Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг яруу найрагт мөнхлөн үлдээх, гал сөнөөгч, аврагчдын алдар гавьяат үйлсийг алдаршуулах, нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчдын бахархалыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдааны урьдчилсан шалгаруулалтад ирүүлсэн 170 гаруй бүтээлээс шилдэг 25 яруу найрагчийн шүлэг шалгарсан бөгөөд нэгийн даваанд яруу найрагчид маань Онцгой байдлын албаны сэдэвтэй шүлгээ уншиж хоёрын даваанд 15 яруу найрагч шалгарсан юм.
Хоёрын даваанд шалгарсан 15 яруу найрагч Эх орны сэдэвтэй шүлгээ уншиж өрсөлдсөнөөс  гурвын даваанд шилдгийн шилдэг 5 яруу найрагч тунаж үлдлээ.
Ингээд мэргэжлийн шүүгчдийн багийн шийдвэрээр тэргүүн байрт яруу найрагч Ч.Алтанхуяг, дэд байрт МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд”, ”Болор цом” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, яруу найрагч М.Уянсүх, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд” цом, “Улаанбаатар хотын шилдэг зохиолч” өргөмжлөлт, яруу найрагч Л.Мягмарсүрэн нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тусгай байрт МЗЭ-ийн шагналт, Утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч С.Чулуун, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттулга нар шалгарч, мөн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  
Яруу найргийн уралдааныг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын газрын Хяналтын хэлтсийн дарга асан, онцгой байдлын хурандаа Д.Бямбацогт, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүүн явууллаа.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *