Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Хөвсгөл нуурыг анх удаа судалсан гидрогеологич Н.Батсүхийнх

Бороон хөшиг татан шивэрсэн бямба гаригийн өглөө эрт Н.Батсүх багшийнд очлоо. Амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан эл эрхмийг Найдангийн Батсүх гэдэг. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, газарзүй болон Геологи минералогийн шинжлэх ухааны доктор цолтой. Говь нутагт төрж, өссөн энэ хүн Хөвсгөл нуурыг 25 жил, Сэлэнгэ мөрний ай сав газрыг арав гаруй жил судалсан түүхтэй.
Хос мэргэжилтэй болсон т¿¿х
Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа бидэнд цай барьж байхдаа “Манай өвгөн өнөө өглөө босчихоод энэ хавиар юм түжигнүүлж байснаа гэнэтхэн дуу алдаад явчихлаа. Би цочоод босоод ирсэн чинь  толины өмнө очоод зогсчихож.  Өчигдөр шүдээ авахуулсан юм. Тэгсэн  хацар нь хавдаад хоносон байна лээ. Тэрийгээ толинд гэнэт хараад дуу алдсан нь тэр. Сэтгүүлчид ирэх гэж байхад хацар хавдчихлаа гээд манайхан энэ хавиар сандралдаж гүйлдлээ. Ойрын хэдэн жил ингэж сандралдаж, өрөө дамжиж гүйлдээгүй юм байна шүү” гээд инээж байна. Гэрийн эзэн ч инээд алдах ажээ. Н.Батсүх багш Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн. 1961 онд Өмнөговь аймгийн дунд сургуулийг төгсөж байжээ. 1961 оны хавар Гэгээрлийн яамны “хар” Жадамбаа гэх хүн Өмнөговь аймагт ирсэн гэнэ. Тэр хүн тус аймагт ирсэн шалтгаан нь ЗХУ-д долоон хүүхэд сургахаар болж, аравдугаар ангийн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийсэн байна. Онц сурдаг тэргүүний сурагчдын нэг Н.Батсүх мэс заслын эмч болохоор мөрөөдөж байсан учир хойд хөршид суралцах хуваарийг огт сонирхоогүй гэнэ. Гэтэл сургуулийнх нь захирал, ангийнх нь багш хоёр дуудаад “Чи энэ долоон хуваариас аль дуртайгаа сонго.
Чи заавал ЗХУ-д суралцах ёстой хүн” гээд тулгачихсан гэнэ. Ямар, ямар мэргэжил байгааг огт мэдээгүй хүү Гидрогеологич гэдэг үг нүдэнд нь тусахаар нь сонгочихжээ. Гидрогеологи гэж ямар утгатай үг болохыг ч мэдэлгүй сонгосныхоо дараа усны геологи гэсэн үг болохыг олж мэджээ.  Ингээд Геологи шинжилгээний газрын нэрийн дор Москва хотын Геологи хайгуулын дээд сургуульд явж байсан түүхтэй аж. Түүнтэй хамт нэг мэргэжлээр рашааны гэдгээрээ олонд танигдсан судлаач, эрдэмтэн З.Нарангэрэл, Шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа нар явж байжээ. Эхний жил хэл сурах гэж нэлээд хэцүүдэж, дээр нь гэрээ санаад арай ядан л өнгөрсөн гэнэ. Харин дараа жилээс нь байдал өөрчлөгдөж, сонгосон мэргэжил нь ч сонирхолтой болж,  өмнө нь таарсан бэрхшээл бүрийг өөрийнхөө хүчээр давахыг хичээж, сургуулиа амжилттай төгссөнөө дурсав. Ингэж л манай улс гидрогеологи, инженер геологи гэсэн хос мэргэжилтэй анхны боловсон хүчнээ бэлтгэж авсан түүхтэй аж.
