Categories
мэдээ нийгэм

“Railbus” үйлчилгээнд явж эхэллээ

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ойн арга хэмжээний үеэр нийслэлийн автозамын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор ОХУ-ын “Трансмаш холдинг” компаниас худалдаж авсан РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ын эхнийхийг тусгай цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхэллээ. 

РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой.Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих гэнэ. Мөн дээрх чиглэлд явахдаа нийт найман зогсоолд зогсох бөгөөд одоогийн байдлаар зогсоолууд ашиглалтад хараахан ороогүй байгаа аж. Тухайлбал, Вокзалаас хөдөлсөн “Railbus” Вагон депогийн ойролцоо “Барс-2”-ын ард зогсоно. Цааш явсаар “Таван-шар”-ын автобусны буудлын ойролцоо зогсоод шууд Тол­гойт өртөө хүрэх аж. Ингэхдээ хэрэв зорчигч “Барс 2” дээр буух бол 500, “Таван-шар дээр буух бол 1000 төгрөг төлөх аж. Харин бусад тохиолдолд зорчигч үндсэн үнэ болох 2000 төгрөгийг төлөх юм байна.    

Боловсон хүчний хувьд ОХУ-д бэлтгэсэн дөрвөн машинист ажиллах аж. Харин өчигдрийн анхны аялалд ОХУ-ын мэргэжилтэн ахлах машинистаар томилогдсон байв.

“Манай улсын нийтийн тээврийн зэрэглэл, соёл, хөг­жил бусад хөрш орнуудтайгаа харьцуулахад ичмээр дүр зураг харагддаг нь үнэн. Хүн төрөлхтөн зуун жилийн өмнө газар доогуур метро ашигласан байдаг бол XXI зууны Монгол оронд автобус, такси л нийтийн тээврийн илэрхийлэл. Гэхдээ хөгжил бүхэн өөрийн цаг хугацаатай гэдэгчлэн Монголын Төмөр зам өөрсдийн хөрөнгөөр анхны хотын тээврийн “Railbus”-тай боллоо. Ямар ч байсан энэ унаа Улаанбаатарын иргэдийн хөл дүүжлэх чухал зүтгүүр болно” гэж Улаан­баатар төмөр замын вокзал дээр болж байсан арга хэмжээнд оролцогчид ярьцгааж байлаа.

Шинээр үйлчилгээнд явж эхэлсэн “Railbus”-ийн талаар Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодруулсан юм.

 -“Railbus” өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явж эхэлснээр хот доторх нийтийн тээврийн салбарт дэвшил гарлаа. Гэхдээ зогсоолууд эцсийн байдлаар янзлагдаагүй байх шиг?

-Юутай ч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар хотын иргэдэд саадгүй, хурдан үйлчлэх “Railbus”-аа өнөөдрөөс эхлэн үйл­чил­гээнд гаргалаа. Нэг тал­даа ойролцоогоор 40 минут зорчино. Одоогоор зогсоолуудыг эцсийн байд­лаар засч янзлан, хаана хаана зогсох тухай шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ заагдсан буудал бүрт цагтаа зогсч, иргэдэд хурдан шуурхай үйлчилнэ.

 -Дөрвөн машинист бэлтгэсэн гэлээ. Ээлжээр үйлчилгээнд явах уу?

-Тийм.

-“Railbus” автобустай адил кондуктортой юу?

-Мэдээж байгаа. “Railbus”-т ажиллах үүрэгтэй 15 кассер өнөөдрөөс ээлжээр ажилдаа орно.

 -Зөвхөн “Railbus” гэлтгүй Улаанбаатар төмөр зам ОХУ-аас 15 шинэ суудлын галт тэрэг худалдаж авсан. Өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлж байгаа юу?

-Тийм ээ. Бид анх удаа өөрсдийн хөрөнгөөр хойд хөршөөсөө хамгийн орчин үеийн суудлын галт тэрэг худалдан аваад байна. Эхний ээлжинд улс хооронд аялах бол яваандаа өртөөдөд хүрч ажиллахаар болсон.

Г.ЛХАГВА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *