Монгол Улсаас Япон улсад инженер, технологийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тухай төсөл нэлээд яригдаж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар уг “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл буюу Зээлийн хэлэлцээр дэмжигдлээ. Ингэснээр манай улс Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүрдэж байгаа юм. Гэхдээ дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд Японтой 75 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн гэрээ байгуулж байгаа. Тодруулбал, монгол мөнгөөр тооцвол долоон тэрбум таван зуун гучин таван сая төгрөгийг жилийн 0.2 хувийн хүүтэйгээр манай улс Японоос зээлж байгаа гэсэн үг. Энэхүү зээлийг 20 жилийн хугацаанд буцаан төлөх юм байна. Төсөл удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд 2023 оны гуравдугаар сард дуусахаар төлөвлөжээ.
1000 инженерийн төсөлд хэн хамрагдах боломжтой вэ?
Энэхүү төсөл анх Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд батлагдсан юм. Тиймээс 2012 оны аравдугаар сараас өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Монголд ямар учраас шаардлагатай байгаа талаар урьдчилсан судалгааг явуулсан байна. Түүнчлэн хичнээн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгааг ч уг судалгаагаар гаргажээ. Ингээд 1005 инженерийг ойрын хугацаанд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр Японы инженер, технологийн сургуулиудад сургахаар зорьж байна. Төслийн зорилго нь ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэхэд оршиж байгаа аж. Одоогийн байдлаар аль сургуулиас хичнээн оюутан Японд суралцах нь тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй БШУ-ны яам төслийн гүйцэтгэлийг эхлүүлэх бөгөөд нарийвчилсан судалгааг явуулах гэнэ. Гэхдээ энэхүү төсөлд инженер технологийн мэргэжлээр төгссөн, одоо ажиллаж буй хүмүүс ч хамрагдах боломжтой гэсэн.
Японд суралцсан инженерүүд төгсч ирээд хаана ажиллах уу?
Манай улс томоохон бүтээн байгуулалтын ажилд гаднаас өндөр үнээр мэргэжилтэн хөлсөлдөг. Тэгвэл төсөл хэрэгжсэнээр ийм байдал ард хоцрох байна. Нэг ёсондоо улсын тэтгэлгээр Японд мэргэжил эзэмшээд ирэх залуус нийслэлд Японы Засгийн газартай хамтран хийхээр төлөвлөж буй метро, гүүр болон Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажилд бэлтгэгдэх юм. Мөн ирээдүйд эх орондоо хийгдэх бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, техникийн ажлыг хийх мэргэжилтнүүд болох нь. Төслийн хүрээнд зөвхөн мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй хоёр орны багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа өргөжиж ур чадвараа дээшлүүлэх зэрэг олон ажил хийгдэх аж. Гол нь төсөл хэрэгжих хугацаанд манай инженер бэлтгэдэг сургуулиуд олон улсын стандартад нийцсэн сургалтын анги, танхимтай болох байна. Энэ нь цаашдаа өөрсдөө дэлхийд өрсөлдөхүйц хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх бааз болох талаар эрдэмтэд онцолж байна.
Төсөлд хамрагдсанаар ийм боломжууд нээгдэх юм байна
Инженерүүд дараахь хөтөлбөрүүдээс сонгох боломжтой. Ингэхдээ механик, барилга, цахилгаан электроникийн хос хөтөлбөрт 320 хүн, магистраар 100 хүн, докторт 60 хүн, зэргийн бус сургалтад 325 хүн, мэргэжил олгох КОСЭН сургалтад 200 гээд нийтдээ 1005 хүн зам барилга, механик, нисэхийн инженер, үйлдвэрлэлийн инженер, цахилгаан электроникийн инженерээр суралцах байна. Олон улсын МИТ хөтөлбөртэй харьцуулахад Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөр 8.4 дахин хямд тусах байна. Зээлийн гэрээний дагуу Японы улс 1000 инженерын сургалтын төлбөрийг гаргахаас гадна байр хоолны мөнгийг даана гэсэн үг.
Одоогийн байдлаар төслийн хос хөтөлбөрт хамтран ажиллах их дээд сургуулиуд тодорхой болсон байна. Эдгээр сургуулиудыг танилцуулъя.
1.Нагаокагийн технологийн их сургууль
2.Тоёохашигийн технологийн их сургууль
3. Токёогийн технологийн институт
4.Нагояагийн технологийн институт
5.Кёотогийн технологийн институт
6.Китамигийн технологийн институт
7.Нагояагийн технологийн их сургууль
8.Кюүшүгийн технологийн их сургууль
Д.ДАВААСҮРЭН