Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад 120 орчим олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхан оролцож буй аж. Хурлын үеэр оролцогчид уг сангийн үйл ажиллагааг тэлэх, орон нутагт салбараа байгуулах, сангийн хөрөнгийг төрөөс нэмж өгөх хэрэгтэй талаарх санал бодлоо чөлөөтэй солилцжээ.
Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим буюу 80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд юм.
Эдгээр ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс санхүүжилт авч чадахгүй байдаг. Өнгөрсөн оноос эхлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт олгодог болоод буй. Энэ хугацаанд 169 аж ахуйн нэгж, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлжээ.