Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулжээ. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос тэмдэглэх болсон байна. Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр Монголын хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулах гэнэ. Үүний нэг нь өнөөдөр болох “Хөдөлмөр эрхэлж буй хөвгүүдийн хөл бөмбөгийн тэмцээн” юм. Тэмцээнд нийт 12 баг оролцоно. Уламжлал болсон уг тэмцээн зургаа дахь жилдээ зохиогдож байгаа аж.

ҮСХ-ноос хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаагаар 2011-2012 онд  Монгол улсад 5-17 насны хүүхдийн 15,9 хувь (93,968 хүүхэд) нь ажил эрхэлж байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа бөгөөд уул уурхай, барилга, худалдаа зэрэг салбар дахь хүүхдийн ажил эрхлэлт нэмэгдсэн байна. Хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт их байгаа бөгөөд хөвгүүдийн хөдөлмөр эрхлэлт охидынхоос илүү, нас ахих тутам хүүхдийн ажил эрхлэлт нэмэгддэг аж. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн  11 хувь нь буюу 10,398 хүүхэд хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд хортой нөхцөлд ажиллаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилго тавьсан. Үндэсний нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох, эрүүл ахуйн баталгаат байдал нь хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоо нь “хүүхдийн мэдрэмжтэй” байх ёстой. Хүүхэд төрөх үедээ болон гэр бүлд тохиолдсон ямар нэг асуудлаас болж эмзэг, эрсдэлтэй болох магадлалтай. Үүнийг нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан шийдвэрлэх шаардлагатай. Нийгмийн хамгааллыг хүүхдүүдэд ялангуяа ХДХВ/ДОХ-ын халдвар авсан, цагаач, үндэсний цөөнх, эдийн засаг, нийгмийн хөгжлөөс алслагдсан бүлгийн хүүхдүүдэд илүү хүртээмжтэй байдлаар зохион байгуулах нь чухал гэж Хүүхдийн төлөө газар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах сүлжээнээс зохиосон хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.  

Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай хэлэхдээ: Гэр бүлийн боловсролыг багаас нь олгох хэрэгтэй.  Хүүхдийн төлөө үндэсний газар, ХАХНХЯ хамтран Гэр бүлийн боловсролын модуль хийгээд дуусаж байгаа гэлээ.“Хүүхдэд аюултай ажил”  богино хэмжээний киног өнөөдөр телевизүүдээр гаргах юм байна. Цаашид аймаг орон нутгуудтай видео хурал зохион байгуулж, санал солилцох юм байна. 

Г.Агиймаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *