Categories
мэдээ цаг-үе

Батлан даалтад гарахын тулд хагас сар өлсгөлөн зарлаж байна гэв

84 настай Ё.Чимэд эмээ манай сонинд хандлаа. Түүний охин залилангийн гэмт хэрэгт холбогдож Урьдчилан хорих 461 дүгээр ангид зургаан сар хоригдож байгаа аж. Эмээ зургаан сарын турш охиныхоо хоёр хүүхдийг дагуулж Өвөрхангай аймаг Улаанбаатар хоёрын дунд уяатай нохой мэт яваагаа ярьсан. Охин нь өнгөрсөн сарын 22-ноос эхлэн Урьдчилан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлжээ. Эмээ охиныхоо эрүүл мэндэд санаа зовон, батлан даалтад гаргахыг  “Өдрийн сонин”-оор дамжуулан прокурор, шүүгчдээс хүссэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Та охиныхоо талаар яриач?

-Охиныг минь Д.Анхтуяа гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд зургаа, долоон настай хоёр хүүхэдтэйгээ хамт миний дэргэд амьдардаг байсан юм. Хоёр жилийн өмнө хотод нэг залуутай танилцаад, түүнтэйгээ хамтран амьдардаг болсон хэрэг. Одоо би хоёр хүүхдийг нь чирээд л охиныхоо төлөө өдөр, шөнөгүй явж байна. Надаас өөр энэ хүнийг гэх хүн алга.

-Яаж яваад хэрэгт холбогдчихсон юм бол?

-Хамтран амьдардаг залуу нь түүхий эдийн ченж юм билээ. Тэрэнтэйгээ нийлээд машин авахаар болж. Тэгэхдээ нөгөө залуугийнхаа найз Ганболдын “Ниссан Куашкау” маркийн машиныг мөнгийг нь арав хоногийн дараа өгье гээд авсан байна. Тэр үед Д.Энхтуяа бичиг баримтгүй явж байгаад дүүгийнхээ нэр дээр худалдан авах гэрээ хийгээд авчихаж л дээ. Хамтран амьдардаг байсан залуу нь тухайн үед хөдөө түүхий эд цуглуулаад явж байсан юм билээ. Тэгэхдээ “Энд түүхий эд их байна. Мөнгө хэрэг болох янзтай. 18 сая төгрөг явуулаач” гэж охин руу минь ярьсан байна. Ингээд охин маань дүүгийнхээ нэр дээр авсан машинаа “Сайн” ломбардад тавиад 18 сая төгрөг зээлчихэж. Тэгтэл машины эзэн Ганболд долоо хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандчихсан. Ингээд л охиныг маань бариад хорьчихсон хэрэг. 

-Машин болон ломбарднаас зээлсэн 18 сая төгрөгийг залилсан хэрэгт холбогдсон юм уу?

-Одоо тэр машин “Сайн” ломбардад байгаа. Хууль мэддэг хүмүүсийн ярьж байгаагаар иргэний хуулиар шийдэж болохоор юм билээ.Гэтэл охинд минь өрөө төлөх боломж өгөлгүй барьж хориод Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэргийн зүйл ангиар яллаж байгаа. 

-Хүнд зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэж охин тань өлсгөлөн зарласан юм болов уу?

-Үгүй. Батлан даалтад гаргачихвал хүмүүсийн өрийг төлөөд, тэр машиныг эзэнд нь буцааж өгье  гэж байгаа юм. Гэтэл прокурор, шүүгч батлан даалтад гаргадаггүй. Хоёр жаахан хүүхэд, настай хөгшнийг орхиод охин минь хаашаа оргон зайлах билээ. Гэтэл батлан даалтад гараад оргон зайлчихна гээд шүүгч хорих хугацааг нь сунгаад байдаг. Тиймээс охин маань өлсгөлөн зарлаад хагас сар гаруй хугацаа өнгөрчихлөө. 

-Биеийн байдал нь ямар байгаа бол. Прокурор, мөрдөн байцаагч нь эргэж тойрсон юм болов уу?

-Угаасаа унаж, татдаг охин. Өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар цус харвах магадлалтай, бие нь тун тааруу байна гэсэн. Батлан даалтад гаргатал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж байна гэсэн. “Хоёр хүүхдээ бодоод биеэ гамна” гэж хэлүүлсэн ч тэмцсэн хэвээр байгааг сонсоход үнэхээр хэцүү байна. Ингэж байгаад охин минь муу мэдээ дуулгавал хоёр өнчин хүүхдийг нь яах билээ. Би тэр хоёр хүүхдэд хичнээн удаан хань болохыг мэдэхгүй. Хэрэг түвэгт холбогдсон дор хамтран амьдрагч залуу нь сураггүй болсон. Прокурор, шүүгч ч гэсэн хүүхэдтэй хүмүүс байх. Хүнийг шоронд хийж, ял өгөхөөс илүү хохирсон хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэгтээ анхаарч ажилламаар санагдах юм. Охиныг минь өлсгөлөн зарласнаас хойш прокурор, мөрдөн байцаагч нэг ч удаа уулзаагүй. Ерөөсөө ч тоодоггүй юм билээ. Хуулиараа бол өлсгөлөн зарласан тухай нь Урьдчилан хорих 461 дүгээр ангийн хяналтын прокурор мөрдөн байцаагч, улсын яллагчид нь дуулгах ёстой. Тэд хариу арга хэмжээ авах учиртай гэсэн. Гэтэл охиныг минь зүгээр л зөнд нь орхичихоод байна. 

Батлан даалтад гарвал охин чинь яаж өрөө төлөх юм бол?

-Хүмүүсээс авлагатай гэсэн. Тэд мөнгөө өөрт нь өгнө гэдэг. Батлан даалтад гарвал л бусдад учруулсан хохирлыг бүрэн төлөх боломж байгааг өмгөөлөгч нь хүртэл батлан хариуцаж байгаа. Хэрвээ хохирлыг нь төлчихвөл эрх зүйн байдал нь сайжирч ял авсан ч арай хөнгөдүүлдэг гэж сонссон. Хүнээс авах ёстой мөнгөө авахад 18 сая төгрөг бүрдчихнэ. “Сайн” ломбардыг хохиролгүй болгочихвол машинаа аваад эзэнд нь буцаагаад өгчихнө гээд байгаа юм. Ингэвэл уг нь хохирсон хүмүүст ч гэсэн амар мэт санагдах юм гэв.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *