Categories
мэдээ цаг-үе

Хөдөөний охид ингэж л нааддаг

Цангинасан хоолойгоор гийн­гоолох
багачуудын дуу­наар талын анир хөгжиж, хурдан шандаст хүлгүүд ам мэдэн давхих төвөр­гөөнөөр
хөхүүр дэх айраг чимээ аван исгэрнэ. Ийм л дүр зураг наадам найрын цагаар нүд­ний
өмнө ургаад ирдэг. Миний бага нас бусад охид шиг дэгжин хувцастай барби, дээс, чаргатай
найзалж өнгө­рөө­гүй. Хээрийн чулуу, хони­ны
хор­гол, хурга, ишигтэй тоглоно. Морь унаж, тугал хариулна. Тиймдээ ч бага насны
сайхан дурсамж бүхэн наадамтай ямар нэг сэж­мээр холбогддог байсан. Ялан­гуяа төр­сөн
ну­таг болох Төв аймгийн Цээл сумын маань наадам надад сайхан санагд­дагсан. Гурван
жил дараа­лан хурдан морь уна­сан тэр жи­лийн наадмууд санаанд үргэлж тодхон.

ХҮҮХДИЙН НҮҮР РҮҮ ТАШУУРДАЖ БАЙЖ
АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ

Манайд “шингэн хүрэн” гэдэг сумандаа алдартай хурдан
морь байлаа. Аав маань наад­маар тоотой хоёр, гурван насны морь л сойдог байлаа.
Тэр дундаас хамгийн хурдан нь “шингэн хүрэн”. Унахад ч тэр их хөл хөнгөн, явдал
сайн даадаг морь бай­сан. Ингээд нэгдү­гээр ангид орох жил анх удаа сумынхаа наадмаар
хүрэн морио унах болдог юм байна. Тэр жил аав ганцхан морь сойсон юм. Уг нь олныг
уях санаа байдаг ч ганц охиноос нь өөр морийг нь унах хүүхэд байхгүй боло­хоор тэр
л дээ. Най­зуудынхаа эрэгтэй хүүх­дүүдээр унуулъя гэхээр ээж “Хүний хүүхдийн толгой
тархи хагалчихна” гээд дургүйцнэ. Намайг хүртэл “Охин хүүхэд байж аавыгаа дагаад
наа­дам хэсэх юм” гэж хааяа зэмлэдэг байв. Ямар­тай ч би ээжийгээ ятгаж чад­сан
юм. Наадам болох хоног хугацааг хуруу даран тоолж тэсэн ядан хүлээ­­дэг байж билээ.
Яагаад ч юм долду­гаар сар гарахаар л сэтгэл хөдлөөд, өдөр хоног өнгөрч өгөхгүй
зовлон болно. Хүсэн хүлээсэн наадмын өглөө болж ээжийнхээ оёж өгсөн ягаан торгон
тэрлэгээр ганга­раад, аавын­хаа зэхэж өгсөн шинэ эмээ­лээ тохоод аав, ээж хоёртойгоо
сумын төв рүү наадам үзэхээр морд­лоо. Сумын төвийн хойхно талд байрлах цэнгэлдэхийн
гадаа очи­ход үнэхээр жавхлан төгөл­дөр хараг­дана. Төрийн далбаа цэнгэлдэхийн дунд
сүр бараа­тай намирна. Наад­­­­мын эхний өдөр ч яахав өвөө, эмээгийндээ очиж тэгж
ингэс­гээд өнгөрөв. Харин дараа­гийн өдөр нь их насны морь­дын уралдаанд “шингэн
хү­рэн”-тэйгээ уралдана гэхээс нойр хүрсэнгүй. Өглөө нь 07.00 цагаас 230 орчим их
насны морьд гарааны зурхай руу хөдлө­хөд тэр дунд на­даас өөр эмэгтэй хүүхэд бай­сан­­гүй.
Би ч нэг их гайх­сан­гүй. Наадмын өмнөх сун­гаа болгонд дандаа эрэгтэй хүүх­дүүд
байдаг болохоор тоо­сон­гүй. Харин хөвгүүд “Ээ, эмэгтэй хүүхэд хурдан морьж унана
гэж юу байдаг юм. Чи ч бид нарын тоосонд дараг­дана даа, зайлуул” гэж миний морийг
ташуурдаж, ёжтой­гоор инээлдэнэ. Харин би дотроо “Заа­вал түрүүлнэ дээ, та нар харж
л байгаарай” гэж өөртэйгөө ярина. Морьд ч эргэлээ, би ч аавынхаа захис­наар амыг
нь татаж, зөвхөн ташуу­раа эргүүлж “чүү” гэдэг ч юм уу хашгирч мориндоо хүч өгч
байв. Туулах ёстой замын­­х­аа тал дунд орж явтал миний өмнө цавьдар морь унасан
хүү оготнын нүхэнд морь нь бүдэрсэн бололтой уначи­хав. Яг урд явж байсан болохоор
миний унасан морь огцом харай­гаад дээгүүр нь гарах үед золтой л уначих­сан­гүй
овгос гээд суув. Арай гэж амьсгаа авав. Ашгүй нэг юм бариа ойрт­лоо. Шахайт гээд
уулын хормойг тойроод хоёр километр хүрэхгүй газар бариа харагдаж байв. Гэтэл би
дөрөв дээр хурдалж бай­гаа­гаа харж амжив. Шууд л аавынхаа “Бариа дөхөх үед л мориныхоо
амыг суллаад ташуурдаарай” гэсэн үгийг хэрэгжүүллээ. Ямар ч байсан өмнө явсан хоёр
ч морьтой хүүхдийг гүйцчихлээ. Газар ойртоод байдаг. Өнгөний морь­­той бараг л зуузай
хол­боод ирлээ. Гэтэл өнөөх хээр морины унаач хүүхэд нь надаас том биетэй ах байв.
Барианы зурхай ойртож би ч морио байдаг чадлаараа ташуурдав. Гэтэл өнөөх чинь зүүн
талаар дайраад ороод ирдэг юм байна. Шар гозой­гоод нэг их юм бодож амжсан ч үгүй
нэг эргэж хараад нүүр рүү нь ташуураараа дэлсчи­хэв. Нөгөөх чинь юун бариа анзаа­рах
нүүрээ дарсаар миний араас орж ирэв. Ингэж л анх удаагаа сумын наадамд уралдаж,
түрүүлж билээ. Түрүүл­чихээд сэтгэл хөдөлж, ээж, аавдаа бахархалтайгаар байн байн
ярихад аав “Хүний хүүхдийн хамрыг бондойтол нь цохьчихоод, энэ шударга бус явдал
шүү” гэх мөртлөө надаар бахархаж байгаа нь илэрхий байв. Хөдөөгийн бал­чир надад
уучлал гуйчих юмсан гэсэн санаа байх биш, харин хамар нь ямар болсныг л харах сонин
бай­лаа. Тэр хүүхэдтэй ч таарсангүй, зун дууслаа. Намар ч болж би ч сур­гуулийн
сурагч боллоо. Нэг өдөр сургууль руугаа орох гэтэл араас “Чи ингэж таардаг байж”
гээд нэг хүүхэд татах нь тэр. Эргээд хартал өнөөх миний нүүр рүү нь ташуураар ороол­госон
ах байдаг байгаа. Дотор пал хийгээд явчихав. Гэтэл намайг яах ийхийн зуур­­гүй өргөөд
сургуулийн хаалганы бариулаас цүнхээр минь өлгөчихөв. Хичээ­лийн цаг эхлэх гэж байсан
боло­хоор баахан хүүхдүүд. Хаал­гаар орох хүүхэд бүр учиргүй шоолж инээцгээнэ. Би
ч ичсэн­­дээ баахан уйлсан­ даа, хөөрхий.

БАРИА ХҮРЭЛГҮЙ АЗАРГА ЭНДЭЖ, ГЭРИЙН
ЗҮГ ГУНДУУХАН БУЦАВ

Хоёрдугаар ангиа төгсдөг зун бас л
аавтайгаа сум дам­жин наа­дам үзэхээр боллоо. Аав хоёр жил уяагүй хар азар­­­гаа
сойсон юм. Сумын наадамд гуравт давхисан болохоор Угтаалцайдам сумын наадамд уралдуула­хаар
шийдсэн байв. Аав бид хоёр азарга хөтлөөд, майхан саваа ганзагалаад явлаа. Ээж үлдэж
мал ахуйгаа харахаар болов. Очсон оройноо аав цэрэгт хамт алба хааж бай­сан гэх
най­зуудтайгаа таарч, жаахан хүртчих­лээ. Үүр цайх үеэр аавыг сэрээтэл нэг л баргар
царай гаргаж морио усаллаа. Цаг ч болж газар газраас ирсэн хүүхдийн адил гийнгоолж
гарааны зүг явлаа. Өмнө нь их хөнгөн хөлтэй байж хар азарга маань нэг удаан хөдлөөд
байх шиг санагдав. Ингээд барианы зүг эргэлээ. Тус суманд “Уушги” уул гэж сумын
төвийн баруун урдаас ороход тойр­дог уул байдаг. Яг түүгээр эргэтэл азарга маань
бахар­даад уначихав. Хоёр нүд нь эргэлдээд, хөл нь сарвалза­хаас өөр хөдөл­гөөн
хийсэн­гүй. Би дэмий л сандарч бос­го­хыг оролдож салхи сөргүү­лэн татаж, цээж рүү
нь өшиг­лөв. Өмнө нь морь бахардаад зогсвол ингэдэг гэж хүүх­дүү­дийн ярианаас сонссон
нь тэр. Гэвч юун босох, амаар нь цагаан хөөс сахарч, нүд нь бүлт­эгнэн сарвалзсаар
бай­хыг хараад уйлахаас өөр юу ч хийж чадсангүй, амьсгал хураахыг нь харж зогсов. Бүх морьд барианд орсны дараа аав ирэв. Аав “Миний
охин зүгээр үү, бэртээгүй биз” гээд өөрийгөө буруутган амандаа үглэж байв. Учир
нь аав шөнө унтаад хар азаргаа уялгүй хоолыг нь ихдүүл­сэн юм бай­на. Тэгээд өглөө
их ус уулга­сан нь ийм байдалд хүргэжээ. Уг нь гайгүй байх гэж бодсон хэрэг. Би
аавыгаа анх удаа уйлж байхыг тэгэхэд л харсан. Бас анх удаа аавдаа айхтар гомдож,
дотроо зэмлэж билээ. Тэр жил аав бид хоёр их гарзтай гэрийн зүг унасан морьдтой­гоо
л буцсан юм даа.

БАЯН ХОДООДОНД ОРЖ, БАРБИТАЙ БОЛСОН НЬ

Ингээд дараагийн жил нь ха­маат­ны
ахын морийг унаж уралд­сан нь миний хамгийн сүүлийн хурдны морь унасан наадам байсан.
Аавын най­зууд “Ах нь хичээ­лийн хэрэгс­лийг чинь бэлдэж өгье”, “Жороо морь өгье”
гэж ирээд морио унуулах гэдэг байсан. Гэвч аав, ээж хоёр зөвшөөрч өгдөг­гүй. Наадам
дөхөх үеэр хамаат­ны ах ирээд соёолон насны морь унуулах бо­лов. Наадам ч ирлээ.
Миний уна­сан морь бариа битгий хэл газрынхаа талд ч хүрэлгүй зогсчихов. Бүр хонины
морь аятай алхаж гарав. Дургүй хүрээд буугаад хөтөллөө. Хамгийн сүүлд явж байгаа
болохоор замаар дүүрэн олз­той байв. Хүүхдүүд уралдаж явахдаа ташуураа их хаядаг
юм байна. Эхнийхийг нь аваад тав алхаагүй байтал арай гоё ташуур хэвтэж бай­на.
Үзэмж муутайг нь арагш нь шидэж явтал ашгүй ах мотоцикль­той­гоо ирж авав. Нүүр
ам авах юмгүй шороо болж бусдын тоосонд дарагд­сан даа. Гэх­дээ түрүүлсэн морьдыг
цол­лох үеэр наад­мын коми­ссоос надад шаг­нал өгсөн юм. Сүүлийн жи­лүү­дэд эмэгтэй
хүүхэд хурдан морь унах нь ховорд­сон хэмээн агаарын теннис­ний хэрэгсэл, барби
хоёр өгсөн нь тэр. Их л баяр­лаж, хүмүүс алга ташиж бай­сан санагддаг. Түүнээс хойш
бие жижиг морь уная гэсэн боловч үеийн охид “Эрэгтэй хүүхэд шиг морь унадаг, хөдөө­ний
охин” гэж шоолоод байхаар нь боль­чих­сон.
Харин дөрөвдүгээр ангиа төгсдөг жил анх удаа охид шиг даашинз өмсч үзэж би­лээ.
Одоо бодоход дасах­гүй их л хэцүү байсан
санагддаг.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *