Categories
мэдээ нийгэм

Гудамжаа гэрэлтүүлбэл цахилгааны төлбөрийг нь нийслэлээс төлнө

Гэрэлтэй, аюулгүй тайван амьдралыг бүрдүүлэхийн тулд  “Гэрэлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Энэ хөтөлбөрт хувийн хэвшлүүд өөрийн байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд гэрэлтүүлэг хийсэн бол хотоос засвар үйлчилгээ, цахилгааны мөнгийг нь олгохоор төлөвлөжээ. 

Гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал хүн бүрийн анхаарлыг татдаг. Нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх хувь нь гэрэлтүүлэггүй гудамж, хороололд гардаг талаар цагдаагийн газраас байнга сануулдаг. 

Гэр хорооллын иргэд гудамжаа өөрийн хөрөнгөөр гэрэлтүүлбэл цахилгааны мөнгийг нь яаж зохицуулахаар шийдэж байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Тус албанаас “Энэ талаар журам гаргахаар боловсруулж байна. Иргэд зөвхөн хашааныхаа ойр хавийг л гэрэлтүүлнэ гэхээсээ илүүтэй хөршүүд, гудамжаараа нэгдээд гэрэлтүүлгийн асуудлаа шийдвэл цахилгааны төлбөрийг нь нийслэлээс гаргаж болно. Гэхдээ энэ талаар сайн судалж байгаа. Иргэд ийм маягаар гэрэлтүүлгийн асуудлаа шийдэхээр төлөвлөж байгаа бол хөдөлгөөн, дуу мэдрэгчтэй гэрэлтүүлэг сонговол зүйтэй” гэсэн хариулт өгсөн юм. 

Хөтөлбөрийн хүрээнд цаашид гэрэлтүүлэгтэй хамт камержуулалтын системийг ч цогц байдлаар шийдэхээр төлөвлөж байгаа аж.

Д.САРУУЛ