Categories
мэдээ нийгэм

Хариуцлагагүй эцэг эхчүүдийн жолоо барих эрхийг хасна

Хүүхдэдээ бүс зүүлгэж, хамгаалах суудалд суулгаагүй иргэдийг торгож, эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Нийслэлийн засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А92 тоот захирамжийн дагуу бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч нарт тооцох хариуцлагыг нэлээд өндөржүүлэх үүргийг Нийслэлийн замын цагдаагийн газарт өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б дээр хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч нь хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалт байгаа аж. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21Е, Б дээр гурав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй тохиолдолд хамгаалалтын суудал дээр тээвэрлэнэ гэсэн заалт бий. Тэгвэл энэ хоёр заалтыг зөрчсөн жолооч нарт өчигдрөөр торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн. Хуулинд дээрх зөрчил гаргасан жолоочийг 10 мянган хүртэлх төгрөгөөр торгохоор заажээ. Энэ зөрчлөө ухамсарлаагүй, удаа дараа алдаагаа давтсан хариуцлагагүй эцэг эхчүүдэд зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах ажээ.
Өнгөрсөн 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн осол хэргийн улмаас амиа алджээ. Үүнээс долоон хүүхэд нийслэл хотод, 30 хүүхдийн 20 нь авто машин дотроо зорчиж яваад нас барсан байна. Энэ нь автомашинууд хамгаалах бүс, хүүхэд тээвэрлэх зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой аж.