Categories
мэдээ нийгэм

Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал их гарах болжээ


Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газар энэ сарын 02-16-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22676 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
 Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 45 буюу 59.2 хувь нь өвчний улмаас, 10 буюу 13.1 хувь нь боомилж, хоёр хүн мотоциклээс унаж, осгож 16 буюу 21.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 98 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 81 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын  17  дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 30 хүний амь биеийг авран хамгаалжээ. Тавдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай  “Барс-2” худалдааны төвийн Цайны газарт хийн түлшнээс гарсан галыг НОБГ-ын Аврах гал унтраах 18, 26, 10, 30 дугаар ангиуд худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх повьлионы дээвэр, хана шатаж байсныг  нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна. Мөн уржигдар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Хуучнаар Улсын их дэлгүүрийн баруун жигүүрийн 3-5 дугаар давхаруудын агааржуулалт, техникийн өрөөний 380 вольтын цахилгаан дамжуулах босоо цахилгааны утас шатаж байсныг онцгой байдлын албаныхан амжилттай унтраажээ. Аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
Харин Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 372 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 161, осол, зөрчлийн шинжтэй 211 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 40  бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад  29.8 хувиар буурчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *