Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн Монгол Улсад
хийж буй албан ёсны айлчлал эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж Их эзэн Чингис хааны талбайд угтав авлаа. 

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын
Парламентын дэд дарга Андрейс Клементьев, Гадаад хэргийн сайд Эдгарс
Ринкевичс, Боловсрол, шинжлэх ухааны сайд Ина Друвете, Хөдөө, аж ахуйн
сайд Янис Дуклавс, Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Ингрида Левренс болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Гундарс Даузе тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд
багтаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэт зочноо угтан
авахад Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын
гаүзрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад
бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын тэргүүтэй албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэт зочноо угтан
авсны дараа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Их
эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн хүндэт зочны дэвтэрт гарын
үсэг зурав.     

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах
Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар Төрийн ёслол хүндэтгэлийн
гэр өргөөнд ганцаарчлан уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн
үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таныг манай оронд айлчлан ирж буйд
чин сэтгэлээсээ талархаж Монголд тавтай морилохыг хүсч байна. Манай хоёр
орон олон талаараа адил төстэй, жаргал зовлон нэгтэй улс. Хорь гаран
жилийн тэртээ бид ардчилсан хувьсгалыг ганц ч цонх хагалалгүй, ганц ч
дусал цус урсгалгүй хийж чадсан. Монгол Улсын хувьд хоёр хөрш оронтойгоо
найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Монгол, Латви
хоёр оронд нийтлэг үнэт зүйл бий. Хоёр талын харилцаа болон олон талт
хамтын ажиллагааг улам идэвхижүүлэхэд Таны энэхүү айлчлал үнэтэй хувь
нэмэр оруулна гэж бодож байна. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд
танайд байгаа далайн боомтоор дамжуулан Латви Улс болон Европын
Холбоотой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байдаг.
Энд хамтран ажиллах өргөн боломж бий” гээд “Бид АОХН-ийг амжилттай
удирдаж өнгөрсөн онд даргалах эрхээ шилжүүлэн өглөө. Бид бүс нутагтаа
болон дэлхийд харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг
хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” хэмээн
онцолсон юм.

Дараа нь Бүгд Найрамдах Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш
хэлэхдээ “Та бүхнийг халуун дотноор угтан авсанд чин сэтгэлээсээ
баярлалаа. Таны хэлдгээр бидэнд адил төстэй нийтлэг үнэт зүйл бий.
Монголд ирээд сэтгэгдэл өндөр байна. Балтийн гурван орон болох Польш,
Финланд, манай улс Европын Холбооны зүүн хил болдогийн хувьд Европын
Холбооны томоохон талбар мөн. Хамтран ажиллах таны байр суурийг бид
бүрэн дэмжиж байна хэмээв. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нарын
ганцаарчилсан уулзалт найрсаг дулаан уурь амьсгалд амжилттай өндөрлөж
хоёр талын хэлэлцээнд орсон юм.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *