Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ. Уг шүүх хурал энэ сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байсан.
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тавдугаар сарын 13-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ нас барсан. Гэвч өнгөрсөн шүүх хурлын үеэр Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг тусгаарлаж бусад шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэнэ гэж яригдаж эхлээд байгаа. Хуулиараа бол хавтаст хэрэг нэгэнт шүүхэд шилжиж, хурлын тов гарсан үед шүүгчдэгч амиа алдсан ч хэргийг тусгаарлах учиргүй. Өөрөөр хэлбэл, хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайхан ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн.
Одоогоор Х.Анхбаяр, А.Чандмань нар нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Харин Н.Отгонболд нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа юм.