Монголын үндэсний их сургуулийн оюутнууд болон “Энигма” компанийн төлөөлөгчид өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Жагсаалд “Байгаль дэлхийгээ хамгаалъя”, ”Төсвийн мөнгийг үргүй зарахаа больё” гэх уриа лоозон барьсан 100 гаруй оюутнууд оролцжээ.
Өнгөрсөн жилээс эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих нэрээр зам дагуух мод, сөөгийг гэмтээж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна хэмээн жагсагчид хэлж байв. Тэд уг ажлыг гүйцэтгэж буй “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна гэх тайлбарыг мөн өгч байлаа.
Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа жагсаалд оролцогчдын тавьж буй асуудлын талаар “Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. “Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо” гэв.
Э.Номин