой гүйлгээд хүчтэй даралтаар шахахад л хорин давхрыг тэр чигт
нь бетондчих боломжтой юм билээ.
15.00
цаг: Хорин давхар дээрх бетон цутгалтын ажлыг сонирхсоны дараа хотхоны
зохион байгуулалттай танилцахаар доошлов. Хотхоны дунд сүндэрлэх хоёр давхар цэцэрлэгийн барилгын бетон цутгалтын
ажил дуусчээ. Дотоод заслынхаа ажилдаа аль хэдийнэ орсон бололтой, ачааны машинууд
барилгын материал зөөж, буулгаж харагдав. Цэцэрлэгийн барилгыг худалдаж авах хүнд
хотхоны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулах, боломжийн үнээр хүүхдүүдэд үйлчлэх гэсэн
шаардлага, шалгуурыг компанийн зүгээс тавих юм билээ. Хоёрдугаар ээлжийн орон сууцнууд
баригдах үед сургуулийн барилгын ажил эхлэх юм байна. Энд мөн номын сан, ахмадын
чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажиллана гэж төслийнхөн ярьсан. Бетон цутгалтын ажил
нь ид өрнөж байгаа юм байна. Хажуугийн байрны гадна фасадын ажил эхэлжээ. “Хорооллын
дундах талбайд гурван метр хэрийн хөрс асгаж зүлэгжүүлнэ, мөн тоглоомын талбай байгуулна”
гэж Х.Тогтох сонирхуулав.
16.00
цаг: Инженерүүдийн өрөөнд эргэж ирлээ. “B1 хэсгийг ингэнэ, F1 хэсгийн
хувьд… “ гэж ирээд мэргэжлийн яриа өрнөсөн энэ өрөөнд хэсэг саатав. Инженерүүдтэй
зөвлөлдөх гэсэн хүмүүсийн хөл татрах шинжгүй. Тухай бүрд нь асуудлыг шийдээд гаргах
юм. Инженерүүд өндөр хяналттай ажилладаг нь илт. Биднийг газарчилсан хяналтын хоёр
инженерийн үүрэг нь гүйцэтгэгч компаниудыг ажлаа яаж хийж байгааг хянах юм билээ.
Ким гэхэд л шавардсан хэсгийг шалгаад замаскдах эсэхийг хүртэл шийддэг бололтой
юм. Сонирхуулж хэлэхэд инженерүүдээс нэг шинэ мэдээ сонсов. Давхар бүрд дуу тусгаарлагч
хийж өгөх гэнэ. Дээд айл нь их дуу чимээ гаргасан ч доод айлд нь сонсогдохгүй гэсэн
үг. Мөн л солонгос технологи гэнэ. Өнөө хэрэглэгчдэдээ ойртсон шийдэл “Хүннү” хороололд
энэ мэтээр өчнөөн байх бололтой дог шүү.
17.00
цаг: Нэгдүгээр ээлжийн 18 барилгаас гадна хоёрдугаар ээлжийн барилгуудаас
хоёр ч орон сууцны суурийн ажил эхэлчихсэн бужигнаж байгааг газар дээр нь очиж харав.
“Хурд групп”-ийнхэн одоогийн байдлаар 7000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулжээ.
“Алдаан дээрээсээ суралцаад ажлаа илүү чанаржуулахын төлөө явж байгаа” гэж ярих
хүн олон байв. Зуун хувь Монголын хөрөнгө
оруулалттай энэ компанийн “Хүннү-2222” төсөл дээр ажиллаж байгаа 1300 гаруй хүний
жар, дал нь л гадныхан, бусад нь монголчууд гэсэн. “Хүннү” хорооллын барилгын ажил
өрнөж буй цэлгэр том хашаанаас 05.15 цагийн үед гарахад тэдний ажил дуусаагүй байв.
Өглөө наймаас ажлаа эхэлсэн барилгачдын ажил орой наймаас дуусна. Арматур, бетон
зуурмагийнхны хувьд шөнийн ээлж нь ажилдаа ирнэ. Тэр хашаанд барилгын бүтээн байгуулалтын ажил өдөр, шөнөгүй
өрнөж байна.
Ц.БААСАНСҮРЭН