Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэх байх. Түүнийг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш хэвлэл мэдээллийнхэн Н.Батбаяр сайдад эерэгээр хандаж байгаа нь ажиглагдаж байна.
Яагаад гэвэл Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн батлахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад халтай заалтыг оруулсан. Товчхондоо хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг эдийн засгаар нь боомилох асуудлыг МАХН-ын Ц.Оюунбаатар гишүүн өргөн мэдүүлсэн билээ. Түүний энэ саналыг бараг бүх гишүүд дуу нэгтэйгээр дэмжин баталсан. Хаалтын гэрээ гэгч хаана ч байхгүй асуудлыг байдаг мэтээр гүжирдэж, УИХ-ын гишүүд бүгдээрээ боорлон дайрсан нь саяхан. Ялангуяа УИХ-ын дарга байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамгийн ихээр хамтын ажиллагааны гэрээ хийдэг байсан өнөөгийн парламентын тулхтай гишүүдийн нэг Д.Дэмбэрэл уриалан боссон нь гайхмаар. Түүний үгийг МАН-ынхан нэгэн дуугаар дэмжиж байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүдээс хэн нь ч хэвлэлийн салбарыг өмөөрсөнгүй. Зөвхөн Н.Батбаяр сайд л өмөөрч байсан нь үнэн.
Тэрээр “Ийм заалт оруулж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг болно. Засгийн газар, УИХ, төрийн байгууллагууд хувийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлж мэдээллээ гаргахгүй өөрөөр бодлого шийдвэрээ олон нийтэд яаж таниулж, мэдүүлэх юм. УИХ-ын гишүүд та нар хэвлэлээр шүүмжлүүлдэгтээ ингэж авирлаад байгаа юм уу. Аргагүй хонзон санадаг, хонзонгоо ийм арга замаар гаргадаг биз. Гэхдээ та нарт гэж хэлэхэд битгий ийм заалт оруул. Шүүмжлүүлэхдээ тулбал хамгийн ихээр шүүмжлүүлдэг нь би. Над руу зохион байгуулалттайгаар дайрч, доромжилдог. Гэвч би ардчиллын үндсэн зарчим, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг бодоод элдэв эсэргүүцэл үзүүлдэггүй. Шүүмжлүүлсэндээ би муудаагүй, дордоогүй л байна” гэж байлаа.
Түүнээс өөрөөр хэвлэл мэдээллийн байгууллагыг өмөөрсөн УИХ-ын гишүүн ганц ч байгаагүй. Н.Батбаяр сайдаас бусад нь энэ салбарын талаар ам ангайх бүртээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдана, эдийн засгаар нь боомилно, орлого, эздийг нь зарлана хэмээдэг. Бүр хөрөнгийг нь хурааж нийгэмшүүлнэ гэж ярьдаг гишүүд ч олон байна. Шууд хэлбэл УИХ-ын гишүүн бүр хэвлэлийг хааж, боох тухай санаа сэдэж гэмт хэрэгтэн мэт үзсээр ирсэн. Эрх баригчдын халаа сэлгээгүй энэ олон дайралт дунд Н.Батбаяр сайдын хэлсэн үг ихэд эрүүл, саруул сонсогдож байлаа.
Л.ТӨР