Орост сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний орд бүхий газарт дагалдан инженер, гидрогеологичоор ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Дараа нь МУИС-ийн Геологи, газарзүйн тэнхимд багшаар ажиллаж эхэлжээ. Тухайн үед манай орны геологи тэр дундаа гидрогеологийн мэргэжилтэй боловсон хүчин олноор шаардагдаж эхэлсэн байна. Уул уурхай шинээр нээгдэж буй газруудад газрын гүний ус ямар түвшинд байгаа зэргээс эхлээд судалгаа хийх хүн ховор байжээ. Мөн нийслэл хотод баригдаж байгаа барилга байгууламжид инженер геологийн судалгаа маш чухал учир холбогдох газруудад асуудал тавьжээ. Үүнийхээ дараа сургалтын төлөвлөгөө боловсруулж, батлуулаад 15 оюутан элсүүлж,  1973 онд гидрогеологи, инженер геологийн анхны мэргэжилтэн бэлтгэх суурийг тавьж байсан гэнэ. Одоогийн ШУТИС-ийн гидрогеологийн тэнхимийг Н.Батсүх багш ийн үүсгэн байгуулсан байна.

Хºвсгºл нуурыг судалсан анхны х¿н
ЗХУ-ын Эрхүүгийн сургуулийн болон манай улсын эрдэмтдийн хамтарсан баг  1971 онд Хөвсгөл нуурыг бүхэлд нь анх удаа судлахаар болжээ. Хөвсгөл нуурын ойр тойрны байгаль, ан, амьтан, ургамал, загас, газрын баялаг гээд бүх зүйлийг судалж эхэлсэн байна. Энэ судалгааны багт гидрогеологи талаасаа Н.Батсүх ажиллахаар болсон нь түүний Хөвсгөл нууртай амьдралаа холбох болсон шалтгаан гэнэ. Манай орны цэвэр усны нөөцийн 68 хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын талаарх судалгааг анх удаа хийсэн талаараа  өнжиж буй айлын гэрийн эзэн ийн ярив. “Хөвсгөл нуурыг судлах нэрээр би уг нуурын хөвөөг ширтэж, эргээр нь алхаж 25 жилээ хамт өнгөрүүлсэн байгаа юм. Төрсөн нутаг шиг минь л санагддаг. Зүүдэнд ирнэ. Хөвсгөл далайг би судалж байгаа нэрээр далай намайг хүн болгосон доо. Хөвсгөл нуур геологийн хувьд  их залуу нуур. Насжилтын хувьд залуу гэсэн үг. Сүүлд бий болсон шинэ ус  гэдэг нь геологийн хувьд батлагддаг. Хөвсгөл нуурын газар зүйн тогтоцын хувьд гүн хавцал бүхий цардаст бүрхүүл дунд оршдог. Бусад нуур, далайгаас нас залуу болохоор шорвог болж амжаагүй. Цэнгэг, цэвэр уснаас бүрддэг болохоор манай орны цэвэр усны 68 хувийг бүрдүүлж байгаа юм. Судлаачид Хөвсгөл, Байгал нуурийг ах дүү нуур гэж нэрлэдэг юм. Энэ хоёр нуурын тогтсон байдал, хэлбэр дүрс хоорондоо ижил төстэй.  Хөвсгөл нуурын хувьд лийр хэлбэртэй. Голын сүлжээ нь мөчирлөсөн мод шиг. Ийм л гүн цэнхэр нуурыг хэрхэн бий болсон, хэдэн шоо метр ус эзэлж байгаа, хаанаас эх авсан гол, горхи тэтгэж энэ их усыг бүрдүүлж байгаа зэргийг судалсан. Яах аргагүй анхны бөгөөд одоогоор хамгийн олон жил судлуулсан нуур” гэв. Н.Батсүх багшийн гаргасан судалгаагаар Хөвсгөл нуур бий болсон тэр хонхор газрыг манай орны бүх гол горхи 11 жилийн турш цутгаж байж сая нэг юм дүүргэх тооцоотой гэнэ. Хөвсгөл нуурын ус мөнх сарьдаг уулнаас эх авсан голоор тэжээгдэн тэтгэгдэж байдаг бөгөөд уг нуур далайн түвшнээс өндөрлөг цэгт байдаг болохоор ус нь  их хүйтэн байдаг аж. Хөвсгөл нуурын усны  нөөцийг Их ханх, Хороо, Далбаа, Түргийн гол зэрэг 40 гаруй гол, горхи бүрдүүлдэг. Гэхдээ эко системийн хувьд маш эмзэг нуур гэдгийг онцолж, “Хөвсгөл нуурт хог битгий хэл хиртэй хөлөө ч дүрэх  ёсгүй” хэмээсэн юм.
Тэрбээр Хөвсгөл нуурын усны хэмжээ, түүнд цутгаж буй 96 голын судалгаа, нуурын ус жилийн дөрвөн улиралд ямар хэмтэй байдаг талаар мөн өвлийн улиралд хаагуураа мөсөн бүрхүүл зузаан тогтдог, загас, ан агнуур зэргийг 1970 -1995 он хүртэл 25 жилийн турш судалжээ. Энэ судалгааны үр дүнд “Хөвсгөл нуурын ай сав голуудын гадаргын ба газар доорхи урсац бүрэлдэх зүй тогтоц” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.

Хºвсгºл нуур эргээ тэлэхийн цаад  у÷ир   
Хөвсгөл нуурын эрэг, хөвөөгөөр 25 жил бэдэрч, судалгаа хийсэн эл эрхмээс “Хөвсгөл нуур эргээ тэлээд байгаа гэдэг нь үнэн үү. Ямар учиртай юм бол” гэхэд Н.Батсүх гуай “1971 онд үер болсон юм аа. Бид судалгаа хийгээд байж байтал хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн бороо орсон юм. Тэгээд Өлхөн гэдэг их том сайраар бөөн шороо орж ирээд Эгийн гол гардаг хадан хавцал бүхий газрыг бөглөчихсөн. Үүнээс болоод Эгийн гол тасарчихсан. Биднийг анх очиход Ханх сум сайхан сэргэлэн дэнж дээр байдаг байлаа. Эгийн гол гардаг газар бөглөрснөөс болоод сум усанд автаад дээшээ буурь сэлгэн нүүж байлаа. Мөн Хатгал сумынхан Эгийн голоос ундны усаа авдаг байсан чинь усгүй болоод арав гаруй километрийн зайд оршдог Чулуутын булгаас усаа зөөдөг болсон. Иймд бид бөглөрсөн газрыг ухсан. Тэгээд Эгийн гол урсаж эхэллээ. Хэдэн жилийн өмнө бас үер болоод Эгийн голын ус тасраад байгаа гэж дуулдсан. Нутгийнхан ухсан гэж байна лээ. Үүнтэй л холбоотой л доо” гэв. Энэ эрхэм Хөвсгөлөөс гадна Сэлэнгэ мөрний ай сав газрыг судалсан юм. Энэ мэт судалгааны ажлуудын талаар яриад байвал яриад л байх шинжтэй юм.
Биднийг ийн ярилцаж байх хооронд гэрийн эзэгтэй  “Та нар усаа л яриад байна уу. Ус яривал өдөржин яриад байж мэдэх л хүн” хэмээн инээх. Хариуд нь гэрийн эзэн “Би ч усаа судалснаас биш эмэгтэй хүн олигтой судлаагүй хүн шүү дээ” гэж егөөдөх юм. Н.Батсүх багшийнх айл гэр болсон түүх сонин аж. Гал голомтоо анх бадраасан газар нь одоогийн МУИС-ийн Комьютер, мэдээлэл зүйн сургуулийн өрөө аж. Тухайн үед МУИС-ийн багш нарын байр тэнд байжээ. Харин энэ хоёр өрөө байрандаа амьдраад 30 гаруй жил болжээ. Энэ айл дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү нь АНУ-д амьдардаг аж. Нэг охин нь хувиараа бизнес эрхэлдэг бол том охин Б.Сийлэгмаа аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Одоо ШУТИС-д багшилдаг гэнэ.
Н.Батсүх багш Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас гавьяатын тэмдгээ гардан авч байгаа зургаа томоор угаалгаад ханандаа өлгөжээ. Ач, зээ нарынхаа зургийг ажлын өрөөнийхөө ширээн дээрээ тавьжээ. Өнжиж байгаа айлын гэрийн эзэд үнэтэй тавилга энэ тэр гэхээсээ илүүтэй ном, судалгааны зүйлсээ илүүд үздэг нь харагдаж байв. Энгийн даруухан эд хогшилтой тов хийсэн айл. Судалгааны бүтээл, ном зэргээ коридортоо байх хаалгатай шүүгээнүүдийг дүүргэжээ.

Гэрийн эзэгтэйд зºвлºх нь гэсэн ор÷уулгын номоо арван мÿнган хувь хэвлэжээ
Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа сүүлийн үед зохиолч Л.Өлзийтөгсийн номуудыг худалдан авч уншиж байгаа гэнэ. Тэрбээр МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсөж, насаараа багшилсан нэгэн. Мөн өөрийнхөө сонирхлын дагуу ном орчуулдаг байна. Ихэвчлэн орос хэлнээс орчуулга хийдэг гэнэ. Түүний анхны орчуулгын “Гэрийн эзэгтэйд зөвлөх нь” ном 1988 онд  гарсан байна.  Түүнийгээ арван мянган хувь хэвлүүлж, гэрийн эзэгтэй нарт хоол хийх аргуудаас эхлээд хувцас индүүдэхийг хүртэл зөвлөсөн аж. Тухайн үед нэг төгрөг дөчин мөнгөөр борлогдож, гэрийн эзэгтэй нар булаацалдах шахан худалдан авч байжээ. Харин хоёр жилийн өмнө “Тархийг цэнэглэгч буюу оюунлаг танд” гэсэн суут хүмүүсийн хэлсэн үгийг орчуулан эмхэтгэн гаргажээ. Энэ мэт зургаан ном гаргасан байна. Харин гэрийн эзэн мэргэжлийн олон ном хэвлүүлэн гаргасан байна. Сүүлд өөрийнхөө удам судрын талаар “Хорвоод ганцхан Найдангийн Батсүх” гэсэн ном гаргажээ. Сүүлд гаргасан  номынхоо талаар “Батсүх гэж хүн хорвоод ганцхан шүү дээ. Дахиж хэзээ ч давтагдахгүй хүн. Тийм болохоор номоо ингэж нэрлэсэн юм”  гэж хэлж байна лээ.
Гэрийн эзэд удахгүй зуслан руугаа нүүх гэнэ. Тэд гэр бүлийнхээ уриаг “Хүн хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн тунхагласнаа ч ярив. Хүнд хөдөлгөөн, дасгал байнгын хэрэгтэй амин чухал зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд улам бүр мэдэрч байгаагаа ч ярив. Тиймээс өвлийн улиралд гүйлтийн замаар гүйдэг байна. Харин урин дулааны цагт байрныхаа гадаах цэцэрлэгт гүйж, дасгал хийдэг гэсэн. Түүнчлэн хоёр хөгшин маань амар амгаланг бэлгэдэж заан цуглуулдаг юм байна. Мөн гадаад болон эх орныхоо сонин хэлбэр хийц бүхий чулуу цуглуулаад олон жил болсон аж. Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа  гарынхаа буузыг хийж өгөхөөр гал тогооны өрөө рүү орлоо. Зөв хооллолтын талаар сайн мэдлэгтэй болохоор ах, дүү хамаатан садан найз нөхөд гээд зөвлөх хүн мунддаггүй тухайгаа ч ярив.
Монгол, Орос эрдэмтэд манай орныг 609.5 шоо километр усны нөөцтэй хэмээн тогтоожээ. Үүнээс 1.96 хувийг газар доорх ус эзэлдэг байна. Нийт хэрэглэж буй усны 90 гаруй хувийг газрын хэвлий дэх ус эзэлдэг аж. Сүүлийн үед гидрогеологичдын ур чадвар сайжирч байгааг тэрбээр дурдав. Одоогоор 270 гаруй газар доорх усны ордыг илрүүлээд байгаа юм байна.  

