Автобусанд. Ар талын суудалд настайвтар эмэгтэй сууж явлаа. Хүүтэйгээ утсаар ярина. “За миний хүү ээж нь Төв аймаг руу гарч байна. Маргааш өглөө очно. Захиргаагаар нь явж нөгөө ажлаа хөөцөлдөхөөс. Пагмаа эгчийнд хононо. Миний хүү шалгалтаа яав. Дажгүй юу. Ээж нь сая гарахдаа гоймонтой шөл хийсэн. Аягалаад тавьчихсан. Орой адууны махтай цуйван хийж идээрэй. Хөлдөөгчинд цэнхэр гялгар уутанд мах байгаа. Хоолондоо сармис хийгээрэй. Хөргөгчний хоёр дахь тавиур дээр байгаа. Байна уу, байна уу…байна уу” гэснээ “Өө, утас тасарчихлаа” хэмээн өөр өөртэйгээ ярина. Тэгснээ дахиад хүүтэйгээ холбогдоно.
“Хоёр дахь тавиур дээр ногоон тагтай саванд нухсан сармис байгаа. Тэрнээс нэг халбагыг хийгээрэй. Их хийвэл гашуурчихна. Үзэм авсан. Орой унтахдаа гурван литрийн нөгөө шилэн савандаа буцалсан ус хийгээд үзмээ дэвтээгээд хонуулчих. Үнээний зурагтай дундах саванд нь шүү” гээд л ярьж гарлаа. Эргэн тойрны бүх хүн эмэгтэйн яриаг сонсоно. Арваад минут ийн ярьсан юм. Утас нь тасрав бололтой “Байна уу, байна уу…миний хүү сонсч байна уу” гэнэ. Тэгтэл урд суусан залуу эргэж хараад “Айдасын даваа даваад гар утасны сүлжээ тасардаг юм. Аль түрүүн л сүлжээгүй болчихсон шүү дээ” гэхэд эмэгтэй “Тэгэхээр би өөр өөртөө л захиж хэлээд байжээ” гээд инээж билээ.
Хэний ч ээж ялгаагүй. Ээжүүд хаашаа ч явсан үр хүүхдэдээ анхаарал хандуулж, санаагаа чилээдэг улс. Утасны сүлжээ тасарсныг мэдэлгүй ганцаараа баахан ярьсан ээжийн яриаг хэн ч таслаагүй нь бүгд л ээжээсээ захиасын үг сонсдог, дуулгавартай хүүхдүүд байсны шинж л дээ.
Д.ГАНСАРУУЛ