ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Петербургийн форумын талаар “Монголын Ерөнхий сайд энд байна. Гадаа¬дын бусад зочид ч ирсэн. Дэлхийн ажил хэргийн хүрээний олон хүн энд байна” гэж хэлснийг нь эдийн засгийн чуулганы эхний өдөр Оросын бүх хэвлэл эш татан мэдээлэв. Украины хямралын улмаас барууны ертөнцийн хориг саадтай тулгарч, Хятад, дорно зүгт худалдаагаа эрс өргөтгөж эхэлсэн оросууд аль улсын хэн ямар түвшинд ирэв гэдэгт маш их ач холбогдол өгдөг болсон, урьд өмнөхөөс эрс мэдрэмтгий байна.
Оросоос 400 тэрбум долларын байгалийн хий авах гэрээ байгуулж, зөвхөн ирэх онд 100 тэрбум ам.долларын арилжаа хийхээр болж дорно зүгээс “нар тусгаж” байгаа Хятадын төрийн зөвлөлийн тэргүүн дэд дарга Ли Юаньчао, Оросын эртний уламжлалт Сербийн Ерөнхийлөгчөөс гадна шинэ “торгон зам”-ын дундах газар зүйн онцгой давуу талтай Монголын Ерөнхий сайд форумд оролцож, ноён Путинтэй уулзсан нь тэдний хувьд урдаа барьж нэрлэх хүндэт зочин болов. Оросын Ерөнхийлөгч Путин манай Ерөнхий сайдтай уулзахдаа “Та энд хүрэлцэн ирсэнд би маш их талархалтай байна” гэж хэлснийг Кремлийн албан ёсны мэдээнд дурджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтэй Шанхайд уулзаж, Орос-Хятадын өсөн нэмэгдэж буй худалдааны гол шугам нь Монголоор дайран өнгөрч буй төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих талаар ярилцсанаас хоёр хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр их далайн дундах эрдэнэсийн арал мэт байрлалын давуу талаа дахин нотоллоо. Оростой тогтоосон уламжлалт найрамдалт харилцаагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл бөгөөд хамтарсан үйлдвэр, төмөр замын ачаа эргэлтийг өсгөх, байгалийн хийн хоолойг ма¬найхаар дайруулбал маш идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв. Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хоёр хоногийн зайтай уулзалтаар төмөр замын эргэлтийг нэмэх, байгалийн хийн хоолойг манай нутгаар дайруулах саналаа Оросын тэргүүнд нүүр тулан тавьсан нь эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн эхний үед хийсэн том алхам болов. Хойд айлтай унтаа сэрүүний хооронд нэг хэсэг байсан харилцаа дахин сэргэлтийн үедээ энэ уулзалтаар эргэн орсон нь илэрхий боллоо. Халхголын дайны 75 жилийн ойн урилга буюу Путин Монголд айлчлах, хүлээлт дагуулсан, асар их боломж нээсэн байгалийн хийн хоолой манайхаар дайруулах шийдэл үндсэндээ тодорхой болсон байна. Н.Алтанхуяг форумын үеэр “Оросын төмөр зам”-ын В.И.Якунин, “Ростех”-ийн С.Чемезов нартай уулзлаа. Түлш шатахууны таван жилийн гэрээ байгуулагдав. Монголын агаарын тээврийн болон төмөр замын түлшний 80 хувийг дангаар хангадаг “Роснефть”-ийн Игорь Сечин шинэ дэд бүтцийн талаар тодорхой са¬налтай ирээд буцсан бол экс Ерөнхий сайд, Оросын ураны салбарын удирдагч Кириенкотой мөн уулзсан билээ.
ОРОСЫН НАЙДВАР АЗИ, ЗАМД НЬ ТОСОХ МОНГОЛ
Орос жилдээ Америктай 30 хүрэхгүй, нэгдсэн Европтой 400, Хятадтай 80 тэрбум долларын худалдаа хийж байна. Улс орноор нь авч үзвэл Оросын худалдааны хамгийн том түнш нь өнөөдөр ч Хятад. Ирэх онд 100 тэрбум, 2020 онд 200 их наядад хүргэж хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна. Гучин жилийн хугацаанд зах зээлийн үнээр худалдах байгалийн хийн гэрээ 400 тэрбум доллар. Дэлхийн ашиглагдаагүй нөөц баялгийн бараг гуравны нэг Сибирийн эрдэнэс Оросын шинэ боломж. Хойд, урд хоёр их айл байгалийн баялаг ашиглах, эрчим хүчний хамсал зохион байгуулах, хоорондын худалдаагаа долларын ноёрх¬лоос ангид рубль, юаниар хийх, дэд бүтэц, машин, ни¬сэх онгоцны аж үйлдвэр, ая¬лал жуулчлал, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн дэлхийд аваргад тооцогдох тө¬сөл, хөтөлбөрүүд эхлүүлж байна. Энэ бүхэн, манай хойд, урд хөршийн өсөн тэлэх худалдааны замд Монгол Улс байгаа нь ашиглаж чадвал алтан бололцоо. Их урсгалын дундаас ходоодныхоо хэ¬рээр хүртэх, том тогооноос халбагадахын төдийд хүн ам цөөтэй Монголд үүц болох юм. Монголд тусах үр өгөөж нь хүн ам, зах зээлийн хэмжээгээр Хятадын статистик хэдэн мянга, Оросын тоо хэдэн зуу дахин үржиж тусдаг нь ч манай давуу тал. Ойролцоогоор 55 тэрбум доллараар барьж байгуулах дамжуулах хоолой дэд бүтцийг Ковытка, Чаяндагийн орд газраас эхлэн Хятадыг зүглүүлэн тавих бүтээн байгуулалт баруун чиглэл нь Казахстан-Монголын дундах Оросын зурвас, дорнод шугам нь Манжуураар тойрохгүй шулуун дөт татвал манайхаар дайрч, өртөг, хугацаа, үр өгөөж нь илүү. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-аас хоёр их далайн дундах алтан арал байх шинэ боломж нээгдэж байна.
ХОТЯТ ЛИ РУССКИЕ?
Оросын хувьд Хятад, Ази, Энэтхэгийн зах зээлтэй хийх худалдаагаа улам тэлэх, бүх төрлийн зам, шугамаа өргөтгөх нь шинэ боломж юм. Барууныхан “Үндсэн хуулийн эсрэг хүчирхийллээр төрийн эрхийг авсан, хэт үндсэрхэг үзэл баримтлалтай хүчнийг эрх чөлөөний төлөө тэмцэгчид” гэж санхүүжүүлж дэмжсэн, Орос, Украины ах дүү ард түмний уг гарвал, түүх, соёл, өнөөгийн харилцан хамаарлыг бүрэн мэдэхгүй байна, Дорнод Украинд Оросын зөвхөн цэргийн аж үйлдвэрт зориулсан сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг 245 үйлдвэр ажилладаг. Тэдний бүтээгдэхүүнийг, тухайлбал Ми-8 нисдэг тэрэгний эд ан¬ги баруунд таарахгүй учир хэрэггүй, тэгээд олон мянган хүн ажилгүй, орлогогүй болж үүдээ барьж байна гэх зэргээр Путин форумын үеэр илүү чөлөөтэй мэдэгдэл хийсэн юм. Монголын хувьд хоёр том хөршийн их замын дундах байрлалаа “чулуу” болгох эсэх л илүү чухал байна.
Б.БОЛОР