Барилга, зам барихад Инженер геологи÷ийн судалгаа маш ÷ухал
Н.Батсүх багштай дахиад л ажил мэргэжлийнх нь талаар яриө өрнүүллээ. Монголд гидрогеологийн талаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь эл эрхэм. Монголын усны нөөцийг тогтооход гар бие оролцож ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс андахгүй. Н.Батсүх багш хос мэргэжилтэй хүн. Инженер, геологи мэргэжлийнх талаар асуулаа. Тэрбээр барилга байгууламж, зам, төмөр зам барихад газарзүйн нарийн судалгаа хэрэгтэй талаар ярив. Тухайлбал, нэг барилга барих болоход хөрсний хувьд ямар хөрстэй, өвөл, зундаа ямар өөрчлөлтөд ордог. Бас ус бороотой үед доошоо суулт өгдөг үү. Намагтай газар таараад өвөлдөө дэндийж, овойж хөлдөж байна уу гэх зэрэгт нарийвчилсан судалгаа хийдэг байна. Мөн сүүлийн үед тавигдаж байгаа замуудын чанар тааруу байгаа талаар хэлж байна.  Мэргэжлийн  инженер геологич хүнээр нарийн судалгаа гаргахгүй байгаагаас үүдэн муу зам тавиад байгааг ч хэлж байв. Тухайлбал хэл ам дагуулаад байгаа Лүнгийн зам гэхэд зарим газраа үерийн ус их авдаг газрыг мэдэхгүйгээс нэмэлт  давхарга  хийлгүйгээр шууд зам тавьсан. Зуны борооноос үерт автаж хөрсөндөө суулт өгснөөс болж зам эвдэрч энхэл донхолтой болдог байна. Мөн намаг ихтэй газрыг мэдэлгүй зам тавьснаас үүдэн өвөлдөө овойж хөлдөөд их хэмжээний мөнгийг салхинд хийсгэж байгаа гэнэ. Барилга байгууламжийн хувьд ч барих гэж байгаа газраа геологи талаас нь судалгаа сайн хийлгэх хэрэгтэй гэнэ. Хэдэн жилийн өмнө Н.Батсүх багшаас “Голомт” хотхоныг барих гэж байгаа компани мэргэжлийн зөвлөгөө авсан байна. “Голомт” хотхон барих гэж байгаа газарт өндөр барилга барихаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Тэгсэн тэр газарт нь 20 гаруй давхар  өндөр барилга барих юм бол суулт өгөх аюул байгааг судалгаагаар нотолсон байна. Ингэж 20 гаруй давхар барилга бариад дараа нь эрсдэлд орох аюулыг урьдчилж харж, болиулж чаджээ. Хоёр жилийн өмнө Сайншандыг Чойбалсан хоттой холбох төмөр замын газрыг инженер геологи талаас нь судлаад иржээ.  Мөн Дорноговь аймгийн зам барих гэж байхад нь судалгаа хийж өгчээ. Эндээсээ бид хоёрын яриа Улаанбаатар хотын газар нутгийн талаар өрнөсөн юм. Сэлбэ голын хөвөөн дээр Улаанбаатар хот байрлаж байгаа талаар ярив. Бүр Төрийн ордон байгаа газарт газрын гүний ус ойр байдгаас болж усанд автах аюул ойрхон байдгийг ярив.

“Бид усаа хайрлах хэрэгтэй”

Түүнчлэн Туул голын ай сав газар цаашлаад газрын гүнд байгаа ус их цэвэрхэн цэнгэг гэнэ. Гэвч нийслэлчүүд цэвэр усаа ууж чаддаггүйд санаа зовниж явдаг байна. Тэрбээр “Бидэнд ийм сайхан цэвэр ус уух хувь заяа байна. Гэтэл сүүлийн үед инженерийн шугам сүлжээ хэт хуучирснаас болж нийслэлчүүд зэвтэй ус ууж байгаад санаа зовниж явдгаа ярьж байна лээ. Түүнчлэн “Манай орон цэвэр усны нөөц ихтэй ч барагдахгүй зүйл гэж үгүй. Тиймээс усыг дахин ашиглах, ногоон ус буюу борооны усыг хүн бүр ашиглах хэрэгтэй. Ядаж машинаа ундны усаар угаамааргүй байна. Өнөөдөр яах вэ, бид цэвэр, цэнгэг усаа ууж, асгаад амьдарч болно. Бид усаа гамнах хэрэгтэй. Орон сууцны айлууд гэхэд бие засах газрын ус нь үргэлж урсаж байдаг  гэх юм уу янз бүрээр усыг хайр гамгүй хэрэглэдэг. Харин сүүлийн үед уул уурхайн компаниуд усыг хайр гамгүй хэрэглэж байна. Алтыг гэхэд маш бүдүүлэг аргаар олборлодог. Газар ухаад том ширхэгтэй алтыг авчихаад дараа нь жижиг алтаа усаар ялган авдаг. Үүнээс болж бид алтаа ч усаа ч сүйтгэж дууслаа. Уул уурхайн компаниуд ногоон ус, саарал усыг ашиглах нь чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд усаа газрын гүнээс авдаг. Гэтэл Туул голын  хөндийн элс хайргыг олборлож байгаагаас үүдэн газар доорх усны ууршилтыг нэмэгдүүлж байна. Манай гидрогеологичид усын нөөц бүрэлдэх талбайн зураг хийсэн. Усны нөөц бүрэлдүүлж буй уулын орой хэсэг газар гэсэн үг. Ойн модны навч  унаад дагтаршсан хөрс борооны  усыг өөртөө агуулж аажмаар усны нөөцийг тэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл ой байхгүй бол ус хадгалагдахгүй гэсэн үг. Иймд ой модтой алтны нөөц бүхий газарт ашиглалтын лиценз олговол бид усгүй болно гэсэн үг” гэв.  1990 оноос өмнө цасыг хадлан бэлдэж байгаа юм шиг нуруулдаж бөөгнүүлээд дээгүүр нь юмаар хучиж хаврын цагт ашигладаг байсан тухай ярив. Н.Батсүх багш руу шавь нар нь чөлөө завгүй утасдах ажээ. Хөдөө орон нутагт судалгаа хийдэг шавь нараас нь эхлээд хэн хүнгүй л зөвлөгөө авах юм. ШУТИС-д 40 гаруй жил тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2005 онд тэтгэвэртээ гарсан ч одоо хүртэл сургуульдаа багшилж байгаа аж. Бид өглөөнөөс орой болтол хөөрөлджээ. Өглөөний намирсан бороо зогсож тэнгэр хангай цэлмэсэн байв.  
Бидний өнжсөн айлд  зээ нар нь хагас бүтэн сайн өдөр ирж дуу, хөөр баяр баясгалан болдог гэнэ. Охин Б.Сийлэгмаа нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг аж. Гэр бүлийн хоёр анх танилцаж байсан Аржанчивлан сувиллын газартаа очиж амрах дуртай гэсэн. Жил бүрийн оюутны өвлийн амралтын үед очиж хэд хоног амраад ирдэг байна. Харин зуны амралтаараа нөхөр нь судалгааны ажилд явчихгүй бол АНУ руу хоёр хүүхдийнхээ гэрт очдог байна. Орой болсон хойно өнжиж буй айлаасаа гарлаа. Гэрийн эзэд цэцэрлэгтээ салхилахаар хамт гарцгаасан юм. Ус судлаач Н.Батсүхийнд усан бороо хөшиг татан шивэрсэн өдөр өнжсөн тэмдэглэл ийм буюу.

Э.ХҮРЭЛБААТАР 
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *