Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд нэг хоног үлджээ. Шалгалтын бүртгэл дууссан ч анхаарах зүйлс бий аж.  Энэ жилээс эхлэн шалгалт өгөхийн өмнө заавал суудлын хуваарь буюу шар хуудас хэвлэж авсан байх шаардлагыг хүүхдүүдэд тавьж байгаа билээ. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу орж, бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас шар хуудсыг хэвлэж авах бөгөөд өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгэлийн хуудсан дээр тамга даруулж баталгаажуулаагүй бол  өнөөдрийн 17.00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд ирж бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж болох гэнэ. Одоо хамгийн чухал зүйл бол шалгалтад орохдоо бичиг баримтаа бүрдүүлэх юм. Бүрдүүлэх бичиг баримтад, нэгдүгээрт иргэний үнэмлэх, хэрвээ насанд хүрээгүй хүүхдүүд шалгалт өгөх бол төрсний гэрчилгээ сургуулийн захирлын тодорхойлолт, эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зургийн хамтаар авч очих ёстой. Хоёрдугаарт, бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, бүртгэлийн хуудсаа авчирна. Бүртгэлийн хуудас нь баталгаажсан байх ёстой. Үүний тулд тухайн  сургуулийн захирал, харьяа дүүргийн  болон аймгийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтнээр гарын үсэг зуруулж баталгаажуулах гэнэ. Дөрөвдүгээрт суудлын хуваариа авчирна. Суудлын хуваарийг өмнө нь хэвлээд, сургуулиар нь дамжуулж тараадаг байсан бол энэ жил тавдугаар сарын 15-наас хойш бүртгүүлсэн шалгуулагчид өөрсдөө Боловсролын үнэлгээний төвийн цахим  сайтаар нэвтэрч ороод, суудлын хуваариа хэвлэж авах юм. Тавдугаарт, сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгөхдөө монгол хэл бичгийн шалгалт өгснийг гэрчлэх боловсролын үнэлгээний төвөөс гаргасан таних тэмдэг наалгасан байх ёстой юм байна. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн нөхцөлд шалгалтандаа асуудалгүй орох юм. Эцэг, эхчүүд багш нар хүүхдүүдийнхээ бичиг баримтын бүрдүүлэлтэд анхаарахгүй бол өмнөх жилүүдэд эдгээр бичиг баримтын аль нэг нь дутуу, хаясан гээсэн шалтгаанаар шалгалтад орж чадахгүй байх тохиолдол  гарч байсныг сануулж байв. 

Шалгуулагчид заавал монгол хэлний шалгалт өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон өөрчлөлтөөр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх шаардлага тавьж байгаа. Улсын хэмжээнд зэрэг зохион байгуулагдах тус шалгалт маргааш 12.00-13.40 цагийн хооронд болно. Шалгуулагчийн материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлж,  багш нарын тусламжтайгаар гараар засах гэнэ. Гэхдээ энэ жилийн монгол хэл, бичгийн  шалгалтын дүн улсын ерөнхий шалгалтын дүнд нөлөөлөхгүй аж.  Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж байгаа бөгөөд шалгалт авах байранд Боловсролын үнэлгээний төвөөс томилсон зохион байгуулах комисс ажиллаж хяналт тавих юм байна. 

Шалгуулагч нэг цагийн өмнө ирсэн байх ёстой 

 Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургууль дээрээ шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон орон нутгийн шалгалтын байранд шалгалтаа өгөх гэнэ.  Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тусгайлан бэлтгэсэн танхимд сууж өгөх нь. Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагыг тавьж байгаа аж. Улмаар шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзлэх бөгөөд хэрвээ хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэнэ. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямарваа нэг зүйлийг авч орохыг хоригложээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл бичгийн шалгалт болон монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байхаар зааж. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөх учраас үзэг балаа  ч бас бэлдэж ирэхийг санууллаа. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглох бөгөөд хэрвээ  биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгөхөөр журамлажээ. Шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэн авах гэнэ.

  Шалгалтын дүн мэдээ 

Бүх шалгуулагчдын гэрээний болон хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төвд төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргах бөгөөд машинаар засагдсан нийт хариултын хуудасны таваас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулахаар болжээ. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх бөгөөд хүүхдүүд бүртгэлийн дугаараа тус цахим сайт руу орж үзэх боломжтой. 

Харин дүнгийнхээ батламжийн хуудсыг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах гэнэ. Хөдөө орон нутгийн шалгуулагчид дүнгийн батламжийн хуудсыг аймгийн Боловсролын газрын элсэлтийн шалгалт  хариуцсан ажилтнаас авах гэнэ. Шалгалтын дүн болон бусад мэдээллийг  электрон сан бүрдүүлэн архивлах бөгөөд шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэнэ. Хэрвээ шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа,  даалгаврын хариулттай холбоотой өргөдөл гаргахаар бол бичгээр шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, зургадугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, XVIII  байр гэсэн хаягаар Боловсролын үнэлгээний төвд ирүүлж болох гэнэ.

Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарууллаа.  Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгох гэнэ.  

Шалгалтын хуваарь

Сар/Өдөр

Цаг

Хичээл

06 сарын 14 өдөр

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 сарын 16

10:00 – 11:20

Орос хэл

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 17

08:30 – 09:50

Монгол Улсын Түүх

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:00 – 18:20

Монгол хэл

06 сарын 19

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Газарзүй

Х.ЦЭНД-АЮУШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *