Сүүлийн үед бага насныхан элдэв төрлийн хорт бодис ууж хордон сэхээнд
орж байгаа талаар өмнөх дугаарт мэдээлсэн. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засал,
Дотрын тасгуудаар орж тэнд эмчлүүлж байгаа зарим хүүхдүүдтэй уулзсан юм. Хүүхдүүд
ээжийнхээ жирэмснээс хамгаалах эмийг уугаад хордох тохиолдол их гардаг юм байна.
Мөн парацетамол, аспирин, даралтын эмнүүдэд ихэвчлэн хорддог гэнэ. Түүнчлэн хулгана,
ялааны хор, будаг шингэлэгч, шампунь, гэрийнхнийхээ уудаг эм тан, машины тосол,
бензин, уксус залгилснаас эмнэлэгт хүргэгдэн ирэх нь элбэг аж.
14 настай Э гэх хүү машины гидрийн шингэн ууж хордоод тус төвд ухаангүй
иржээ.
Түүнтэй ярилцлаа. Хоолой нь нэлээд сөөчихсөн, ядруу царайтай байлаа.
юу болсон бэ?
-Манайх Сансарт байдаг юм. Аавын машинд ундааны саванд улаан өнгөтэй
зүйл байхаар нь ундаа юм байх гэж бодоод нэг том балгачихсан. “Гоё” ундааны усан
үзэмний ундааны саванд машинд хэрэглэдэг шингэн хийчихсэн байсныг мэдээгүй. Яг гүзээлзгэнэтэй
ундаа шиг өнгөтэй байсан.
-Тэгээд
яасан?
-Уухад гашуун байгаагүй. Нялуун, тос амтагдсан. Удалгүй дотор муухайраад
бөөлжүүлэх гээд огиулаад бөөн юм болсон. 2-3 литр ус уугаад бөөлжсөн. Бөөлжүүлж
байгаад ухаан балартсан. Тэгээд эмнэлэгт ирсэн.
-Одоо
биеийн байдал ямар байна?
-Ер нь гайгүй болсон.
-Гэрийнхэн
чинь тухайн үед ямар яаралтай тусламж үзүүлсэн бэ?
-Ус уулгасан. Миний ам цангаж байсан болохоор машинд ундаа харагдахаар
нь шууд залгичихсан. Хүүхдүүдэд хэлэхэд элдэв янзын юм уухдаа эхлээд тагийг нь
аваад үнэртэж үзэж байгаарай гэж захья. Эмч нар надад “Үүнээс хойш тааралдсан болгоноо
битгий балгаж байгаарай. Үнэртэж үзэж бай” гэж захисан гэв.
Мөн 14 настай Т гэх хүү эмийн хордлогод орж тус төвийн сэхээн амьдруулах
тасагт иржээ.
Тэрээр ийн ярьж байна.
-Хаанаас
эм олж уусан юм бэ?
-Гэрийнхнийхээ уудаг байсан эмнээс уучихсан.
-Танай
гэрийнхний хэнийх нь уудаг байсан эм юм бэ?
-Өвөөгийн эмнээс уусан.
-Яагаад?
-Толгой өвдөөд байхаар нь нэг эм уучихсан чинь манарчихсан байна
лээ. Өөрийн эрхгүй унтаад байсан.
-Өвөө
чинь ямар эм уудаг юм бэ?
-Өвөө маань осолд орсноосоо хойш олон төрлийн эм уудаг болсон. Толгой,
мэдрэлийн эм уудаг байсан юм билээ. Би яг ямар эм хэдийг ууснаа мэдээгүй. (Эмч нар
Т-гийн гэрт циннаризин, аспирин 100 гэх эмүүд байсныг хэллээ. сурв)
-Сэхээнд
хэд хоносон бэ?
-Нэг хоног ухаангүй байсан гэж ярилаа.
Т-г эмч нар циннаризин, аспирин 100-г нэлээд их хэмжээгээр уусан
байх магадлалтай хэмээн тодорхойлж байгаа юм байна. Хүү эмнэлэгт ирэхдээ унтамхайрсан,
хэл нь ээдэрсэн, гуйвж дайвсан шинжтэй байсан гэнэ.
10-15 насныхан ямар нэгэн зүйлд хордвол тэр дороо хариу үйлдэл үзүүлдэг
нь аврагдах магадлалыг нэмэгдүүлдэг бол 1-6 настай хүүхдүүд хордвол шууд бөөрний
дутагдалд орох аюултай байдаг юм байна.
Уксусыг монголчууд баяр ёслолын үеэр салат хийхдээ ихээр ашигладаг.
Гэтэл энэ бодисыг дэлхийн ихэнх орнуудад хүнсэнд хэрэглэхийг хорьчихсон байдаг
аж. ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд уксусны хэрэглээг хязгаарлаж, худалдааны байгууллагууд
гаднаас оруулж ирэхгүй байхыг хүсч, хэрвээ уксусыг гэрийн нөхцөлд хадгалахаар бол
хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгаж байхыг хүслээ.
