Сирид болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Башар Асад дахин ялалт байгууллаа. Тус улсын парламентын дарга Мохаммед Джихад Лахам ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ Б.Асар хамгийн олон санал авсан тухай мэдэгдсэн байна. Сонгогчдын 89 хувь нь түүнийг дэмжсэн аж. Сирийн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлийн албаны даргын мэдэгдсэнээр өнгөрсөн мягмар гаригт болсон санал хураалтад нийтдээ 11 сая гаруй иргэн оролцсон байна.
Ийнхүү Башар Асад гурав дахь удаагаа Сирийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа долоон жил. Гэтэл тус улсын зарим хэвлэлд бичсэнээр Үндсэн хуулийн цэцээс зарласан санал хураалтын дүн бодит байдалтай нийцэхгүй гэнэ. Учир нь сонгууль эрх баригчдын хяналтанд байгаа нутгуудад явагдсан байна. Харин сөрөг хүчний мэдэлд буй газруудад болоогүй гэнэ.
Сирид болсон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тус улсын хэвлэлүүд дурдсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд анх удаагаа Б.Асадын гэр бүлтэй ямар ч хамаагүй хоёр хүн нэр дэвшсэн байна. Тэднийг Засгийн газраас хүлээн зөвшөөрсний дагуу нэрийг нь дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Асад ялалт байгуулна гэдэг нь анхнаасаа тодорхой байсан гэнэ. Харин Сирийн сөрөг хүчнийхэн сонгуулийг ээлжит жүжиг хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй. Тэднийг дэмжигч барууны орнууд ч иргэний дайн болж байхад санал хураалт явуулах нь зохисгүй хэмээн шүүмжилсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Сиритэй хил залгаа орших Ливанд саяхан айлчлахдаа Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ямар ч утгагүй зүйл хэмээн шүүмжилсэн юм.