Categories
мэдээ спорт

Г.Мандахнарангийн гавьяат цолны мялаалга болно

Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, Гуанжоугийн Азийн наадмын аварга Г.Мандахнаран шинэ оны өмнөхөн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан билээ. Тэрээр гавьяат цолны хүндэтгэлийн ёслол, мялаалгаа энэ сарын 31-нд “SS” клубийн их танхимд хийхээр болжээ. 

Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн түүхийг бичилцэж яваа энэ залуу бол манай чөлөөт бөхийн түүхэнд тасраад байсан ДАШТ-ий медалийг Будапештийн дэвжээнээс эх орондоо авчирч монголын эрэгтэйчүүдийн хөнгөн жингийнхэн дэлхийд данстай гэдгийг баталсан гавьяатай бөх юм. 

Тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Украйны Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялсанаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд о, дэлхийн аваргын хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж дараагийн барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж 2007 оны ДАШТ-д Б.Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлсэн юм. 

Спортын мэргэжилтнүүд түүнийг ирэх олимпоос медаль хүртэх боломжтой тамирчдын нэгээр нэрлэдэг. Г.Мандахнаран гавьяат цолны мялаалгынхаа урилгад “Соёмбо нь инээсэн төрийн далбаагаа наран дор гэрэлтүүлж, сод билэгт Монгол түмнээ дандаа баярлуулахыг хүснэм” хэмээн бичжээ. 

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *