Хар зах дээр битүү туурайнаас бусдыг зардаг хэмээн манайхан ярьцгаадаг. Сүүлийн үед бараг л битүү туурай ч зарах нь энүүхэнд болсон цаг. Сүүлийн үед Буянт-Ухаа байрны сугалаанд шалгарсан иргэд сугалааны эрхээ зарж байна гэх мэдээлэл гарч байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг мөн зараад эхэлжээ. Учир нь уг төслийн санхүүжилтыг авах нь ихээхэн асуудалтай байгаа бөгөөд санхүүжилт олгуулахаар шалгарсан төслийн эзэд төслөө зараад эхэлсэн байна. “Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн 888 төсөлд шалгарсан дөрвөн тэрбум төгрөгийн төслийг зарна. Зээлийг зургадугаар сараас эхлээд Хөгжлийн банкаар дамжуулан арилжааны банкаар олгоно. Үнийн дүнд том машин оролцуулж болно” гэсэн зар нэгэн сонины зарын буланд байршжээ. Үүнээс харахад бүх зүйлд ченж бий болсон гэдэг нь илүү баталгаатай болж байна.
Э.ЭНХ