Тус төвийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт уксус балгасан
11 настай О гэх охин иржээ. Охин өчигдөр сэхээний тасгаас Ерөнхий мэс заслын тасаг
шилжээд байлаа.
Охины ээжтэй цөөн хором ярилцсан юм.
хаана байдаг вэ?
-Сүхбаатар дүүрэгт гэр хороололд амьдардаг.
-Охин
тань яагаад уксус уучихав?
-Охин маань бие муутай, жаахан саажилттай юм л даа. Би охиноо орхиод
дэлгүүр орж, мод авчихаад ирэхийн хооронд ийм юм болчихсон.
-Уксусаа
хаана тавьчихсан байсан юм бэ?
-Уксусаа анх задлахдаа буруу онгойлгочихсон юм. Тэгээд гялгар уутаар
амыг боочихсон байсан. Цагаан сараар л салат хийгээд үлдсэн уксус л даа.
Гэртээ ороод ирсэн чинь охин маань уйлчихсан суусан. Гэрээс уксус
үнэртээд. Ер нь хамгийн аюултай юм чинь уксус юм байна шүү. Эцэг эхчүүддээ хэлэхэд
уксусыг хүүхдээсээ аль болох хол байлгаж, болдог бол огт хэрэглэхгүй байвал зүгээр
юм.
-Охины
тань бие хэр байна вэ?
-Дунд зэрэг. Хоолой нь түлэгдчихсэн. Сэхээнээс сая л гарлаа. Юу ч
идэж чадахгүй, залгихгүй байгаа. Эм тариагаар л гол зогоож байна. Манайх хоёр хүүхэдтэй.
Энэ охин маань отгон нь.
-Танайх
уксусыг байнга хүнсэндээ хэрэглэдэг үү?
-Манайх ерөөсөө уксус хэрэглэж байгаагүй юм. Энэ жилийн цагаан сараар
л салат хийх гээд авчихсан нь ийм юм болчихлоо. Харамсаад ч барахгүй байна. Ер нь
хүүхдүүдийнхээ гар хүрэх газарт элдэв янзын бодис тавьж болохгүй юм байна шүү гэдгийг
яс махандаа тултал мэдэрч байна. Иймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд уксус мэтийн
хортой бодисоос аль болох татгалзахыг хүсч байна гэсэн юм.
Дотрын тасгийн эмч нар “Элдэв янзын хортой бодисыг ундааны саванд
хийж зардаг нь хамгийн буруу зүйл. Хүүхдүүд ам нь цангавал шууд л задлаад уучихдаг.
Юунаас ч сэжиглэхгүй. Аав, ээжийгээ хэзээ ч ундааны саванд хор хийнэ гэж бодохгүй
шүү дээ. Мөн уксусыг аль болох хэрэглэхгүй байхыг сануулъя” хэмээн сэрэмжлүүлж
байлаа.
Хүүхдүүд гүн хордсон тохиолдолд бөөрний дутагдалд ордог. Өмнө нь
ийм тохиолдол гарвал өөр эмнэлэг дээр очиж бөөрний диализийн аппаратанд яаралтай
оруулж амь насыг нь авардаг байж. Харин тус эмнэлэг өнгөрсөн жил диализийн гурван
аппараттай болсноор олон хүүхдийн амь насыг аварсан байна. Энэ талаар тус төвийн
Эмнэлгийн тусламжийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
Б.Надмид “Манай төв өнгөрсөн оны эхээр гемодиализийн цэг салбартай болсноосоо хойш
өөр эмнэлгээс тусламж гуйхааргүй болсон. Их сайхан эмчилгээний хэсэгтэй болсон
болохоор олон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, хүүхдүүдийн амь насыг авраад байна.
Жишээ дурдахад, хөдөө орон нутгаас автомашины тосол уусан хүүхэд сэхээнд ирсэн юм.
Тэр хүүхэд бөөрний цочмог дутагдалд орж бие нь хүнд байсан. Ингээд уг аппаратаар
эмчлүүлснээр бие нь сайжирсан” гэж ярьж байлаа. Тэрээр Улаанбаатар хот хүүхдэд
ээлгүй байдаг талаар сэтгэл зовнин ярьж байлаа. Утаа, тоос шорооноос эхлүүлээд
харшлын асуудал хүүхдийн эрүүл мэндийг муутгаж байгаа гэлээ. Б.Надмид профессор
“Зун болохоор хүүхдүүд Сэлбэ, Туул гол дээр очиж сэлдэг. Гэтэл элс, хайрганы компаниудын
ухаад орхисон том нүх, цүнхээл рүү хүүхдүүд хөл алдаж осолддог. Мөн бохирдолтой
уснаас болж элдэв халдварт өвчин авдаг. Чихнээс нь хулхи гардаг хүүхдүүд голд сэлж,
чих рүү нь бохир ус орсноос үрэвсдэг. Энэ мэт зовлон хүүхдүүдэд их тохиолдоно. Тийм
болохоор эцэг, эхчүүд асран хамгаалагч нь хүүхдэдээ байнга анхаарал хандуулж байхыг
сануулъя” гэлээ.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