УИХ дахь бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд нийлээд албан бус бүлэг байгуулахаар болсон мэдээлэл байна. Энэ талаар өнөөдөр бие даагчид мэдээллээ.
Энэ парламентад хуулийн хүрээнд байгуулагдсан гурван бүлэг бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Их хурлын тухай хуулиар ийм ямар ч боломж байхгүй бөгөөд уг хуульд “Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэсэн заалт байдаг аж.
Түүнчлсэн Шударга ёс эвсэл хуваагдан ийм шинэ бүлэг байгуулагдах нь гэх яриа буй. Тэгвэл “Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна” гэх хууль бий. Одоо буй МАХН болон МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл нь тарах, татан буугдах нь улс төрийн хувьд хамгийн ашиггүй үр дагавар авчрах бөгөөд УИХ-д 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглосон зохицуулалттай.
Түүнчлэн дээрх хуулиар “Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно” гэх заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
“Албан бус бүлэгт орох гишүүд намын харьяаллаар байгуулагдсан албан ёсны бүлгээсээ гарахгүй. “Шударга ёс” эвслийн бүлгээс дөрвөн гишүүн орохоо мэдэгдсэн. Бид АН, МАН-ын шударга ёсны төлөөх гишүүдэд урилга өгсөн” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярилаа.
Тиймээс бие даагч гишүүд санаачлан албан бус бүлэг байгуулж, улс орон, ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн ашигт малтмал, уул уурхайн асуудлаар хэд хэдэн хууль дээр хамтарч ажиллана гэж мэдэгдлээ.