Categories
мэдээ спорт

Хакухо Анандад нэг даваа “бэлэглэлээ”

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж байна.  Их аварга Хакүхо М.Даваажаргалыг лхагва гаригийн барилдаанд аз тааран унагасан сэкивакэ Гоэйдо өчигдөр /V.21/ шинэхэн их аварга Какүрюү М.Анандтай барилдан бараг л унагасан гэж харагдсан юм. Гэтэл унаж яваа Какүрюүгийн магэ буюу үснийх нь орой боолтыг Гоэйдо нэг атгаснаа тавив. Энэ бол хориотой мэх. Яагаад Гоэйдо унаж яваа бөхийн үсэнд хүрчихэв ээ? Ийм тохиолдолд аль нэгэн хажуугийн шүүгч гар өргөн, бүх шүүгчид дэвжээнд дээр гарч ирэн зөвлөлдөж шийдвэр гаргадаг. Гэтэл өчигдөр шүүгчдийн хэн нь ч гар өргөсөнгүй. Харин барилдааныг харж суусан их аварга Хакүхо гар өргөснөөр шүүгчид яах ч аргагүй зөвлөлдөж, ялалтыг Какүрюүд өглөө. Энэ бол их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийж ялагдал хүлээж байгаа анхны тохиолдол юм байна.
Нөгөө талаар мэргэжлийн сумогийн аварга бөх барилдааны алдааг олж харан, нутгийн дүүдээ алдаж болох байсан нэг давааг нь авчирч өгсөн нь энэ дэвжээнд тэр бүр гараад байдаггүй ховор тохиол билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *